Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        Я.А*******ийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                          хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Б.Б*******

Нэхэмжлэгч: Я.А*******

Хариуцагч: Ш*******

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 822 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Я.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0672/З  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч Я.А*******аас, Ш*******д холбогдуулан “Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэг хэсэгт заасан тэтгэмжийг зөрүүг олгохгүй байгаа Ш*******ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 67.860.000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг олгохыг Ш*******д даалгуулах”-аар маргажээ. .

            Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 822 дугаар шийдвэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш*******ийн нэхэмжлэгчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Я.А*******ид 67.860.000 төгрөгийг олгохыг Ш*******д даалгаж шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш*******ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

3.2. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна.

3.3. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04” дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: -Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын  зэргийн нэмэгдэл:

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

3.4. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

3.5. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин..." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

3.6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Ш*******өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. .

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Я.А*******аас Ш*******д холбогдуулан нэхэмжлэгчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 68.860.000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг олгохыг Ш*******д даалгах нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Я.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

3. Ш*******ийн даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн 104,400,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс “тэтгэмжийн зөрүүг олгуулахаар” Ш*******ийн даргатай 2022 оны 9 дүгээр сард биечлэн уулзахад дээрх асуудлаар Ш******* хуралдаад “шүүхээр асуудлаа шийдвэрлүүл” гэсэн шийдвэрийг гаргасан талаар хариу өгсөн, Ш*******ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/755 албан бичгээр нэг удаагийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяалах шатны шүүхэд хандах боломжтой гэсэн хариу өгсөн, мөн түүний Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8934 дүгээр шүүгчийн захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гардаж аваад шүүхэд хандсан гэж тайлбарласан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

5. Нэхэмжлэгчээс “Ш******* нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо зөвхөн шүүгчийн албан тушаалын цалингаар тооцож олгож байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулаад байна. Учир нь миний бие шүүгчээр ажиллаж байх хугацаандаа үндсэн цалингаас гадна онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасны нэмэгдэл зэргийг хууль тогтоомжийн дагуу авч байсан. Гэтэл дээрх цалингаар бус зөвхөн шүүгчийн албан тушаалын цалингаар тооцож байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “...хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж,

7. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан.

8. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилсан боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд дээрх заалтыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

9. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж хуульчилснаас үзэхэд шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалингаас гадна бусад нэмэгдлүүд багтаж байх бөгөөд тэтгэвэрт гарч байгаа шүүгчид 1 удаагийн тэтгэмж олгохдоо “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” тооцох учраас хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “тэтгэмжийг нэмэгдлийн нэг адил мөн л албан тушаалын цалингаас олгох ёстой” гэж үзэхгүй. Учир нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд албан тушаалын цалин, цалин хөлс гэх ойлголтыг ялгаатай зохицуулсан байна.

10. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор ялгаатай байдлаар заасан, өөрөөр хэлбэл шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн албаны тухай хуульд зааснаас илүү хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах нөхцөлийг тусгасан, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр нарийвчлан зохицуулсан.

11. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “...албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолоор шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг олгохоор тус тус тогтоосон байна.

 12. Иймд анхан шатны шүүхийн “шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд “сарын дундаж цалингийн хэмжээ” гэдэгт үндсэн буюу албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

13. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл,нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан, улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын Хоёрын 2.1.1 дэх заалтаар  ажилтны нэг сарын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцохоор журамласан.

14. Ийнхүү хуулиар нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний дагуу шүүгч нь сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарахдаа сонгон авах эрхтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах гэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагч Ш*******ийн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэг удаагийн тэтгэмжийн аль илүүг сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

                      ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН