Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: С.Б, Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт С-ийн Б, Ш овогт Ц-ийн Б нарт холбогдох 2235000000073 дугаартай  эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 19-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй З овогт С-ийн Б /РД:ов80051914/,

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Ц-ийн Б /РД:ою97102017/.

Холбогдсон хэргийн товч утга:

 Шүүгдэгч Ц.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шодон усан” гэх газраас хохирогч Ц.Ц-ын 6 настай 1 тооны эм үхэр хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч С.Б, Ц.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шодон усан” гэх газраас хохирогч Ц.Ц-ын 6 настай 1 тооны эм үхрийг хууль бусаар, нууц далд аргаар авсан болох нь:

1. Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

2. Хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 онд тус аймгийн Улаангом сум 8 багийн нутаг дэвсгэр Шодон усан нэртэй газарт ирж буусан ба мал маллаж амьдардаг малчин өрх юм. Би 2019 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сум 8 багийн нутаг дэвсгэр “Шодон усан” гэх газраас 1 тооны улаан галзан зүсмийн 6 настай эх үхэр хулгайд алдсан юм. Миний үхэр тухайн үед өвөлжингийн буйр дээр хонож байсан. Миний хулгайд алдсан 1 үхэр нь зөв чих нь араас нь он имтэй, нүүр нь хэсэгтээ цоохор галзан үхэр байсан юм. Би тухайн 1 тооны үхрээ 2019 оны 10 сарын 19-нд өвөлжингийн буйр /Шодон усан/ дээрээс алдсан ба тухайн үедээ үхрээ хэдэн хоног хайгаад олдчих байх гэж бодоод хэд хоног хайж хугацаа алдсан учир цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Би 2019 оны 10 сарын 19-нд алга болсон 1 тооны үхрийг тус багийн иргэн С.Б /Э/ гэх иргэн хулгайлж авсан талаар би Б.Д гэх хүнээс сонссон юм. Уг Б.Д гэх хүнтэй С.Б гэх хүн ирж уулзчихаад манай алга болсон 1 тооны үхрийн үнэ төлбөрийг төлж барагдуулан гэж надтай ирж уулзаад явсан зүйл байгаа. Миний үхрийг С.Б, Эн Х  буюу Ц.Б гэх 2 хүн хулгайлж авсан юм билээ. Манайд ...Д хажуудаа Ө гэх хүргэнтээгээ хамт манай гэрт ирээд надад 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг өгөөд энэ мөнгийг Б, Б нар өгч явууллаа танай 2019 оны 10 дугаар сард хулгайд алдсан улаангалзан үхрийн үнэ төлбөр гэж хэлж өгсөн. Тэгээд би манай 2019 оны 10 дугаар сард хулгайд алдсан үхрийг Б, Б нар хулгайлсан гэдгийг мэдсэн тэгээд би хохирлоо бүрэн барагдуулж авсан болхоор одоо надад ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

3. Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2019 оны 10 сарын 19-ний өдөр тус сумын 8 багийн нутаг Шодон усан гэх газар манай өвөлжин дээр байсан үхэрнээс 1 тооны үхэр хулгайд алдсан юм. Манай уг алга болсон 1 тооны үхэр нь улаан галзан зүсмийн зөв чих араас нь он имтэй, 6 настай эх үхэр байсан юм. Б.Д гэх хүн 2022 оны 03 сарын 18-нд манайд ирээд жаал юм яриад сууж байхдаа би нэг ганц хэрэгтэй зүйл яръя. Танайх 2019 онд үхрээ алдсан биздээ танай улаан галзан үхрийг С.Б, Ц.Б нар хулгайлж авсан шүү. Би тухайн үедээ хэлж чадаагүй удсан юм гэж ярьсан ба тухайн үед хэлж ярьж чадаагүй учир дүүгээ уучлаарай цагдаад битгий хэлээрээ гэж ярьж байсан юм. Тухайн өдрөөс хойш 2022 оны 03 сарын 29-ний өдөр манайд дахин ирж танай алга болсон 1 тооны үхрийн талаар ярьсан нь С.Б нь Б.Д надтай ирж уулзаад намайг дарамтлаад явсан учир танай үхрийн үнэ төлбөрийг би төлөөд өгмөөр байна та нар цагдаад битгий хэлээч гэж ирж уулзсан юм. Манай алга болсон 1 тооны үхрийг С.Б, Ц.Б нар хулгайлж авсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

4. Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Тэс суманд 1985 онд төрсөн ба 2002 онд тус аймгийн Улаангом сумын 8 багийн нутаг Хөндлөн буюу Шар гэсэн нэртэй газар шилжин ирж мал маллаж амьдарч байна. Би эхнэр 5 хүүхдийн хамтаар тухайн нутагдэвсгэртамьдаоч байгаа болон хар бага наснаасаа мал маллажамьдарч байгаа юм. Манай үхэрт 2019 оны 10 сард цас ороогүй байсан үед нүүр цоохор болон улаан галзан зүсмийн эм үхэр ирж нийлсэн ба манайд 2 хоног хоносон ба манай хөрш зэргэлдээ айл болох С.Б /Э/ манайд ирж хүнээс худалдаж авсан үхэр танай үхэрт нийлсэн байна гээд хүрэн зүсмийн морьтой ирээд аваад явсан юм. Өөр ямар нэг үхэр мал ирж нийлсэн зүйл байхгүй. Манай үхэр тухайн үед болон 2019 оны 10 сард тус Улаангом сум 8 баг Шар гэсэн нэртэй газарт байхдаа Хөндлөнгийн гол дагаж бэлчдэг ба үхрийн бэлчээрээр Т, Ц, С.Б, Ц.Б нар нутаглаж байсан юм. Уг улаан галзан зүсмийн үхрийг С.Б ганцаараа ирж авсан ба уг үхрийг авч явах үед миний хажууд ямар нэг хүн байгаагүй. С.Б манай гэрээр ороогүй шууд гэрийн гаднаас үхрийн хотноос аваад явсан юм. Уг улаан галзан зүсмийн үхэр хойд хөл нь доголчихсон байсан юм. Өөр ямар нэгэн содон шинжийг сайн анзаарч ажиглаагүй юм. С.Б гэх хүн манай хотноос улаан галзан зүсмийн эм үхрийг ирж авахдаа алж зарах гэж байна намайг завтай бол ирээд алалцаад өг гэхэд нь би хэсэг хугацааны дараа араас нь С.Б гэх хүний гэрт очиход уг хүний гэрийн урд талд Ц.Б, С.Б нартай уг үхрийг алаад янзалаад дуусаж байхад С.Б-ийн ах нь Улаангом сумаас пробох нэртэй номер дугаарын сайн санахгүй байна саарал, цагаан өнгийн машинтай ирж махыг нь аваад явсан юм. Уг машинтай ирж мах авч явсан хүнийг С.Б миний ах гэж хэлж байсан би тухайн хүнийг танихгүй. ... Харин Ц.Б надад уг үхрийг нядалснаас хойш 10 хоног орчимийн дараа уулзаж ярилцахдаа манай багийн иргэн Ц.Ц гэх хүний 1 тооны үхрийг “Шодон усан” нэртэй газраас С.Б бид хоёр мориор хөөж авчирсан юм гэж надад хэлсэн юм. Уг нь нэг нутгийн хүмүүсийн мал байж муухай юм боллоо гэж ярьж байсан. Би тухайн үед уг үхэр хулгайн мал гэдгийг мэдээд айгаад хэлээгүй. ... Би саяхан 2022 оны 03 сарын 18-нд Ц.Ц гэх айлд ороод гарсан үедээ тухайн хүний улаан галзан зүсмийн үхрийг С.Б, Ц.Б нар хулгайлж авсан талаар хэлсэн юм... Манай гэрээс С.Б Ц.Б нар 2-3 км зайд байгаа. Саяхан 2022 оны 03 сарын 20-ний өдөр С.Б манай гэрт ирээд надтай уулзахдаа чи хүн амьтанд юу яриад яваад байгаа юм. Яс юман дээр чиний гэрийн гаднаас авч явсан чамайг би хамтад нь чирээд унан чи урд өмнө хэл амаар доромжилж байсан чи уг үхрийг хүн амьтанд хэлснээрээ чи өөрөө зохицуулаарай гэж дарамталж байгаад явсан юм. Надтай Ц.Б, С.Б нар чи эхэлж хүн амьтанд хэлсэнээрээр аргалаад мөнгө төгрөгийн төлчих бид хоёр ноос ноолуур гарахаар чиний мөнгийг буцаан өгч хохиролгүй болгож өгнө гэж ярьсан учир би хүнээс мөнгө зээлж Ц.Цт 1.500.000 төгрөг өгсөн зүйл байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22, 24 дэх тал),

5. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 онд байх манайх Увс аймгийн Улаангом сумын 8 багийн нутаг Шар гэсэн гэх газар байж байтал тухайн жилийн 10 сарын үед нэг өглөө босоод ирэхэд манай үхэр дотор нүүр хэсэгтээ олон цагаантай Улаан зүстэй эм үхэр ирчихсэн байсан тэр үхэр манай үхэр биш. Манай ойролцоо айлуудын үхэр биш байсан тухайн үхэр бага зэрэг доголчихсон үхэр ирж нийлсэн тэгээд тэр өдрөө манай үхрийн бэлчээрээр манай үхрийг дагаад өнжсөн тэр орой манай үхэр гэрийн гадна ирэхэд бас дагаад ирсэн тэгээд маргааш өглөө нь босоод харахад манай үхэрт ирж нийлсэн үхэр байхгүй байсан тухайн үед би хэн ирж авч явсныг Х гүй. 2022 оны 03 сарын 18-ны өдрөөс хойш манай нөхөр Б.Д надад хэлэхдээ 2019 оны намар манай үхэрт ирж нийлсэн цагаан цоохор нүүртэй улаан үхэр манай багийн иргэн Х  буюу Ц.Ц гэх хүний үхэр байсан байна тухайн үед хулгайд алдчихсан байсан байна. Би тэгээд Х  буюу Ц.Ц-т очоод хэлчихлээ танай хулгайд алдсан цагаан цоохор нүүртэй улаан үхрийг манай урд байдаг Э буюу С.Б, Х  буюу Ц.Б нар авсан, алж зарсан гэдгийг хэлчихлээ гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал),

6. Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 онд Б.Д-ий үхрийн захад улаан галзан зүсмийн хойд хөлөө сүдэг гишгэсэн үхэр байсан юм. Уг үхэр нь эм үхэр байсан ба уг үхрийн эргэн тойрны айл болох С.Б-т хэлж мэдээлэл тарааснаас хойш дахин тэр үхрийг олж Х гүй юм. Миний бодлоор 2019 оны цас ороогүй байсан үе 10 сард л харсан байх гэж бодож байна яг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

7. Гэрч Ж.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хадам ах Д манайд ирж хоноод маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бид хоёр манай багийн иргэн Ц гэх айлд очоод үхрийн үнэ 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

8. Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 сар байх өдрийг нь сайн санахгүй байна. Дүү Б-ийн гэрт эхнэр хүүхдийг нь хүргэж өгөхөд дүү хажуудаа хоёр залуугийн хамт үхэр гаргасан байсан. Би дүүгээс үхэр гаргасан юмуу гэхэд тиймээ богино хүнсэнд хэрэглэх гэж байгаа юм гэж хэлсэн. Намайг буцаад Улаангом сум руу явах болоход дүү энэ үхрийн махыг аймагт байгаа манай гэрийн хөргөгчинд хүргээд хийгээд өгөөч гэсэн. Би тухайн махыг хэлснээр нь хөргөгчинд нь хийсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

9. Увс Финанс Аудит ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 124 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 6 настай эм үхэр 900000 /есөн зуун мянган/төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54 дэх тал),

10. Увс Финанс Аудит ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дугаартай “2019 оны 10 дугаар сарын байдлаар Улаангом суманд 3 настай морь, даага хуучин эдэлж хэрэглэж байсан цэрэг хар эмээл болон морины дагалдах хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1,048,500 /Нэг сая дөчин найман мянган таван зуун/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59 дэх тал),

11. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манайх Улаангом сумын 8-р багийн нутаг Хөндпөнгийн хойд гол гэх газарт байсан бөгөөд би гэртээ ганцаараа архи уугаад халамцуу сууж байтал Б гэх залуу манайд ирсэн. Би түүнтэй хамт морьтой Хусны халх орчмын айлуудаар орохоор явж байгаад орой болсон тул хариу буцаад явсан. Шодон усны орчимд явж байтал нэг тооны үхэр таарсан. Тэр малыг хулгайлж туугаад хойшоо гол гаргаад Б салаад яваад өгсөн. Би үхрийг туугаад ойрхон байсан гэрийнхээ гана авч ирж сул орхиод гэртээ орж амарсан. Маргааш нь босоход тэр үхэр байгаагүй. 2 хоногийн дараа хөрш Д гэх хүнтэй уулзахад манай үхэрт нэг үхэр ирээд нийлчихлээ гэж хэлсэн. Би нөгөө үхэр мөн байна гэж таамаглаад тэднийхээс очиж үхрийг аваад гэрийн гадна авч ирж хонуулсан. Маргааш өглөө нь Б үхэр тууж яваад ирсэн, Д хонь тууж яваад таарсан тул тэднийг гуйгаад нөгөө үхрийг нядалж махыг нь үе мөчөөр нь эвдээд жижиглэж байтал эхнэр маань миний ахтай хамт Улаангомоос ирсэн. Б зөрөөд яваад өгсөн. Би ахын машинд 3 хөл орчим мах өгч өөрийн хөргөгчинд хийлгэхээр явуулсан. Үлдсэн махыг өөрөө идээд дуусгасан. Дараа нь хөргөгчөөс мах аа зөөж авч идээд дуусгасан. Бид хулгай хийх сэдэлгүй явсан. Айл хунараар орж архи уухаар явж байгаа орой босон тул буцаад явж байтал замд ганц үхэр тааралдахаар нь хулгайлж тууж яваад гол гаргаад гэрийн гадна авч ирсэн. Шодон уснаас манай гэр хүртэл 7-8км зайтай байдаг юм. Б хамт туулцаж яваад гол гатлаад надаас салаад харихаар явсан. Саяхан Д ирж уулзаад би Б та хоёрыг үхэр хулгайлж нядалсан талаар Бы амнаас сонсчихоод үхэрний эзэнд очоод хэлчихсэн гэж хэлсэн. Тэгээд би түүнд айл хошоо улс байж яах гэж хэлсэн юм гэхэд би тэр хүмүүсийг хохиролгүй болгож байя, та нар намайг хохиролгүй болгоорой гэж хэлсэн. Түүний дагуу Д тэр хүмүүст 1,5 сая төгрөг өгсөн. Би Б-тай хамтран 1,5 сая төгрөгийг нийлж Д-д төлж барагдуулсан. Би тэр үед хээр зүсний, хөндпөн дэгэрээ тамгатай, шүдпэн морьтой, гар хийцийн цэрэг хар эмээл, хазаартай явсан, Б хар бор зүсний эр даага уначихсан явсан, мөн адил гар хийцийн цэрэг хар эмээл, хазаартай явсан. мал нядлахдаа би өөрийн хятад хар иштэй хутга ашигласан. Миний тухайн үед унаж явсан морь 2021 оны 04-р сард өвчин өвчин туссан бололтой бэлчээрт үхчихсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

12. Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:" Тэр өдөр Бийн гэрт бүрэнхий болох гэж байхад очиход Б намайг хамт урагш яваад хэдэн айлаар оръё гэж хэлсэн. Би түүнтэй хамт урагш явж байтал харанхуй болж оройтсон тул хариу буцахаар болсон. Бид Шодон ус гэх газарт явж байтал нэг үхэр таарсан бөгөөд цаана үайлуу үхэр мөөрч сонсогдсон харагдаагүй хэдэн үхэр байгаа нь мэдэгдээгүй. Б энэ үхрийг аваад явчихъя гэж хэлээд тэр үхрийг бид хоёр морьтой тууж яваад Б-ийн урд талын гол гатлаад би салаад харихаар явсан. Б тэр үхрийг туугаад явсан. Түүгээрээ хэд хоног очихгүй байж байгаад нэг өглөө очиход Б нөгөө үхрийг гэрийнхээ гадна Д гэх хүний хамт нядалж байсан. Би очиж туслалцаад махыг нь эвдэж өгөөд явсан. Гэтэл саяхан Д малын эзэнд нь очоод Б, Б нар танай үхрийг хулгайлж нядалсан гэж хэлсэн юм байна лээ. Мал хулгайлах бодол байгаагүй. Айл хэснэ гэж дагуулж явааа буцахдаа үхэр тааралдахад Б энэ үхрийг туугаад явчихъя гэж хэлээд туусан. Тухайн үед мэдсэн эсэхийг мэдэхгүй. Өнгөрсөн намар би Д-тэй хамт архи ууж байгаад нөгөө үхрийг Б ахтай хамт Шодон уснаас хулгайлсан гээд хэлчихсэн юм. Гэтэл саяхан Д үхрийн эзэнд очоод хэлчихсэн байна лээ. Би бор зүсний эр даагатай явсан, гар хийцийн цэрэг хар эмээл, хазаартай явсан, Б шүдпэн адуу унаж явсан санагдаж байна. Даагыг өнгөрсөн намар хүнсэндээ хэрэглэсэн. Хохирогчид Д 1,5 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэр мөнгийг нь Дд Б бид хоёр нийлж төлсөн” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 84 дэх тал)-үүдээр тогтоогдсон байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч С.Б, Ц.Б нар нь хохирогчийн нэг тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчөөс далдаар, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан  тул  2019 оны 10 дугаар хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтооно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар 2019 оны 10 дугаар хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж өөрчлөн найруулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл үүсэхгүй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон хэдий ч энэ нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон боловч гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд  шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид бүлэглэн үйлдсэн гэж заагаагүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцно.

Иймд шүүгдэгч С.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад 1.500.000 төгрөг өгөөд энэ мөнгийг С.Б, Ц.Б нар энэ мөнгийг өгч явууллаа гэсэн. Үхрийн төлбөр гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал)-ээр шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б, Ц.Б нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.Б, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С.Б, Ц.Б нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б, Ц.Б нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 93, 94 дэх тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Б-ийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.М-ийн өгсөн: “Б нь зан араншингийн хувьд даруу үг дуу цөөтэй, хүнтэй тэр бүр яриа хөөрөө үүсгээд байдаггүй, архи пиво хааяа тохируулаад уучихдаг. Агсам согтуу тавиад байдаггүй, төлөв даруу зантай, хүлээцтэй тогтуун зан араншинтай, хүний үг даадаг, ар гэртээ халамжтай, хүнд тусархаг, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)-үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ц.Б-гийн хувийн зан байдлын талаар: Гэрч Н.Н-ийн өгсөн: “Б нь эцэг эхээс гурвуул бөгөөд айлын дунд хүү байгаа юм. Багаасаа хөдөө мал дээр өссөн, сургуульд суралцаагүй, бичиг үсэг мэдэхгүй, эцэг эхийн гар дээр өсөж насанд хүрээд цэргийн алба хаасан. Зан араншингын хувьд элдэв муу зуршилгүй, архи пиво уудаггүй, гадуур дотуур хэсээд яваад байхгүй, гэр зуур мал хариулж малын ашиг шимээр амьдралаа залгуулдаг. Ганц гэрээр нутагладаг, бие даасан амьдралтай, малч ухаантай, янз бүрийн муу зан байхгүй, хүнд итгэмтгий, хүүхэд зантай, хүнд тус болоод явж байдаг. Үгнээс гардаггүй зөөлөн томоотой зантай залуу байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)-үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1-т  зааснаар шүүгдэгч нарт тус бүрт нь 1 /нэг/ жил хорих ял  оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан С.Б, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарыг дахин нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, хөдөлгөөнийг хязгаарлаах зорилгоор ялтан С.Б, Ц.Б нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морьны үнэ 600.000 төгрөгийг, Ц.Б-гаас морьны үнэ 400.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч нарт ногдох хөрөнгөнөөс тус тус хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, эсгий тохиом, суран хазаарыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад улсын орлогод оруулах боломжгүй болж, хуучирч муудсан болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б, Ц.Б нарт  буцаан  олгож, хуванцар хар иштэй хутгыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч З овогт С-ийн Б, Ш овогт Ц-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Б, Ц.Б  нарт тус бүрд нь 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Б, Ц.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морьны үнэ 600.000 төгрөгийг, Ц.Б-гаас морьны үнэ 400.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч нарт ногдох хөрөнгөнөөс тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, эсгий тохиом, суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б, Ц.Б нарт  буцаан  олгож, хуванцар хар иштэй хутгыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т  заасныг баримтлан ялтан  С.Б, Ц.Б  нарт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Б, Ц.Б  нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ц.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ