Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/576

 

 

2022             07            05                                           2022/ШЦТ/576       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Б.Ууганбаяр        

  шүүгдэгч _______, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___________ холбогдох эрүүгийн 2205000001180 тоот дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, тодорхой оршин суух хаяггүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, _____________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч __________ нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “________” худалдааны төвийн 2 давхарт байрлалтай “А" нэртэй зоогийн газрын хаалганы цоожинд нь түлхүүр тааруулан нэвтэрч нийт 2.488.760 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өглөө ажлын байр болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уран ган худалдааны төвийн 2 давхарт байрлах цайны газарт 07 цагийн үед ороход эмх замбараагүй зүйл байхгүй мөртлөө 2 ширхэг нөтбүүк, 8 ширхэг ургамлын тос, 24 ширхэг 1.5 литртэй кола ундаа, газан плитка, сүүний машин, 2 ширхэг махны амтлагч, 3 ширхэг хуурай сүү 3 кг, 10 кг үхрийн цул мах, 2 ширхэг янта нэртэй майонез, их тайга цай 3 ширхэг, 2 гаазны очлуур зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Уран ган худалдааны төвийн 1 давхарт байрлах, хяналтын камерыг шүүхэд манай цайны газарт 10 хоногийн өмнө ажилд орж байсан. Эрдэнэчулуун гэх залуу 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед аваад гарч байгаа бичигдсэн байсан. Эрдэнэчулуун гэх залуу манайд ажилд орохдоо бичиг баримт байхгүй. Хөдөө байгаа учраас удахгүй авчраад өгнө гэж хэлж байсан. 20-25 орчим шардуу царайтай, баруун гарын шуу хэсгээрээ tseka erka гэсэн бичигтэй шивээстэй байсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манайхаас эд зүйл хулгайлсньг мэдээд найз охин гэх Зулаа гэх охинтой уулзаж Эрдэнэчулуунтай харилцуулж уулзахаар болж Улаанхуаранд очоод уулзах гэтэл зугтаагаад араас нь хөөцөлдөж барьж авч, хариуцсан алба хаагчид хүлээлгэн өгсөн. Би Эрдэнэчулуунаас яагаад ажиллаж байсан газраасаа хулгай хийж байгааг асуухад би тодорхой оршин суух газаргүй учраас хулгай хийсэн гэж хэлсэн. Манай хулгайлсан 2 ширхэг нөтбүүкээ монтелд зарсан гэж хэлсэн. Бусад эд зүйлийг дэлгүүрт зарсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

                 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Уран ган” худалдааны төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудас/,

 

                 “Уран ган” худалдааны төвийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

 

                 “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлсийг 2.488.760 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,

 

                 мөрдөн байцаалтад яллагдагч __________ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо уран ган худалдааны төвийн 2 давхарт байрлах зоогийн газарт ажиллаж байгаад 19 цагийн үед ажлаасаа ганцаараа гараад гадуур явж байгаад 20 цаг 45 минутын орчимд ажил дээрээ буцаж ирэхэд хүмүүс байхгүй байхаар нь өөрт байсан түлхүүрийг тааруулан зоогийн газарт орж хар өнгийн тошиба брэндийн хар өнгийн зөөврийн комьпютер 1 ширхэг залгуур цэнэглэгч, гарын хамт текэн дээр байхаар нь авсан. Мөн хажууд байсан улаан өнгийн дэлл брэндийн зөөврийн комьпютерыг цэнэглэгчийн хамт авсан. 8 ширхэг 1 литрийн Янта нэртэй ургамалын тос, 1.5 литрийн кола ундаа 1 хроп буюу 12 ширхэгийг авч үүрч явсан эрээн өнгийн цүнхэндээ 2 ширхэг нөтебүүкээ хийж авч гарсан. 2 гартаа хроп ундаа аваад эхлээд гарч ХУД-н 19-н үйлчилгээний төв дээр байдаг дэлгүүр 12 ширхэг 1,5 литрийн кола ундааг 24000 төгрөгөөр зараад буцаж ажилруугаа орж 8 ширхэг ургамлын тосыг авч дахин дэлгүүр орж 8 ширхэг янта тосыг нэг ширхэгийг 4000 төгрөгөөр бодоод нийт 8 ширхэгийг 32000 төгрөгөөр зарсан. Нийтдээ 56000 төгрөгтэй болоод 2 ширхэг нөтебүүкээ аваад 19-н үйлчилгээний төвд байрлах Лоф нэртэй интернэт тоглоомын газарт хоноод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед Монтел худалдааны төв орж замын урд талд байрлах лангуутай гар утас засварын хүнд хар өнгийн тошиба брэндийн нөтебүүкийг 75000 төгрөгөөр цэнэглэгчийн хамт зарсан. Улаан өнгийн дэлл брэндийн нөтебүүкийг цэнэглэгч болон гарны хамт цэнхэр өнгийн Хулан 21 плас маркийн гар утсаар утасны   эмэгтэй ченжтэй сольсон ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

-иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/

 

2020 оны 4 сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/700  дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-н шинжээчийн дүгнэлтэд: Зах зээлийн судалгааг 2022 оны 03 сарын байдлаар Улаанбаатар  хотын “Барс” худалдааны төвөөс авсан бөөний үнэ, Unegui.mn сайтаас  авсан үнэ судалгааны материалд  үндэслэн хийж дундаж  үнээр  тооцож  тогтоосон, эд зүйлсийн бодит үнэ цэнийг 2,488,760 төгрөг байх боломжтой  гэх тайлан /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч _______ нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” худалдааны төвийн 2 давхарт байрлалтай “А" нэртэй зоогийн газрын хаалганы цоожинд нь түлхүүр тааруулан нэвтэрч нийт 2.488.760 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч Э________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн зүйл анги болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

         мөрдөн байцаалтын шатанд хохирогч ________ өгсөн: “...би Эрдэнэчулуунаас яагаад ажиллаж байсан газраасаа хулгай хийж байгааг асуухад би тодорхой оршин суух газаргүй учраас хулгай хийсэн гэж хэлсэн. Манай хулгайлсан 2 ширхэг нөтбүүкээ монтелд зарсан гэж хэлсэн. Бусад эд зүйлийг дэлгүүрт зарсан гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  13-14 дүгээр хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Уран ган” худалдааны төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-49 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч Э.Эрдэнэчулууны өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо уран ган худалдааны төвийн 2 давхарт байрлах зоогийн газарт ажиллаж байгаад 19 цагийн үед ажлаасаа ганцаараа гараад гадуур явж байгаад 20 цаг 45 минутын орчимд ажил дээрээ буцаж ирэхэд хүмүүс байхгүй байхаар нь өөрт байсан түлхүүрийг тааруулан зоогийн газарт орж хар өнгийн тошиба брэндийн хар өнгийн зөөврийн комьпютер 1 ширхэг залгуур цэнэглэгч, гарын хамт текэн дээр байхаар нь авсан. Мөн хажууд байсан улаан өнгийн дэлл брэндийн зөөврийн комьпютерыг цэнэглэгчийн хамт авсан. 8 ширхэг 1 литрийн Янта нэртэй ургамалын тос, 1.5 литрийн кола ундаа 1 хроп буюу 12 ширхэгийг авч үүрч явсан эрээн өнгийн цүнхэндээ 2 ширхэг нөтебүүкээ хийж авч гарсан. 2 гартаа хроп ундаа аваад эхлээд гарч ХУД-н 19-н үйлчилгээний төв дээр байдаг дэлгүүр 12 ширхэг 1,5 литрийн кола ундааг 24000 төгрөгөөр зараад буцаж ажил руугаа орж 8 ширхэг ургамлын тосыг авч дахин дэлгүүр орж 8 ширхэг янта тосыг нэг ширхэгийг 4000 төгрөгөөр бодоод нийт 8 ширхэгийг 32000 төгрөгөөр зарсан. Нийтдээ 56000 төгрөгтэй болоод 2 ширхэг нөтебүүкээ аваад 19-н үйлчилгээний төвд байрлах Лоф нэртэй интернэт тоглоомын газарт хоноод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед Монтел худалдааны төв орж замын урд талд байрлах лангуутай гар утас засварын хүнд хар өнгийн тошиба брэндийн нөтебүүкийг 75000 төгрөгөөр цэнэглэгчийн хамт зарсан. Улаан өнгийн дэлл брэндийн нөтебүүкийг цэнэглэгч болон гарны хамт цэнхэр өнгийн Хулан 21 плас маркийн гар утсаар утасны  эмэгтэй ченжтэй сольсон ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, “Уран ган” худалдааны төвийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрсэн гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

                 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч _________ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

  Хохирлын талаар

 

Хохирогч _________ 2,488,760 төгрөгийн хохирол  учирснаас 1,188,760 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 1,188,760 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч ________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх....”гэсэн санал,

 

шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахыг хүсэхгүй байна. Дахин надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдаж, муу муухай амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Би ажид хөдөлмөр эрхэлж, зөв шударгаар сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Надад бага ял оногдуулж өгнө үү...”  гэсэн санал,

 

  шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруу дээр маргахгүй байна. Шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хохирол болох 1.188.760 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар түүнд оногдуулах ялын доод хэмжээг дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч өөрөө гэр оронгүй байсан гэх боловч 6 настайгаасаа эхлэн өнчирч асрамжийн төвд хүмүүжиж, 18 нас хүрээд өөр асрамжийн газарт очин 21 нас хүрч уг асрамжийн газраасаа гараад очих газар, мэргэжил, боловсролгүй, ямар ч бэлтгэлгүй нйигэмд гарч ирсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанууд байдаг. Хэдий энэ нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болохгүй ч хулгай хийх болсон шалтгаан нь энэ нөхцөл байдлаас үүдэлтэй байсан гэдгийг харж үзнэ үү. Шүүгдэгч өөрийн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулах хорих ялын доод хэмжээг дахин багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч _______  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3,4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 2/ хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч _____  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

   

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт зааснаар ____________ оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

    4. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 1,188,760 /нэг сая нэг зуун наян найман мянга долоон зуун жар/-н төгрөгийг гаргуулж, хохирогч _______ олгосугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ цагдан хоригдсон 98 /ерэн найм/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ