Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 107А

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Отгончимэг (томилолтоор), шүүгдэгч А.Билгүүн, шүүгдэгч/ хохирогч Б.Бат-Эрдэнэ, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260), шүүгдэгч/хохирогч С.Жанцансэнгэ, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0578) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн, Тахилт овогт Баярмагнайн Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0874 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 23-3 тоотод оршин суудаг, УП93012037 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

2. Тахилт овогт Баярмагнайн Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 63-10 тоотод оршин суудаг, ФА94012010 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

3. Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгэ: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-8а тоотод оршин суудаг, ЙС95062913 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

1. Шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд иргэн С.Жанцансэнгэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2. Шүүгдэгч С.Жанцансэнгэ нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд иргэн А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Бат-Эрдэнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

2016 оны 3 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-8а тоотод буюу С.Жанцансэнгийн гэрт С.Жанцансэнгэ, түүний эхнэр Э.Эгиймаа, А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, Л.Наранбат нар 2.5 л хэмжээтэй хоёр сав шар айраг ууж согтуурсан байна. Улмаар 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед С.Жанцансэнгийн гэрийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар маргалдаж, харилцан зодолджээ. Энэ үед Б.Бат-Эрдэнэ гэрээс гарч ирэн зодооныг салгахаар тэдний дундуур орох үед С.Жанцансэнгэ Б.Бат-Эрдэнийг зодсон байна.

А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарын харилцан зодооны улмаас С.Жанцансэнгийн бие махбодод тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд шулуун синус, зулайн хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, доод уруулд шарх, баруун бугалга, мөр, дал, нуруу, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 6 дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Харин С.Жанцансэнгэ Б.Бат-Эрдэнийг зодож, түүний бие махбодод тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамар, хамрын зүүн сүвний доор, хүзүү, баруун шуунд зулагаралт, хамар, хүзүү, баруун бугалга, тохойн хонхорт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Билгүүн: Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд хэргийн талаар тодорхой мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч С.Жанцансэнгэ бид хоёр харилцан эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч/хохирогч Б.Бат-Эрдэнэ: Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Миний хувьд А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарын зодооныг салгах гэж байгаад С.Жанцансэнгэд зодуулсан. Гэхдээ би түүнтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч/хохирогч С.Жанцансэнгэ: Би мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би өөрт учирсан хохиролоо бүрэн авсан, Б.Бат-Эрдэнэд учруулсан хохирлыг бүрэн төлсөн бөгөөд бид хоорондоо эвлэрсэн. Одоо бид гурвын харилцаа хэвийн болсон гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1021 дугаартай хэргээс)

Хохирогч С.Жанцансэнгийн өгсөн: ...Миний санаж байгаагаар 2016 оны 3 дугаар 18-ны орой 23 цагийн үед манай найз Билгүүн миний дугаар руу залгаад танай гэрт яваад очъё, чамаас өөр хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би хариуд нь манай гэрт эхнэр, хүүхэд, эхнэрийн төрсөн эгч Энхмаа нар байна чи өөрөө мэдэхгүй юу гэж хэлээд утсаа тасласан. Хэсэг хугацааны дараа Билгүүн, Бат-Эрдэнэ, Наранбат гурав манай гэрт ирсэн. Тэр гурав 2.5 литрийн хоёр сав шар айраг авчирсан. Манайд ороод хоёр сав шар айрагныхаа нэгийг задлаад, Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ бид 4 хувааж ууцгаасан. Тэгээд тэр шар айргаа дуусч байх үед Билгүүн над руу хандаж гуйлгачин минь чи битгий сонин зан гаргаад байгаарай энэ тэр гээд элдвээр доромжлоод байхаар нь би хариуд нь чамаас юу гуйсан юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдах янзтай болоод гэрийн гадна тамхи татаад зогсож байтал манай эхнэр Эгиймаа гарч ирээд та хоёр гэрт ор яагаад маргалдаад байгаа юм бэ, нялх нойтон хүүхэд байхад чинь гэж загнаад Билгүүн бид хоёрыг гэрт оруулсан. Тэгээд гэр рүү ороод Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ бид дөрөв юм ярьж суунгаа үлдсэн нэг сав шар айргаа задлаад хувааж уусан. Энэ шар айргийг хувааж уусны дараа Билгүүн бид хоёр дахин гэрээс гарч хоорондоо маргалдан хашаанаас гарч манай хашааны доод талд байрлах Гурван товх хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд нь очоод хоорондоо элдвээр маргалдаж байгаад би тэсэлгүй эхлээд Билгүүний чээж рүү нь нэг удаа түлхсэн. Тэгтэл хариуд нь Билгүүн миний зүүн шанаа руу баруун гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед Билгүүн бид хоёр шууд барьцалдаж аваад хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгтэл миний хажуу талаас Бат-Эрдэнэ гүйж орж ирээд миний мөр рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь Бат-Эрдэнийг зөрүүлээд шанаа руу нь нэг удаа цохьтол мөн адил Бат-Эрдэнэ над руу дайраад нүүр рүү цохиж эхэлсэн. Тэр үед Билгүүн миний араас толгойн ард хэсэг рүү цохиж байсан. Тэгээд байж байтал Бат-Эрдэнэ миний араас барьж байхад Билгүүн намайг өшиглөж, хоёулаа нийлж газар чирсэн. ...Наранбат зодоонд оролцоогүй, Гурван товх нэртэй хүнсний дэлгүүрийн шатан дээр зогсож харагдсан... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

Хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: ...Миний санаж байгаагаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед найз Жанцансэнгэ, Билгүүн, Ганбаатар бид 4 PC тоглож байгаад 23 цагийн үед тоглоомын төв хаахаар нь гэр, гэр рүүгээ харихаар салцгаасан юм. Тэгээд би Билгүүний гэрт очоод байж байтал Жанцансэнгэ залгаад би 2 шар айраг авчихлаа манай гэрт хүрээд ир гээд дуудахаар нь Билгүүн бид 2 хүнсний дэлгүүр ороод 1 том савтай шар айраг аваад замдаа Наранбаттай тааралдаж, гурвуулаа болоод Жанцансэнгийн гэрт очсон юм. Тэднийд очиход Жанцансэнгэ, түүний эхнэр, эхнэрийнх нь эгч гэх эмэгтэй шар айраг ууцгаагаад сууж байсан. Тэгээд бид бөөнөөрөө нийлж суугаад Жанцансэнгийн гэрт байсан шар айраг болон бид гурвын авч ирсэн шар айргуудыг уунгаа гарч, ороод байж байтал Билгүүн Жанцансэнгэ хоёр гэрийн гадна тамхи татаад үлдсэн. Тухайн үед би гэрт нь ороод Жанцансэнгийн эхнэр болон Наранбаттай юм яриад сууж байтал Жанцансэнгийн эхнэр цаад хоёр чинь яав аа, яагаад орж ирэхгүй байна гэхээр нь гараад хартал хашаанд байхгүй байсан. Тэр үед би хашаанаас нь гараад хартал доод талд байрлах дэлгүүрийн гадна талд хоорондоо муудалцаад хоёулаа чээж нүцгэн байдалтай харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёр руу явж очоод Билгүүнийг айлд ирчихээд яагаад байгаа юм бэ гэж хэлээд Билгүүнийг зүүн гараараа гэдрэг түлхчихээд Жанцансэнгийг одоо тайвшир хөгшөөн гээд урдаас нь тэврээд автал Жанцансэнгэ над руу хандаж чи муу лалар одоо яах гээд байгаа юм бэ, хэзээ ийм болчихсон юм бэ гээд 2-3 удаа мангасдаж түлхээд байсан. Тэгэхээр нь одоо боль хөгшөөн, юм уучихсан байна гээд хэлтэл миний нүүр рүү 3-4 удаа цохьсон. Тэгээд Жанцансэнгэ огт тайвшрахгүй миний цамцны захаар намайг боогоод цохиж байтал Наранбат салгаж аваад түүнийг холдуулсан юм. Тэгээд би Жанцансэнгийн гэр рүү орж нүүрэн дэх цусаа угаачихаад эхнэрийг нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би хашааны гадна буцаж гартал миний өөдөөс Билгүүн ирээд нөгөө Жанцансэнгэ чинь доошоо яваад өглөө хаашаа явж байгааг нь мэдэхгүй гэж хэлээд алхаж ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

Гэрч Э.Эгиймаа (шүүгдэгч/хохирогч С.Жанцансэнгийн эхнэр)-ийн өгсөн: ...Тэгээд орой 23 цагийн үед манай нөхөр Жанцансэнгэ гэртээ ганцаараа орж ирээд байж байтал манай нөхрийн гар утас дугарсан. Тэгтэл Бат-Эрдэнэ залгаж байсан. Утсаар ярьж байгаа нь Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ гурав ирэх гэж байх шиг байсан. Тэгээд удалгүй 20 орчим минутын дараа Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ гурав манай гэрт орж ирсэн. Тэр гурав 2.5 литрийн хоёр сав шар айраг барьчихсан орж ирсэн. Түүнийхээ нэгийг нь хүйтэн байлгаж байя гээд гэрийн хажууд гадна гаргаад тавьчихсан байсан. Тухайн үед Наранбат шүд өвдөөд гээд архи уугаагүй байсан. Харин Билгүүн, Бат-Эрдэнэ хоёр жаахан архи уучихсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би та хоёр архи уучихсан юм уу гэж асуутал Бат-Эрдэнэ харин тиймээ Наранбат уугаагүй бид хоёр ууж байгаад ирлээ гэж хариулж байсан. Тэгээд тэдний авчирсан эхний шар айргийг задлаад Жанцансэнгэ, Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ бид тав ширээ тойрч суугаад тойруулж уусан. Тэр үед Билгүүн, Бат-Эрдэнэ, Жанцансэнгэ гурав гэрээс гараад хашаан дотор юм яриад зогчихсон гэрт орохгүй байсан. Тэгэхээр нь би та гурав орооч ээ, ярих юм аа гэрт ороод ярь гэхэд тэр гурав гэр рүү орсон. Тухайн үед Билгүүн Жанцансэнгэ рүү хандаж ядуугийн зовлон шиг амьдардаг гэх утгатай зүйл ярих нь сонсогдсон. Тэр үед Бат-Эрдэнэ, Жанцансэнгэ хоёр гэрээс буцаж гараад чимээгүй алга болчихсон. Тэгэхээр нь би гайхаад гэрээс гараад доод талын цагаан дэлгүүрийн хажууд явж байхаар нь та хоёр хаа хүрээд явж байгаа юм бэ гэж хэлэхэд Бат-Эрдэнэ надад хандаж өө зүгээр зүгээр юм ярьж байгаан гэж хариулсан. Тэгээд хашааны үүдээр орох гэж явтал Билгүүн Жанцансэнгийг дагуулаад буцаад цагаан дэлгүүр тийш явсан. Тухайн үед би араас нь явах гэтэл Бат-Эрдэнэ би хойноос чинь яваад очъё, чи ороод байж бай гээд тэр хоёрын араас доошоо явсан. Би гэртээ ороод иртэл манай хүү сэрчихсэн уйлаад байж байхаар нь би хүүхдээ хөхүүлж байгаад нам унтчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байх үед сэрээд Билгүүн, Бат-Эрдэнэ нарын утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Наранбат руу залгатал утсаа авсан. Би Наранбатаас та нар чинь хаашаа явчихав аа гэтэл Наранбат би сайн мэдэхгүй байна, Жанцансэнгэ алга болчихсон гэж хариулж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),

Гэрч Л.Наранбат (шүүгдэгч нарын найз)-ын өгсөн: ...Тэр хэрэг гардаг өдөр найз Жанцансэнгэ Бат-Эрдэнэ, Билгүүн бид гурвыг манай гэрт жаахан буу халж сууя, хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд оройн 22 цагийн үед Бат-Эрдэнэ, Билгүүн бид гурав тэднийд очтол Жанцансэнгэ эхнэртэйгээ шар айраг уугаад сууж байсан. Тэгэхээр нь хамт суугаад шар айрагнаас нь хувааж ууж байтал Билгүүн, Жанцансэнгэ хоёр бие засна гэж хэлээд түрүүлээд гарсан. Тэр хооронд Жанцансэнгийн гэрт Бат-Эрдэнэ бид хоёр эхнэртэй нь юм яриад сууж байсан. Гэтэл Билгүүн, Жанцансэнгэ хоёр орж ирэхгүй нэлээд удсан. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр араас нь хашаанаас гарч хартал Жанцансэнгэ, Билгүүн рүү дайраад орилж байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр явж очоод яагаад байгаан, юу болоод байгаа юм бэ гэтэл Жанцансэнгэ, Бат-эрдэнэ рүү орилоод дайраад байсан. Тэр үед Бат-Эрдэнэ чи яагаад байгаа юм бэ, яасан юм бэ ярь л даа гэж асуутал өөдөөс нь дайраад байсан. Харин Бат-Эрдэнэ аль болох тайвшруулах гээд оролдоод байж байтал Жанцансэнгэ бага зэрэг тайвширсан. Тэгээд удалгүй гудамж уруудаад гүйгээд явчихсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. ...Миний харсанаар Билгүүн, Бат-Эрдэнэ нартай барьцалдаад  байсан. Тэр үед давхралдаж унаад байсан болохоор тухайн үед үүсгэгдсэн гэмтлүүд байх... гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4011 дугаартай: С.Жанцансэнгийн биед тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд шулуун синус, зулайн хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, доод уруулд шарх, баруун бугалга, мөр, дал, нуруу, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 6 дугаар шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3943 дугаартай: Б.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамар, хамрын зүүн сүвний доор, хүзүү, баруун шуунд зулагаралт, хамар, хүзүү, баруун бугалга, тохойн хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 34 дүгээр хуудас),   

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: ...Тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд шулуун синус, зулайн хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, доод уруул дахь шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлд чулуу, мод, гар зэрэг орно. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.Билгүүний яллагдагчаар өгсөн: ...Би энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хохирогч гэх С.Жанцансэнгэ нь биеийн массаар түрэмгийлэн надтай зодолдох гэж дайрч байсан. Тэгэхээр нь  би чээж рүү нь түлхэн зууралдаж урдаас нь тэвэрч байсан. Надад цохьсон зодсон зүйл байхгүй учраас би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би сэжигтний мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхой ярьсан учраас надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэхдээ миний бодлоор Бат-Эрдэнэ бид хоёроос салж явахдаа халдлагад өртсөн байж магадгүй..., ...хэрэг гарсан газар Наранбат, Бат-Эрдэнэ, Жанцансэнгэ бид дөрвөөс өөр хүн байгаагүй, Наранбат гэрчилнэ..., ...Жанцансэнгийн биед яагаад гэмтэл учирсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 48 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:  ...Би болсон хэргийн талаар өмнө тодорхой ярьсан байгаа. Хэрэг гарах үед би Жанцансэнгийг тайвшруулах зорилгоор тэвэрч, өмдний тэлээ болон бүсэлхийнээс нь татаж чангаасан. Миний бодлоор Жанцансэнгийн биед учирсан гэмтэл нь зууралдаад ноцолдож байх үед үүссэн байх гэж бодож байна. Түүнээс биш миний хувьд ямар нэгэн санаа зорилго агуулаад түүнийг цохиж зодсон зүйл байхгүй..., ...хэрэг гарахын өмнөх өдөр нь PC тоглож байх үед Жанцансэнгэ, Билгүүн хоёр ундааны бооцоотой тоглоход Жанцансэнгэ хожигдсон юм. Билгүүн ундаагаа нэхтэл Жанцансэнгэ урдаас нь чи баянаараа авчих гэж хэлж байсан. Түүнээс болж янз бүрийн юм бодсон байж магадгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),

Шүүгдэгч С.Жанцансэнгийн яллагдагчаар өгсөн:  ...Манай хоёр найз буюу А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар намайг нийлж зодсон болохоор би өөрийгөө хамгаалахын тулд найз Б.Бат-Эрдэнийг зодож бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм. Тухайн үед хэрэг болох цаг хугацаанд хоёр найз маань намайг гараараа цохиж, өшиглөж, газар унагаагаад чирж байсан болохоор миний уур их хүрч байсан. Тэгээд яахын аргагүй хариу үйлдэл хийж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм. Би дээрх үйлдлийг санаатай хийгээгүй харилцан зодолдох явцад Бат-Эрдэнэд гэмтэл учирсан байх... гэх мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт нь бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Жанцансэнгийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шинэ баримт буюу 6 ширхэг гэрэл зураг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримт биш тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлсэнгүй. Мөн уг гэрэл зураг дахь гэмтэл, шарх нь шинжээчийн дүгнэлтээс зөрүүгүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтаар шалгуулах шаардлагагүй гэж үзлээ. Харин С.Жанцансэнгэ шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөх, асуултад хариулахдаа болсон үйл явдлыг сэргээн санах зорилгоор тэдгээр гэрэл зургийг ашигласан болно.

Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул  тэдний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Нотолгоо ба няцаалтын талаар:

Улсын яллагч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгчдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар нь С.Жанцансэнгийг бүлэглэн зодсон нь гэрч Л.Наранбат, шинжээч эмч Ч.Эрдэмболор нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн нь дараах байдлаар няцаагдаж байна. Үүнд:

Хохирогч С.Жанцансэнгэ нь ...А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар намайг бүлэглэж зодсон... гэж мэдүүлдэг. Гэтэл С.Жанцансэнгийн ...би нэг мэдсэн чинь өвөөгийндөө очсон байсан..., зарим үйл явдлыг санахгүй байна... гэсэн мэдүүлгээс дүгнэвэл тэрээр хэргийн үйл баримтыг бүрэн санаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Билгүүн, шүүгдэгч/хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч Л.Наранбат нарын хэн аль нь ...Б.Бат-Эрдэнэ С.Жанцансэнгийг зодоогүй, харин зодооныг салгах оролдлого хийсэн... гэж мэдүүлдэг.

Түүнчлэн гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын үед өгсөн  ...С.Жанцансэнгэ шөнийн 04 цагийн үед орилчихсон, шоконд орсон байдалтай орж ирээд ээрч муураад намайг Билгүүн зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлгээс дүгнэвэл С.Жанцансэнгэ зодуулсныхаа дараа өвөөгийндөө очсон даруйдаа ийнхүү хэлсэн нь бодит байдалтай нийцэх бөгөөд хэргийн бусад нотлох баримттай тохирч байна.

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын ...Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна... гэх мэдүүлэг нь С.Жанцансэнгийн биед учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тодорхойлох боловч хэдэн хүнд зодуулснаас учирсан гэмтэл болохыг нотлохгүй байх тул улсын яллагчийн ялын шүүмжтэй агуулгын хувьд тохирохгүй байна.

Гэрч Л.Наранбатын өгсөн ...Жанцансэнгэ Бат-Эрдэнэ рүү орилоод дайраад байсан. Тэр үед Бат-Эрдэнэ чи яагаад байгаа юм бэ гэхэд өөдөөс нь дайраад байсан. Бат-Эрдэнэ аль болох тайвшруулах гээд оролдоод байж байтал Жанцансэнгэ бага зэрэг тайвширсан. Тэгээд удалгүй Жанцансэнгэ гудамж уруудаад гүйгээд явчихсан. Жанцансэнгэ нь Билгүүн, Бат-Эрдэнэ нартай барьцалдаад давхаралдаж унаад байсан... гэх мэдүүлэг (яллах дүгнэлтэд дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэсгээс) нь А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар С.Жанцансэнгийг бүлэглэж зодсон гэдгийг нотлохоос илүүтэйгээр С.Жанцансэнгэ Бат-Эрдэнэ рүү дайрч, довтлоод байсныг нотлож байна. Мөн гэрч Л.Наранбатын тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ...Тухайн үед Бат-Эрдэнэ Билгүүн, Жанцансэнгэ хоёрыг салгах гэж байсан, ...Бат-Эрдэнийн зүгээс Жанцансэнгийг зодсон үйлдэл байхгүй, ...Жанцансэнгэ Билгүүнд зодуулсандаа шаралхаад уурлаад байсан... гэх мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг илүү тодорхой болгосон тул улсын яллагчийн ялын шүүмж, прокурорын зүйлчлэл хэргийн жинхэнэ байдалтай тохирохгүй байна гэж шүүх үзлээ.

 Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт, нотолгоо ба няцаалтаас нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарыг тус бүрт нь бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 82, 119  дүгээр хуудаст тус тус авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар нь ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар тэдэнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч С.Жанцансэнгэ нь баримтаар өөрт учирсан хохирол болох нийт 609.900 төгрөгийг шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нараас, хохирогч Б.Бат-Эрдэнэ нь баримтаар өөрт учирсан хохирол болох нийт 80.000 төгрөгийг тус бүр нэхэмжилсэн байна. Энэхүү хохирол төлбөрийг харилцан төлж барагдуулсан, хоорондоо сайн дураар эвлэрсэн тухай баримтыг шүүх хуралдаанд бичгээр гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдлаа. 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, үүний хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нарт тайлбарлаж өгөв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 248 дугаар зүйлийн 248.1.1., 248.1.2., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн, Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгэ нарыг тус бүрт нь бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарт тус бүрт нь холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, энэ талаар оролцогч нарт мэдэгдэж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА