Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0017

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр           Дугаар 128/ШШ2021/0017            Улаанбаатар хот

                            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д.х” ХХК

Хариуцагч:  ТӨБЗГ

Гуравдагч этгээд: “УБЦТС” ТӨХК

Нэхэмжлэлийн шаардлага: “ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд заагдсан “Д.х” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “Д.х” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Баруун түгээх төв”-ийн 31/02 тоот албан бичгийг хүлээн авсан.

Тус албан бичгээр Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороонд байрлах манай компанийн өмч цахилгаан хангамжийн 2*630 кВа дэд өртөө буюу ХТП болон түүний барилга, гадна цахилгаан кабель шугамыг баруун түгээх төвийн ашиглалтын өмчид бүртгэгдсэн болохыг мэдэгдсэн байсан.

Маргааны зүйл цахилгаан хангамжийн 2*630 кВа дэд өртөө буюу ХТП-г 2014 онд манай компани Драгон худалдааны төвийг ашиглалтад оруулснаар цахилгаан хангамжийн асуудалтай тулгарч өөрсдийн хөрөнгөөр цахилгаан хангамжийн өртөөг

барьж байгуулсан. Өндөр хүчин чадал бүхий тус дэд өртөөг байгуулсан үеэс манай байгууллага хий гүйлтийн улмаас цахилгааны зардал сар бүр ойролцоогоор 5,000,000 төгрөгийг төлөх болсон билээ.

Хий гүйлтийн улмаас сар бүр тогтмол гардаг өндөр зардлын асуудлыг шийдэх үүднээс байгууллагын өмчийн дэд өртөөг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүлээлгэн өгөх талаар саналаа хүргүүлсэн.

Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан бичгийг хүлээн авах хүртэл манай 2016 онд өгч байсан саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар амаар, бичгээр, цахим шуудан, утас зэрэг харилцаа холбооны аль ч хэлбэрээр хариу аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл манай байгууллага хий гүйлтийн өндөр зардлаа төлсөөр ирсэн. Зүй нь манай байгууллага өөрийн дэд өртөөгөө бусдад шилжүүлээгүй юм.

Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилчид бидний зөвшөөрөлгүй манай байгууллагын өмчийн хашааг давж орж дэд өртөөний хамгаалалтын 5 цоожийг эвдэж өөр цоожоор сольсон. Учрыг тодруулахад хариуцагч “ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үндсэн хөрөнгө бүртгэх, балансаас балансад шилжүүлэх тухай 550 дугаар тогтоолын 2-р хавсралтын 149 дэх хүснэгтэд манай Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо худалдаа үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийн 2*630 кВа хүчин чадал бүхий ХТП-г “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дансанд бүртгэгдсэн байна.

Манай компани өнөөдрийг хүртэл өөрийн өмчийн цахилгаан хангамжийн дэд өртөөг бусдад шилжүүлээгүй бөгөөд шилжүүлэхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.

ТӨБЗГ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 тоот тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх” журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ журмын 4.2-т заасны дагуу зөвшөөрөл авсан үл хөдлөх хөрөнгө болон бусад үндсэн хөрөнгийг хүлээн авч буй хуулийн этгээд нь тухайн хөрөнгийг ашиглалтад хүлээн авсан Улсын комисс (ажлын хэсэг)-ын акт, санхүүжилт хийснийг баталгаажуулсан эрх бүхий байгууллагын тооцоо, гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгсөн баримт дахь хөрөнгө тус бүрийн үнийн задаргааг харгалзан нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд зааны дагуу үнэлж бүртгэнэ гэж заажээ. Мөн журмын 4.2 дах хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, банкны зээл, хандив, тусламж. бэлэглэл, өр төлбөрт тооцсон үл хөдлөх хөрөнгө олж авбал тухай бүр ТӨБЗГ мэдэгдэж, уг хөрөнгийг холбогдох хууль тогтоомж журамд заасны дагуу бүртгэлд тусгах зөвшөөрөл авна гэж заажээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл манай байгууллагын өмчийн ХТП-тэй холбогдуулж тус журамд заасны дагуу өмч хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн Улсын комисс (ажлын хэсэг)-ийн акт гараагүй, үнэлж бүртгээгүй юм.

Мөн өрийн өмчийн хорооны 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ын 3-р зүйлийн 3.3-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах журмаар болон өөрөө бүтээж бий болгосон, хэрэгжиж дууссан төслөөс шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэх саналаа энэ журмын хоёрдугаар бүлэгт заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн Төрийн өмчийн хороонд ирүүлнэ гэж, мөн журмын 2 дах хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээд нь үндсэн хөрөнгө олж авах, худалдах, балансаас балансад шилжүүлэх, актлах тухай саналаа Төрийн өмчийн хороонд ирүүлэхдээ дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ" Үүнд:

 -  мэргэжлийн байгууллагын дүгнэлт, акт;

 -  эдийн засгийн тооцоо, үндэслэл;

 - балансаас балансад шилжүүлэх бол эзэмшигч болон шилжүүлэн авах хуулийн этгээдийн санал;

2.2-д Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ журмын 2.1-д зааснаас гадна доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  - эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх болон ашиглуулах гэрээ, барилга техникийн төлөв байдлын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ашиглалт, их болон урсгал засвар, эд хөрөнгийн хариуцлагын (зээл, ерийн барьцаа, эрх бүхий байгууллагын шийдвэр) талаарх мэдээлэл, барилгын паспорт кадастрын зураг, орчны тойм зураг, байгуулалтын (план) болон гадна, дотор талын өнгөт фото зураг инженерийн сүлжээний техникийн зураг, бусад бичиг баримт" гэж заажээ.

Гэтэл манай байгууллагын зөвшөөрлийг аваагүй, хуульд заасны дагуу ажлын хэсэг байгуулагдаж хөрөнгөтэй холбоотой ажиллагаа хийлгүйгээр манай байгууллагын хөрөнгийг бүртгэх боломжгүй бөгөөд холбогдох дүрэм журмыг зөрчиж бүртгэсэн байна

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана" гэж мөн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Гэтэл дээрх хугацаанд манай байгууллагын саналыг шийдвэрлэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ. Гэтэл хариуцагч манай байгууллага хүсэлт гаргаснаас хойш бүтэн 4 жилийн хугацаанд нэг ч удаа амаар, бичгээр, цахим шуудан, утас зэрэг харилцаа холбооны аль ч хэлбэрээр хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл манай байгууллагын өмч 2*630 кВа хүчин чадал бүхий ХТП-г бидэнд мэдэгдэлгүйгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өмчид шилжүүлсэн байна.

Мөн Захиргааны Ерөнхий Хуулийн 24, 25, 27 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргах журмыг ноцтой зөрчиж хуульд заасан ажиллагаанаас нэг ч ажиллагаа хийгээгүй билээ.

Бидний зүгээс манай өмчийг хууль бусаар өмчилж байгаа “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д үүсээд буй нөхцөл байдлын талаар удаа дараа албан бичгээр гомдол гаргасан ч хүлээн аваагүй. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу “ТӨБЗГ гомдол гаргасан боловч 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А-1/826 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хөрөнгө бүртгэх, балансаас балансад шилжүүлэх тухай” 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгт буюу “Д.х” ХХК-д холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн ТӨБЗГ З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.х” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1-349 дүгээр албан бичгээр Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо худалдаа үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийн 2*630 кВа хүчин чадал бүхий ХТП-г “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх тухай хүсэлт гаргажээ., ТӨБЗГ 2017 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 3.1-д “ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгийг ... иргэн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй шилжүүлж авах, түүнчлэн хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах журмаар олж авна" гэж заасан бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь иргэд, байгууллагаас өөрийн хөрөнгөөр барьсан барилга, байгууламжийн цахилгаан эрчим хүчний хангамж болох хаалттай дэд станц, цахилгаан дамжуулах

кабель шугамыг эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх боломжгүйгээс тус компанид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх санал, хүсэлтийг дэмжиж, үндсэн хөрөнгөдөө бүртгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний яаманд хандсан байдаг.

Эрчим хүчний яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн в/3307 дугаар албан бичгээр иргэд, байгууллагаас ирүүлсэн 7.177.914.339,00 /Долоон тэрбум нэг зуун далан долоон сая есөн зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин ес/ төгрөгийн үндсэн хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн тухай тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа талаар мэдэгдсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 2.1-д “Төрийн өмчит хуулийн этгээд нь энэ журмын 1.2-т заасан асуудлыг шийдвэрлүүлэхдээ дор дурдсан бичиг баримтаас тухайн харилцаанд хамааралтай баримт, материалыг бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд иргэд, байгууллагаас үнэ төлбөргүй эд хөрөнгө шилжүүлэн авахад уг журмын 2.1.1-д заасан хуулийн этгээдийн эрх барих эсхүл харьяа дээд байгууллагын зөвшөөрөл”-ийг үндэслэж бүртгэдэг.

Ийнхүү өрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь уг асуудлыг шийдвэрлэхдээ тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоолыг судалж улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах", Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 1.3 “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, актлах талаар ирүүлсэн санал хянан үзээд энэ журамд заасны дагуу шийдвэрлэж, шийдвэрийг тухайн байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо худалдаа үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийн 2*630 кВа хүчин чадал бүхий ХТП-г “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дансанд бүртгэхийг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сард “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д тус дэд станцыг үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөр бичгээр хүсэлт гаргасан бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь тухайн дэд станцад урсгал засвар үйлчилгээ хийх, цахилгаан дамжуулах зэрэг үйлчилгээг үзүүлж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ" ТӨХК-ийн “Баруун түгээх төв”-ийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 31/02 дугаар албан бичгээс анх төрийн өмчид бүртгэсэн болохыг мэдсэн, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа хийхгүй байж болох ба ТӨБЗГ 2017 оны 550 дугаар тогтоолоор хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал бий болоогүй юм.

Иймд ТӨБЗГ 2017 оны 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо худалдаа үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийн 2*630 кВа хүчин чадал бүхий ХТП-г холбогдох хууль тогтоомжийн дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дансанд бүртгэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.х” ХХК нь хэрэглэгчийн үүрэг буюу Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх" үүрэгтэй гэж заасны дагуу болон иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг төрийн өмчид бүртгэх үйл ажиллагааг ТӨБЗГ 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх тухай журам” болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 13-ны 24 дүгээр “Үндсэн хөрөнгө шилжүүлэн авах журам", 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тус журамд өөрчлөлт оруулах тухай 11 дүгээр тогтоолыг үндэслэн дэд станц, шугам тоноглолыг үндсэн хөрөнгөнд бүртгэж авдаг “Д.х” ХХК нь “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-нд хандаж “Дэд станц шилжүүлэн өгөх тухай” 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1-349 дүгээр албан бичиг ирүүлж “2*630 кВа дэд өртөөний барилгыг, гадна цахилгаан кабель шугамуудын хамт танай байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шилжүүлж өгнө үү“ гэсний дагуу дээрх журмуудын дагуу үндсэн хөрөнгөд үнэ төлбөргүй эд хөрөнгө бүртгэх бүртгэлд 2016 онд бүртгэж авсан.

Тус бүртгэлийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, хянуулан тогтоол гаргуулж Эрчим хүчний яамаар дамжуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж тус газраас 2017 оны 550 дугаар тогтоол гарч “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэж авсан болно “Д.х” ХХК нь дээрх эд хөрөнгийг шилжүүлж өгөх талаар албан бичиг ирүүлж байсан бөгөөд эсрэгээрээ шилжүүлж өгөхөөс татгалзсан аливаа хүсэлт албан бичиг ирүүлж байгаагүй болно.

Өөрөөр хэлбэл аливаа этгээдийн өмчийг хүсэлт гаргаагүй байхад дураараа авч, хууль дүрэм журам зөрчиж “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэдэггүй болно.

Иймд “Д.х” ХХК-ийн нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Д.х” ХХК-иас ТӨБЗГ холбогдуулан гаргасан “ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд заагдсан “Д.х” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч компани цахилгаан хангамжийн 2*630 кВа дэд өртөө буюу ХТП барьж ашиглалтад оруулж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1-349 дүгээр албан бичгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид “”Dragon bus terminal” үйлчилгээний төвийн барилгын гадна цахилгаан хангамжийн 2х630 кВа өртөөний барилгыг гадна цахилгаан кабель шугамуудын хамт танай байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна. 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцны барилгуудын цахилгаан эрчим хүчний хангамж болох хаалттай дэд станц, цахилгаан дамжуулах кабель шугамыг эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, гүйцэтгэх боломжгүйгээс уг хөрөнгийг компанид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх цахилгааны зориулалттай үндсэн хөрөнгө, тоноглолыг үнэн төлбөргүйгээр шилжүүлэн авах асуудлыг дэмжиж, улмаар 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2733 дугаар албан бичгээр Эрчим хүчний яаманд тус асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

Эрчим хүчний яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн в/3307 дугаар албан бичгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоолын дагуу үндсэн хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авахыг зарчмын хувьд дэмжин шийдвэрлүүлэхээр ТӨБЗГ ирүүлсэн байна. 

ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 25 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоолын 1.а дахь заалт, “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 4.2, 5.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д байгууллага болон иргэдээс үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэхийг зөвшөөрсний дотор “Д.х” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, худалдаа үйлчилгээний цахилгаан хангамж ХТП-4443 тоноглол багтсан байна. 

Ийнхүү үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулсан компанийн зөвшөөрлийг үндэслэн төрийн өмчит хуулийн этгээдэд үндсэн хөрөнгө зохих журмын дагуу шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ирүүлснийг үндэслэн “Д.х” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, худалдаа үйлчилгээний цахилгаан хангамж ХТП-4443 тоноглолыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхийг зөвшөөрсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй: … 8/ төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах;”, ТӨБЗГ 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө орж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 1.2-т “Төрийн өмчид хуулийн этгээд нь эд хөрөнгөө олж авах, бүртгэх, худалдах, акталж данснаас хасах, шилжүүлэх тухай саналаа энэ журамд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлнэ.”, 1.3-д “төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, хадалдах, актлах талаар ирүүлсэн саналыг хянан үзээд энэ журамд заасны дагуу шийдвэрлэж, шийдвэрийг тухайн байгууллагад хүргүүлнэ. 2.1-д “Төрийн өмчийн хуулийн этгээд нь энэ журмын 1.2-т заасан асуудлыг шийдвэрлүүлэхдээ дор дурдсан бичиг баримтаас тухайн харилцаанд хамааралтай баримт, материалыг бүрдүүлнэ: 2.1.1.хуулийн этгээдийн эрх барих эсхүл харьяа дээд байгууллагын зөвшөөрөл;“ гэж заасныг зөрчөөгүй байна. 

Учир нь хууль, тогтоомжид зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг шинээр авах шийдвэр гаргах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосны дагуу холбогдох төрийн өмчит хуулийн этгээдийн эрх барих байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн үндсэн хөрөнгийг дансанд бүртгэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д зөвшөөрснийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч “...манай 2016 онд өгч байсан саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар, амаар бичгээр цахим шуудан, утас зэрэг харилцаа холбооны аль ч хэлбэрээр хариу аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл манай байгууллага хий гүйлтийн өндөр зардал төлсөөр ирсэн...” гэх боловч хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсанаар 2018 оны 5 дугаар сараас хойш хоосон явалт тооцоогүй болох нь тогтоогдож байна. Хэрэв 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд хий явалт тооцсон нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзэж байгаа бол хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллага, шүүхэд хандах эрхтэй.

Захиргааны хэргийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: … 28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч “Драгон холдинг”  ХХК-иас гаргасан өргөдлийг хангаж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үндсэн хөрөнгө бүртгэх асуудлыг шийдвэрлэсэн тул хуулийн дээрх заалтын дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн “Д.х” ХХК-иас ТӨБЗГ холбогдуулан гаргасан “ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд заагдсан “Д.х” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8/-д заасныг баримтлан “Д.х” ХХК-иас ТӨБЗГ холбогдуулан гаргасан “ТӨБЗГ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд заагдсан “Д.х” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


 

 

                                    ШҮҮГЧ                                                 Н.ДАМДИНСҮРЭН