Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 897

 

МАГАДЛАЛ

 

2017.04.10                                                Дугаар 897                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00361 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдох,

Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь нэхэмжлэл гаргасан бөгөөд олон төрлийн итгэмжлэл гаргаж бидний эрхийг зөрчиж байна. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр хаяг итгэмжлэл олгосон он сар өдөр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ, Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан бөгөөд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн гэрийн хаяг дурдаагүй, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй байна.

Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортад үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гадаад паспортыг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна.

Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй, Япон улсын иргэн Монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын иргэн итгэмжлэлийг эх хэл дээрээ үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Болд овогтой          Оюу-Эрдэнэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй. Уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ганхөлөг нь нэхэмжлэлдээ гадаад паспортад үндэслэн итгэмжлэл олгосон гэжээ. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай өөрийн овог нэр бусад мэдээллийг дурдсан хангалттай. Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй. Мөн хавтас хэрэгт хавсаргасан нотлох баримт болох Токио хотод суугаа элчин сайд С.Хүрэлбаатар нь ГХЯ-ны консулын газарт ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цахим шууданд Япон улсын иргэний үнэмлэх гэж байдаггүй. Ургийн бичиг, жолооны үнэмлэх, гадаад паспорт нь үндсэн баримт бичиг болдог. Хүн бүрд жолооны үнэмлэх гадаад паспорт тэр бүр байдаггүй тул элчин сайдын яам аль байгаа баримт бичгийг үндэслэдэг гэж бичсэн нь заавал иргэний үнэмлэх гэж Монгол улсын хуулиар дурдсан баримт бичиг байхыг шаардахгүйг нотолж байна. Нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт Нотариатын тухай хуулийн 41 дүгээр заалтыг дурдахдаа Иргэний хуулийн 64 дүгээр 64.2.1, 64.2.2 т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэсэн хэсгийг оруулсан байдаг боловч энэ хэсэг нь зөвхөн хуулийн этгээдээс итгэмжлэл өгч байгаа тохиолдолд баримтлан заалт юм. Өнөөдөр бидний хэлэлцэж буй иргэний хэрэг нь хувь хүнээс хувь хүнд олгож байгаа итгэмжлэлийг хэлэлцэж буй тул 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтаас итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх 64.2.3 олгосон он сар өдрийг заах, 64.2.4 хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, 64.2.5 итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах зэрэг бүх хүчин төгөлдөр байхад шаардлагатай хуулийн шаардлагыг хангасан байна. Иргэн Нишино Ёошимасагийн гарын үсгийн илт зөрүүтэй байгаа талаар нэхэмжлэлдээ дурджээ. Элчин сайд С.Хүрэлбаатарын ирүүлсэн өмнөх 2 итгэмжлэлийн тухай дурдсан цахим шууданд тухайн иргэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 10 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг тус тус өөрийн биеэр ЭСЯ-д ирж хийлгэсэн тухай дурдсан бөгөөд үүнийг дээрх 2 итгэмжлэлийг олгох үед хийгдсэн орчуулга, мөн 10 дугаар сарын 25-ны өдрийн Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Нишино Ёошимасагийн гаргасан итгэмжлэлийг дэмжин зөвшөөрөх тухай тодорхойлолт, уг баримт бичигт зурсан гарын үсэг зэрэг нь нотолж байна. Гадаад паспортыг заавал ард нь хуулбарлах хуулийн шаардлага байхгүй, тусад нь баталсан ч тухайн баримт бичиг хүчинтэй байна. Үүнийг нотариатын үүрэг гүйцэтгэж буй консулын ажилтан, элчин сайд зэрэг эрх бүхий ажилтнууд бүгд нотолж байна. Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна гэж өөрийн бодлыг нэхэмжлэлд дурдсан үүнийг батлах ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэлийн 3 дахь нотариатын үйлдэл хийхдээ аль улсын хэл дээр үйлдсэн нь тодорхойгүй гэжээ. Иргэн Нишино Ёошимаса дээрх 3 итгэмжлэлийг олгож байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан, итгэмжлэл олгогдох бүрд орчуулга хийгдэж байсан нь нотлох баримтаар нотлогдоно. Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Нотариатын үйлдэл хийх баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна гэж хуульчилсан. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь Хилийн чандад ажиллаж байгаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл баримт бичгийг Монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулж өгч болно гэж заасан. Элчин сайд Хүрэлбаатарын 2016 оны 6 дугаар сарын 09, 10 дугаар сарын 06, 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлүүд нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар, Улсын их хурлаас баталсан Консулын дүрмийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр итгэмжлэл тул Б.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг баримтлан Монгол улсын Гадаад харилцааны яаманд холбогдох холбогдох Япон улсад суугаа Монгол улсын консулын 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагчийг солих эрх нь гагцхүү нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүх хариуцагчийг сонгох эрхгүй. Консулын газрын ажилтан төлөөлөгч байх нь хариуцагчийг солиход үндэслэл болохгүйг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарах биздээ.

Шүүхэд Гадаад харилцааны яамыг жинхэнэ хариуцагч болох Консулын газраар солих хүсэлтийг гаргахад шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, Гадаад харилцааны яаманд холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг солих нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зориг бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь шүүх уг хэргийн хариуцагчийг өөрөө сонгож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д зааснаар бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргахад уг хүсэлийг шийдвэрлэж захирамж гаргаагүй, ийм хүсэлт гаргахгүй эрхгүй гэж тайлбарлаж хурлыг шууд үргэлжлүүлж явуулсан нь тэмдэглэлээр харагдана. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөлгөөний шийдвэрлэхээр заасан байхад хэргийг шийдвэрлэж буй шүүгч хүлээн авахгүй гэж тайлбарлаж, эрх зүйн акт гаргахгүйгээр шийдвэрлэж байгаа нь процессын зөрчил юм. Шүүгч нарын зөвлөлгөөний эрхийг дангаар эзэмшиж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ганхөлөг нь хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдуулан нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шүүх татгалзлын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд хамаарах эсэхийг тодруулаагүй, татгалзлыг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтанд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх...” гэж давж заалдсан гомдол гаргасныг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр   сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                         

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                         ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ