Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00623

 

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00536 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 888 дугаар магадлалтай,

Ш.О-ийн нэхэмжлэлтэй,

“Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, Д.Санжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.О г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О миний бие Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.11.12-ны өдрийн Б/622 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилогдон 2018.11.13-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажил олгогч Эрдэнэс таван толгой ХК нь надтай байгуулсан 2018.11.12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж, 2019.05.06-ны өдөр 2019/71 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан юм. Уг гэрээний хүрээнд Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.05.06-ны өдөр Б/359 дугаартай тушаал гарч, компанийн Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаартай тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О-ийг ...2019.10.08-ны өдрөөс мөн оны 10.28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан... гэж үзэн ажлаас халсан тушаал гарсан.

Би тус компанид ажиллаж байх хугацаандаа өөрт оногдсон, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бодитойгоор хэрэгжүүлэн биелүүлж, ажлын байрны чиг үүргээ шударгаар гүйцэтгэдэг байсан бөгөөд 2019.10.04-ний өдөр, 2019.10.07-ны өдрүүдэд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа тодорхой цагаар гүйцэтгэх боломжгүй болж дээд шатны албан тушаалтан болох Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханаас цагийн чөлөө авч, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт биеийн эрүүл мэндээ үзүүлсэн. Улмаар эмчийн үзлэгээр түүнийг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөсөн бөгөөд маргааш өглөө буюу 2019.10.08-ны өдөр ажлаасаа дахин чөлөө авч, эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авч, эмчилгээ хийлгүүлсэн. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсноо ажил олгогчдоо тайлбарласан бөгөөд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг ажилд ирэхдээ авч ирэхийг анхааруулсан. Үргэлжлүүлэн хорооны өрхийн эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн магадлагаа авсан бөгөөд 10.25-ны өдрийг хүртэл сунгагдсан. Өөрөөр хэлбэл, 2019.10.08-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэх 15 хоногийн хугацаанд өвчтэй байсан нь баримтаар тогтоогдож байгаа. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаас болж уг эмнэлгийн магадалгаануудыг ажил олгогч талдаа хүргэн өгч чадаагүйгээс шалтгаалан ажил олгогчоос ийм тушаал гарсан байна. Энэ тушаалын талаар би огт мэдээгүй, байгууллагаас мэдэгдэлгүй 2019.11.01-ний өдөр шуудангийн байгууллагаас хүлээн авсан. Тийм учраас 2019.11.29-ний өдөр нэхэмжлэлээ бичиж, шууданд хийсэн, маргааш өдөр нь амралтын өдөр байсан, нэхэмжлэл шүүхэд 2019.12.02-ны өдөр очсон байгаа тул хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэлээ гаргасан.

Иймд өвчтэй байх цаг хугацаанд ажил, албан тушаал нь хадгалагдаж байх ёстой байтал ийнхүү ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019.10.29-ний өдрөөс эхлэн тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхүй байна. Ш.О нь Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Б/359 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаар Ш.О-ийг ажлаас халах тухай тушаал гарсан. Тус тушаал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О-ийн 2019.10.08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд 2 ба түүнээс дээш өдөр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон ажлаас чөлөөлөхөөр заасан. Харин Ш.О нь 2019.10.08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд нийт 15 өдрийн ажил тасалсан нь ажилтны ажлын цагийн мэдээ, ЗУХ гэсэн ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийн баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ 2019.10.08-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгүүлсэн гэсэн байна. Гэтэл гүйцэтгэх захирлын 2018 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг ажлын 5 хоногт багтаан захиргаа, удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ гэж заасан. Гэтэл Ш.О нь өнөөдрийг хүртэл Эрдэнэс таван толгой ХК-д ирүүлсэн баримт байхгүй. Түүнтэй утсаар холбогдох гээд чадаагүй, утас нь холбогдохгүй байсан. Тийм учраас захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан нь зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн.

Түүнээс гадна Ш.О 2019.07.31-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл авч байсан. Өөрөөр хэлбэл, ажлын байранд бусадтай бүдүүлэг харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн, энэ тушаалыг Ш.О тухайн үедээ мэдээд зөвшөөрөхгүй гэсэн боловч шүүхэд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Иймд сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа дуусаагүй байхад Ш.О нь 15 өдөр ажил тасалж дахин ноцтой зөрчил гаргасан байдаг. Түүний чөлөөтэй байсан гэх 3 дугаар эмнэлгийн болон Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлгийн магадлагаа нь эргэлзээтэй, магадлагаа олгох журам зөрчсөн байдаг. Журамд эмнэлгийн магадлагааг 3, 3 хоногоор сунгах, эмчлэгч эмчээс гадна ерөнхий эмч хянаж, тамга дарна гэсэн байдаг. Гэтэл Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлэг нь 7 хоногоор магадлагаа олгож, дахин 5 хоногоор сунгасан. Харин тус эмнэлгээс ирүүлсэн баримтаар Ш.О нь 3-н удаа л үзүүлсэн байдаг. Тийм учраас уг эмнэлгийн магадлагаагаар түүнийг хүндэтгэн үзэх шалтаантай байсан гэж үзэхгүй, уг магадлагааг ажлын газартаа огт ирүүлээгүй, утас нь холбогдохгүй байсан. Тийм учраас түүнийг ажлаас чөлөөлсөн 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаар тушаалыг шуудангаар, түүний гэрийн хаягаар хүргүүлсэн. Үүнийг Ш.О 2019.11.01-ний өдөр өөрөө гардан авсан байдаг. Үүнээс хойш 2019.11.30-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах байсан, гэтэл шүүхэд 2019.12.02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн нь харагдаж байна. Иймд манай байгууллагын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00536 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 140,400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгч Ш.О-т олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 888 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00536 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийг Эрдэнэс таван толгой ХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,452,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 172.2.1-д заасныг зөрчсөн. Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О-ийн 2019.10.08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан үйлдэл нь Ш.О-ийн 2019.10 дугаар сарын ажлын цагийн бүртгэлийн хуудас, ажлын цагийн гэнэтийн бүртгэлүүд, ажилтны сахилгын зөрчлийн хуудас зэргээр нотлогддог. Гүйцэтгэх захирлын 2018 оны А/468 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам”-ын 4.3-т “...Дараах нөхцөлд ажил тасалсанд тооцно...” гээд 4.3.1-д “...ажилтан ажилд ирэх, ажлаас тарах цагаа шалтгаангүйгээр бүртгүүлээгүй, эсхүл аль нэгийг нь шалтгаангүйгээр бүртгүүлээгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш удаа давтагдвал...” гэж заасны дагуу ажил тасалсанд тооцогдоно.

Ш.О-тэй 2019.05.06-ны өдөр байгуулсан 2019/71 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.4-т ”...Дор дурдсан зөрчлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална...”, 4.4.2-т “...ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил таслах...” гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Ш.О нь гүйцэтгэх захирлын 2018 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан “Компанийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.19-д “...ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг /лист/ ажлын 5 хоногт багтаан захиргаа, удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ...”, гүйцэтгэх захирлын 2018 оны А/468 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам”-ын 4.3-т “...Дараах нөхцөлд ажил тасалсанд тооцно...” гээд 4.3.7-д “...Чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас болон холбогдох бусад баримтыг журамд заасан хугацаанд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид ирүүлээгүй зэрэг болно...” гэж заасныг зөрчиж эмнэлгийн магадлагааг “Эрдэнэс-Таван толгой” ХК-д ирүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад өгсөн үйлдлээр нотлогдож байгаа юм.

          Ш.О нь гүйцэтгэх захирлын 2018 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан “Компанийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1-д “... ажилтан хууль тогтоомж, компанийн дүрэм, журам бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах...”, Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О-ийн ажлын байрны тодорхойлолтод “...2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага...” хэсэгт “....Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон холбогдох бусад дүрэм журам, горим, заавар...”, Ш.О-тэй 2019.05.06-ны өдөр байгуулсан 2019/71 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3-т ажилтны эрх үүрэг, 3.1.11-д “...хууль тогтоомж болон компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журамд заасан бусад эрх үүрэг...” гэж заасан компанийн дүрэм, журмыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй.

“Хасагт Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төв, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгээс олгосон эмнэлгийн магадлагаа нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн салбарын албан ёсны статистикийн мэдээ, тайлан гаргах, мэдээллэх журам”, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ыг зөрчсөн эргэлзээтэй баримт бөгөөд Ш.О-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралд “...гүйцэтгэх захирлын 2018 оны А/468 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам”-тай танилцсан, мэднэ...” гэж тайлбарласаар байтал давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс дээрх журмыг мэднэ гэж тайлбарласан ба шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш.О “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа,...2019.10.04-ний өдөр, 2019.10.07-ны өдрүүдэд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа тодорхой цагаар гүйцэтгэх боломжгүй болж дээд шатны албан тушаалтан болох Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханаас цагийн чөлөө авсан, эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авч, эмчилгээ хийлгүүлсэн, өвчтэй байх цаг хугацаанд ажил, албан тушаал нь хадгалагдаж байх ёстой байтал ийнхүү ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Ш.О-ийн 2019.10.08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил юм, хөдөлмөрийн гэрээнд 2 ба түүнээс дээш өдөр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон ажлаас чөлөөлөхөөр заасан...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ. Хоёр шатны шүүх “ажилтан ноцтой зөрчил гаргасан эсэх” талаар нотлох баримтыг өөр өөр үнэлснээс зөрүүтэй шийдвэрийг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2018.08.31-ний өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, 2018.12.20-ны өдрийн А/468 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой бөгөөд түүнд тулгуурлаж хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах учиртай.

Ажил олгогч Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.29ий өдрийн Б/843 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дүрмийн 9.5.3, 9.5.6, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 8.1.3, 8.3.1, 8.5, хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 4.1.3, 4.4.2-т тус тус заасныг баримтлан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гарган 2019.10.08-ны өдрөөс 10.28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан ноцтой зөрчил гарган хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Ш.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019.10.29ий өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Компанийн гүйцэтгэх захирлын 2018.08.31-ний өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д “...ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг ажлын 5 хоногт багтаан захиргаа, удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ”, 8 дугаар зүйлийн 8.3.1-д “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар...”, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.11-д “хууль тогтоомж болон компанийн дотоод үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг”, 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах”-аар заасан байна.

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүрэгтэй.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийхдээ үйл баримтыг буруу тогтоосныг хяналтын шатны шүүх зөвтгөж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.О нь 2019.10.08-ны өдрөөс 18, 2019.10.21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа авсан хэдий ч уг баримтаа ажил олгогч Эрдэнэс таван толгой” ХК-д хүргүүлээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр анхан шатны шүүх хуралдаанд “...Захиргаа, удирдлагын хэлтэст уг эмнэлгийн магадлагаанууд хүргэгддэг гэсэн журам байгаа ба үүнийг өөрөө ч гэсэн тайлбарласан. Мөн өөр нэгж байдаг гэсэн, энэ талаар би сайн мэдэхгүй байна. Магадлагаа нь захиргаа, удирдлагын хэлтэст очдог, би удирдлагад хэлсэн ба манай хамт олон мэдэж байгаа, тэгэхээр магадлагааны хугацаа дуусахаар ажил дээрээ очно гэж нэхэмжлэгч хэлдэг...” гэж гаргасан тайлбар, ажлын байрны тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч Ш.О-ийг Эрдэнэс таван толгой” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон ажлын цаг ашиглалтын журмыг мэдэхгүй, тэдгээрийг ажил олгогчоос танилцуулаагүй гэж дүгнэх боломжгүй.  

Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О-ийг өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байгаа гэдгээ ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, магадлагаа хүргүүлэх боломжгүй байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Иймээс нэхэмжлэгч Ш.О-ийг 2018.08.31-ний өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, 2018.12.20-ны өдрийн А/468 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цаг ашиглалтын журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзнэ.

Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2019.10.29ий өдөр Б/843 дугаар тушаалаар ажилтан Ш.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 888 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.13-ны өдөр төлсөн 39,000 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                   Д.ЦОЛМОН

                          ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЧИМЭГ

                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД