Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/738

 

 

 

 

 

 

 

 

    2022            6              08                                        2022/ШЦТ/738

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа 

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Д.ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Огийн Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0445 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдолын 3 дугаар гудамжны 14б тоотод бага насны хүүхэд болох 7 настай А.Мыг шалтгаангүйгээр толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 366А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Ц.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөрш айл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдолын 3 дугаар гудамжны 14б тоот хашаандаа тоглож байсан бага насны хүүхэд болох 7 настай А.Мыг шалтгаангүйгээр толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь насанд хүрээгүй хохирогч А.Мын “...Гадаа тоглож байсан чинь Ц ах хашаа руу орж ирээд ардаа мод нуучихсан байсан. Тэгээд миний толгой руу модоор эхлээд цохихдоо оноогүй. Дахиад цохисон чинь миний толгойноос цус гарсан. ...Тэр ах надад юм хэлээгүй, шууд цохисон. ...Ц ах ардаа мод нуусан байж байгаад намайг цохисон. Би модыг нь харсан. Ц ах согтуу байсан..” гэсэн мэдүүлэг /хх18/,

- гэрч .Аын “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд ...хашаан дотроо хүү ...М, ...М, ...М нарын хамт байж байсан чинь хажуу айлын Ц хашаагаар нуруугаа үүрчихсэн орж ирж байсан. Би орж байна даа гэж бодоод хүү Мын тоглоомон бууг нь засах гээд юм яриад байж байтал миний ард хүүхэд орилсон. Эргээд харсан чинь 7 настай хүү Мын толгой руу нь Ц модоор цохиод авсан. Хүүгийн толгойноос цус гарсан. Эхнэр цонхоор хараад байж байсан гээд гарч ирээд “хүүхэд аллаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх20/, эд мөрийн баримтаар хураагдсан мод, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2922 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “А.Мын биед тархины доргилт, зүүн зулай хэсгийн хуйхны няцарсан шарх гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх26/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн толгойн тус газарт нь модоор цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Бага насны хохирогч А.М нь хэрэг болсон цаг хугацаанд 7 нас, 1 сар, 7 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл /хх53/, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба шүүгдэгчийн хувьд хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр эрүүл мэндэд нь хохирол учруулсан тул гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзсэн нь зөв байна.

            6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч А.Мын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх ба шүүгдэгч шүүх хуралдаанд хохиролд 350.000 төлсөн гэснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Иймд шүүгдэгч Д.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг уртасгаж өгөх хүсэлт гаргасан болно.

10. Шүүгдэгч Д.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 см урт, 4.5см х 6см өргөн, 5 ширхэг хадаастай модыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Огийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  6 /зургаа/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 см урт, 4.5см х 6см өргөн, 5 ширхэг хадаастай модыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР