Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/567

 

 

2022             07            04                                        2022/ШЦТ/567                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Г.Онон /томилолтоор/

            шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________  холбогдох эрүүгийн 2205007431366 тоот дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн _______ дүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө гудамжны __________ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, _______________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ________ нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах _______" нэртэй зочид буудлын 212 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч _________ эзэмшлийн Редми нөүт-9 загварын гар утсыг хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч __________  өгсөн:  “...Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найзуудын хамт хорооллын эцсийн Мотел нэртэй зочид буудлын 212 тоот өрөөнд шөнийн 01 цаг өнгөрч байхад ороод пиво уусан. Хэсэг пиво ууж байгаад манай найз ___________харьлаа гээд гараад явсан. Би буудлын өрөөнд Болороо гэх найз эмэгтэйгийн хамт үлдээд 03 цагийн орчим бид хоёр утсаараа дуу сонсож байгаад утсаа ширээн дээр тавиад унтсан байсан. Тухайн үед би өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиод унтсан байсан. Өглөө 07 цагийн үед би сэрээд утсаа хайтал миний гар утас алга болсон байсан. Миний гар утас Редми нөүт-9 загварын хөх өнгөтэй, дэлгэцийн доод буланд  бага зэрэг цуурсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Редми нөүт-9 маркын гар утсыг 320.000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар  хуудас/,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн  8-9 дүгээр хуудас/,

 мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би найзтайгаа хамт гэрт нь 0.5 литрийн Соёрхол нэртэй архи, 2 лааз пиво уусан. Удалгүй эгч нь гэртээ ирээд би харихаар болоод шөнийн 05 цагт архи үнэртүүлээд ахындаа орохоос санаа зовоод 2.5 литрийн том пиво аваад ганцаараа хорооллын эцсийн “Мотел” гэх нэртэй буудал руу орж хонохоор болсон. Буудлын төлбөр болох 40.000 төгрөгийг ресепшнд нь өгчихөөд 3 давхарт нэг өрөөнд орж пиво уунгаа утсаа оролдож байгаад гар утасны цэнэг дуусаж унтарсан. Өглөөний 06 цаг болж байхад гар утсаа асаах гэсэн боловч цэнэглэгч байхгүй байсан болохоор буудлын өрөөнд байгаа хүмүүсээс цэнэглэгч асуух гээд өрөөнүүдийн хаалгыг тогшиж үзээд нэг хаалга онгорхой байхаар нь өрөөнд нь ороход орон дээр нэг залуу унтаж байхаар нь утасны цэнэглэгч асуух гэж байгаад болиод гар утас харагдахаар нь аваад гарчихсан юм. Тэгээд өрөөндөө орж унтаж байгаад 11 цагийн үед сэрээд буудлаас гараад 21 дүгээр хорооллын нэг ломбарданд тухайн хүний гар утсыг 100.000 төгрөгөнд тавиад дахиж очоогүй. Би тухайн мөнгөөр өөрийнхөө хоол ундны хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,

-төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст  хэргийн 100 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,

-үл хөдлөх хөрөнгөтэй  эсэх лавлагаа /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

-иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 123, 127 дугаар хуудас/,

зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ______ нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “______" нэртэй зочид буудлын 212 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч _________ эзэмшлийн Редми нөүт-9 загварын гар утсыг хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах хэргийн үйл баримтууд тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай ...” гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч _______ шүүхийн хэлэлцүүлэгт: “...хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт “...орон байранд нэвтэрч үйлдсэн гэх үйлдлйиг эс зөвшөөрч байна. шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч 212 тоот өрөө рүү хулгай хийх гэж ороогүй. Миний үйлчлүүлэгч гар утасны цэнэглэгч хайж явсан. Мөн шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэгт өрөөний хаалгаа онгорхой орхиод унтсан гэж байсан. Шүүгдэгч мөн шүүхийн хэлэлцүүлэгт өрөөний хаалга нь онгорхой байсан тул цэнэглэгч асуухаар орсон гэж мэдүүлдэг. Хууль зүйн хувьд тухайн өрөөнд бусдын эд хөрөнгийг авах гэж нэвтрээгүй. Харин нэвтэрсний дараа үүссэн гэнэтийн санаа сэдлийг олж харахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл ил байсан гар утсыг хараад шүүгдэгчид хулгайлах сэдэл санаа үүссэн. Хохирогч Бямбадоржийн орон байрны халдашгүй байдал гэхээс илүү тухайн орон байранд түлхүүр тааруулсан, багаж хэрэглэсэн зэрэг байдлаар нэвтрээгүй, гол зорилго нь цэнэглэгч асуух гэж орсон ийм үйл баримт байгааг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспозици шинжийг хангаж байна. Харин мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хувьд сэдэлт,зорилго, гэмт хэргийн объектив, субъектив байдал зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тохирохгүй байна. Миний үйлчлүүлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр, сэжигтээр, яллагдагчар өгсөн бүх мэдүүлгүүд тогтвортой байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Мөн энэ хэрэгт нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Объектив, субъектив талыг хангахгүй байна. Хаалга онгорхой байсан уу гэвэл онгорхой байсан. Цэнэглэгч асуух гэж орсон. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн байцаалтад хохирогч __________  өгсөн:  “...Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найзуудын хамт хорооллын эцсийн Мотел нэртэй зочид буудлын 212 тоот өрөөнд шөнийн 01 цаг өнгөрч байхад ороод пиво уусан. Хэсэг пиво ууж байгаад манай найз Цолмонбаатар харьлаа гээд гараад явсан. Би буудлын өрөөнд Болороо гэх найз эмэгтэйгийн хамт үлдээд 03 цагийн орчим бид хоёр утсаараа дуу сонсож байгаад утсаа ширээн дээр тавиад унтсан байсан. Тухайн үед би өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиод унтсан байсан. Өглөө 07 цагийн үед би сэрээд утсаа хайтал миний гар утас алга болсон байсан. Миний гар утас Редми нөүт-9 загварын хөх өнгөтэй, дэлгэцийн доод буланд  бага зэрэг цуурсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Редми нөүт-9 маркын гар утсыг 320.000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар  хуудас/,камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн  8-9 дүгээр хуудас/,  мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “...буудлын төлбөр болох 40.000 төгрөгийг ресепшнд нь өгчихөөд 3 давхарт нэг өрөөнд орж пиво уунгаа утсаа оролдож байгаад гар утасны цэнэг дуусаж унтарсан. Өглөөний 06 цаг болж байхад гар утсаа асаах гэсэн боловч цэнэглэгч байхгүй байсан болохоор буудлын өрөөнд байгаа хүмүүсээс цэнэглэгч асуух гээд өрөөнүүдийн хаалгыг тогшиж үзээд нэг хаалга онгорхой байхаар нь өрөөнд нь ороход орон дээр нэг залуу унтаж байхаар нь утасны цэнэглэгч асуух гэж байгаад болиод гар утас харагдахаар нь аваад гарчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  39 дүгээр хуудас/, мэдүүлгүүдээр хулгайлсан үйлдэл нь давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ________ хувьд тухайн буудлын өрөөнүүдийн хаалгыг түлхэж үзэж байгаад түгжээгүй байсан хохирогчийн эзэмшиж байсан өрөө рүү хууль бусаар нэвтэрсэн буюу ямар нэг учрах саадгүй нэвтрэх боломжтой “________” зочид буудлын 212 тоот өрөөнд орж эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгчийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн үйлдэл хийсэн хэргийн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгь зааснаар хохирогчийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч ________ 320,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгч ******  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч __________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх санал,

 

шүүгдэгч  шүүх хуралдаанд:  “...тэнсэж өгнө үү... ” гэх санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч: “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй дуудсан цагт ирдэг зэрэг эерэг дүр зураг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу уг заалтыг хэрэглэж улсын яллагчийн санал болгож буй 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, хохирол төлбөр, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______ 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ******* сануулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ____________ 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э______________ мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ____________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ