Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр,

Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүххуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Т-ийн М-д холбогдох 2235000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 16-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, З овогт Т-ийн М /РД:ок88061619/.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Т.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг 2021 оны 11 дүгээр сард хохирогч Ш.Э-ын эзэмшлийн Samsung A10s загварын гар утас олж, кодыг гаргуулж найз Ч.А, С.О нарт ашиглуулж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Т.М-г бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг 2021 оны 11 дүгээр сард хохирогч Ш.Э-ын эзэмшлийн Samsung A10s загварын гар утас олж, кодыг гаргуулж авсан болох нь:

1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-7 дахь тал),

2. Хохирогч Ш.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өндөрхангай сумын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн эмч ажилтай. Би 2021 оны 11 сарын эхээр нөхөр М-ын хамт орой ажилын цаг дуусаад суманд байдаг найз нөхдийн гэрээр очиж цай уусан. Тэгээд найз Б-ийн гэрт ороод цай уугаан архи жоохон уусан тэгээд Ц найзын гэрт очих гэж байтал ажилаас хөдөөнөөс хүүхэд үзээлэх гэсэн юм гээд дуудлага ирсэн. Тэгээд тэр хүнийг ажил дээрээ очиж тэр хүүхдийг үзчихээд нөхөр М-ийг утсаар дуудаад намайг ирж авсан. Тэгээд бид хоёр найз Ц-н гэрт орой 20 цагийн үед очоод цай уугаад бага зэрэг архи уусан архи уугаад сууж байтал ээж М-ын утасруу залгаад намайг хурдан гэртээ хүрээд ир гээд дуудхаар нь би Ц-н гэрээс ганцаараа гэрлүүгээ явган явсан тэдний гэрээс гарахад би утасгүй байсан. Тэгээд гэртээ очоод өөрийнхөө утасаа шалгатал миний утас байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө гар утасруу охиныхоо гар утаснаас залгахад миний утас холбогдохгүй байсан. Тэгээд маргааш өглөө Ц-гаас өөрийнхөө гар утсыг асуухад манай гэрт чиний утас байхгүй байна. Чи манайд гар утасгүй орж ирсэн гэж хэлсэн. Би гар утасаа эмнэлэг дээр юм уу эмнэлэгээс гарч явж байх замдаа гар утасаа гээсэн байж магадгүй. Тэгээд тэрнээс хойш гар утасаа хайгаад олоогүй. Би 2021 оны 02 сарын эхээр Улаангом сумын Мобикомын төв салбараас 6 сарын лизэнгээр самсунг-АЮс загварын хар өнгийн гар утасыг 486.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн гар утасын лизэнгийн төлбөр 2021 оны 08 сард дуусаж байсан. Би гар утасныхаа байршилыг тогтоолгох гэж сумын цагдаад гар утасныхаа емэйл хаягыг өгсөн. Миний гар утасны емэйл код 350918046237029 дугаартай байсан. Би өөрийн алга болсон гар утасаа авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

3. Гэрч Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 12 сард өөрийн бариж байсан iphone х-11 загсваырн утасныхаа дэлгэцийг эвчээд барих утасгүй байж байтал манай сумын иргэн У буюу Д гэдэг ах надад илүү утас байна чи түрдээ барьж байхгүй юу гээд Samsung А10s загварын хар өнгийн гар утасыг 2021 оны 12 сарын 05-нд надад өгсөн тэхээр нь өөрийн 96024298 дугаарыг хийж барьж байгаад 2022 оны 02 сарын дундуур буцаагаад тухайн Samsung А10s загварын утсыг У буюу Д гэдэг ахад өгсөн юм. У буюу Д манай сумын ах зүгээр нэг нэгнээ танидаг ах байгаа юм аа. Манай сумыхан У Д гэж дууддаг юмаа би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Д Өндөрхангай суманд хөдөө малчин хийдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. Гэрч О.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү М 2021 оны 12 сарын эхээр гар утас олж авсан гэж надад хэлж байсан. Тэгээд би 2021 оны 12 сарын эхээр биезэ үзүүлэх гээд Улаангом сумруу явсан тэр үед мана йхүү намайг энэ утасны кодыг гаргуулаад иргээд өгч явуулсан юм. Би тэр утсыг ямар утас гэдгийн мэдэхгүй байна том дэлгэцтэй л утас байсан. Тэгээд Улаангом суманд ирээд манай хамаатны Б гэдэг айлд очиж хонохдоо тэдний хүүхдэд өгөөд энэ утасны кодыг гаргуулаад ир гэж хэлээд өгсөн юм. Тэгээд биеээ үзүүлчээд 2021 оны 12 сарын 04-нд сӨндөрхангай сумандаа ирсэн юм, Тэгээд тэр утсыг хүү М-д өгсөн тэрнээс хойш эмээ нь яасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

5. Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2021 оны Өндөрхангай сумын өвөл сумын төвд өвөлжсөн юм. Намайг манай сумыхан Д У гэж хожилдог юм. Тэгээд би 2021 оны 11 сард яг хэдний өдөр гэдгийн сайн санахгүй байна өглөө гэрээсээ гараад М гээд айлруу явган явж байсан юм. Тэгээд манай сумын тусгай хамлаалалтын газрын дарга Ц-гын гэрийн хорооллоор явж байтал газарт цасан дээр цэнхэр өнгийн самсунг-10 эс загварын цэнхэр өнгийн эрвээхэйтэй гэртэй гар утас олж авсан юм. Тухайн гар утас унтраалтай байсан ба гэртэй ирээд тухайн гар утсыг асааж үзэхэд гар утас кодтой байсан. Тэгээд манай ээж Н Улаангом сүмруу 2021 оны 12 сарын эхээр яваад тухайн миний олж авсан самсунг-АЮс загварын гар утасыг авч яваад утасны кодыг тайлуулаад аваад ирсэн юм. Тэгээд би тэр утсыг ашиглаагүй байж байтал удалгүй манай сумын А гэдэг залуу гар утсаа эвдчихсэн утасгүй байгаа гэхээр нь би надад нэг илүү гар утас байгаа гэж хэлээд тухайн гар утсыг 2021 оны 12 сарын 05-ны өдөр А түр өгч бариулсан юм. Тэгээд би А-аас 2022 оны 02 сарын дундуур цагаан сарын дараагаар өгсөн гар утсаа авсан. Тэгээд Улаанбаатар хот байдаг манай найз О би гар утасгүй болчихсон гэхээр нь би Улаанбаатар хотруу 2022 оны 02 еарын 13-ны үед Өндөрхангай сумаас Улаанбатар хотруу явж байгаа замын унаад тавьжөгч явуулсан. Тэгээд тэрнээсхойш О барьж байгаа (хавтаст хэргийн 26 дахь тал),

6. Шүүгдэгч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын төвөөс 70 км зайд Арснаг гэх нэртэй газар 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Манай эхнэр одоогоос 7 жилийн өмнө ходоодны хорт хавдараар нас барсан. Тухайн цагаас хойш би 2 хүүхдээ хүн хийж ганцаараа малаа маллаж амьдарч ирсэн. Одоо манай том охин 13 настай 6 дугаар анги, бага охин 2 дугаар анги 8 настай 100 орчим тооны мал маллаж амьдардаг. 2021 оны 11 сард сумын төвд гудамжинд явж байтал газарт тоос, шороонд дарагдчихсан цэнхэр өнгийн ухаалаг гар утас газарт хэвтэж байсан. Би тухайн утасыг аваад гэртээ очоод асааж үзэхэд кодтой байсан тул хувцасны цүнхэн дотроо хийгээд хадгалчихсан. Тэгээд тэр өдрөөс 1-2 сарын дараа Улаангом сум руу орохдоо зах орж гар утас засвар гэсэн хаягтай байранд орж утасны кодыг гаргуулан авсан. Тэгээд сумандаа ирээд гэртээ байж байтал манай найз, танил болох Ч.А утсаа эвдчихсэн илүү утас байгаа юу гэж надаас асуусан тухайн үед би надад нэг илүү утас байгаа чи түр барьж байгаад өгчих гээд олж авсан цэнхэр өнгийн гар утсаа өгсөн хэсэг барьж байгаад утастай болчихлоо гээд надад буцаагаад өгсөн. Удалгүй дахин манай найз О нь гар утас ажилахгүй байна гэхээр би надад нэг илүү утас байгаа гээд тухайн утасыг О-д бариулчихсан байхад манай сумын хэсгийн төлөөлөгч 4 сард намайг хүний гээгдэл эд хөрөнгө авчсан байна гээд О-аас утасыг авсан байсан. Би хохирогчид учирсан хохиролыг барагдуулж хэсгийн төлөөлөгч утасыг буцааж өгсөн. Би ямар нэгэн хуулийн мэдлэг байхгүй болохоор ямар нэгэн олдсон зүйлийг ашиглах нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

7. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаартай “Увс аймагт 2022 оны 4 дүгээр сарын байдлаар “Samsung A10s” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 350,000 /Гурван зуун тавин мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал)-ээр "Samsung A-10s" загварын гар утасны үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгожээ. 

Өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон байдаг. Олсон этгээд өмчлөгч, эзэмшигч буюу эзэн нь хэн  болохыг  мэдэгдэхгүй, эсхүл мэдэж ч байж болно.

Хохирогч Ш.Э нь өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас  өөрийн өмчлөлийн "Samsung A-10s" загварын гар утсыг сумын төвийн гудамжинд гээгдүүлснийг шүүгдэгч Т.М олж авсан тул уг "Samsung A-10s" загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

Завших үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр бүрдэл төгсдөг.

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.М нь энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ... гэж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг тодорхойлжээ.

Хохирогч Ш.Э-ын гээгдүүлсэн "Samsung A-10s" загварын гар утас 350.000 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 145  дугаартай дүгнэлт-ээр  тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн  4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, энэ зүйлийн тайлбар: -Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно,  5 дугаар зүйлийн 3-т Энэ хуульд заасан “нэг” нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус заасан тул 350.000 төгрөг нь бага бус хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Иймд шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд “Гар утсаа авчих юм бол надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), "Samsung A-10s" загварын гар утсыг хохирогч Ш.Эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),  хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэл дээр хохирогч өөрийн гараар гомдол санал байхгүй гэж бичиж тэмдэглэл (хавтаст хэргийн 77 дахь тал) үйлдэснийг тус тус үнэлэн шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй дүгнэв.

Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 45, 48-52 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.М-ын хувийн зан байдлын талаар Гэрч Н.Д-ийн өгсөн: “миний муу найз хар бор бүхий л ажил хийж, хоёр хүүхдээ тэжээж тэтгэх гэж өдий хүрч ирсэн. зан байдлын хувьд дөлгөөн, тайван зөөлөн сэтгэлтэй мундаг сайн аав, түүний охид ч ааваараа их бахархаж явдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), Гэрч Г.О-ийн өгсөн:зан байдлын хувьд дөлгөөн, тайван зөөлөн сэтгэлтэй мундаг сайн аав, манай нөхөр Д бид нар гэр бүлийн найзууд бөгөөд дандаа манайгаар орж гардаг, сайн танилууд нэгнээ сайн мэднэ, цөөхөн хэдэн найз нөхөдтэй, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) -аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Т.М-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдлыг нь тус тус харгалзан улсын яллагчтай тохиролцсон  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Т-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсунай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Т.Мд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Т.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ