Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0577/З |
Дугаар | 221/МА2024/0027 |
Огноо | 2024-01-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0027
Д.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Б*******
Нэхэмжлэгч: Д.Б*******
Хариуцагч: О******* дарга
Хариуцагч: Т*******н Х******* салбар зөвлөл
Гуравдагч этгээд: Л.У*******
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Б.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0577/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б*******ийн, О******* дарга, Т*******н Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Т*******н Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн О******* Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд Төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Т*******н Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, О******* даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч Д.Б******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2.1. “...Шүүх төрийн жинхэнэ албан хаагч миний баталгааг үгүйсгэж, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно", 49.2-т "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно", 62 дугаар зүйлийн 62.1-д "Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана", 62.1.1-д "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх", 62.1.4-д "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох" гэж заасныг тус тус зөрчсөн.
Миний бие Оюуны өмчийн газарт 1997 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн даргын туслахаар, 2003 оны 01 дүгээр сарын 20- ны өдрөөс Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнаар, 2005 оны 01 дүгээр сарын 03- ны өдрөөс Гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн, 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс Мэдээлэл, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт Мэдээлэл, сурталчилгааны хэлтэст ахлах мэргэжилтэн, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс О******* Хяналтын хэлтэст улсын ахлах байцаагч, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс О******* Хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, мөн Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор удирдах ажилтны сонгон шалгаруулалтад удирдах ажилтны шалгалт өгч тэнцэж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О******* даргын Б/36 дугаар тушаалаар Хяналтын хэлтсийн даргаар, 2022 оны 9 дүгээр сарын 15 ны өдрөөс Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаалд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус томилогдон ажилласан.
Төрийн жинхэнэ албан хаагч миний хувьд О******* бүтэц өөрчлөгдөн хяналтын хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон өөрөөс үл хамаарах үр дагаврыг дангаар хүртэж, ийнхүү ажилгүй болсондоо гомдолтой байна. Би О******* Хяналтын хэлтсийн даргын, мөн Хяналт шалгалтын газрын даргаар ажиллахдаа "түр" тушаал гэрээгээр огт ажиллаагүй. Миний төрийн албан хаагчийн баталгааг үгүйсгэх үндэслэл байгаагүй ч анхан шатны шүүх "...Д.Б*******ийн түр томилогдон ажиллаж байсан Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд...", "...4.4. Өөрөөр хэлбэл, дээрх ойлголтод тухайн этгээд тодорхой албан тушаалын орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан тохиолдолд ч хамаарах юм" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Д.Б*******эс Т*******н Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөл, О******* даргад тус тус холбогдуулан “Т*******н Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн О******* Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Т*******н Х******* салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай “нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, О******* даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага гаргажээ.
3. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Тушаалын хавсралт шинэчлэн батлах тухай” А/185 дугаар тушаалаар О******* орон тоо албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, 2 дугаар хавсралтын 31-д “Хяналт шалгалтын газрын дарга, эрхэлсэн түшмэл, ТЗ-11” гэж заасан бөгөөд Т*******н 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 477 дугаар тогтоолоор О******* Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг Эрхэлсэн түшмэл, ТЗ-11 гэж тусгажээ.
4. Нэхэмжлэгч Д.Б******* нь О******* даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар тус газрын Хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/40 дүгээр тушаалаар дээрх тушаалууд болон Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эзийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн түүнийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилсон байна.
5. Т*******н 2022 оны 11 дүгэр сарын 02-ны өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусахаас өмнө тусгай шалгалтыг зохион байгуулах тухай зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэж, уг тэмдэглэлийг Т*******н 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2287 дугаар албан бичгээр Оюуны өмчийн газарт хүргүүлжээ.
6. Улмаар О******* 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/663 дугаар албан бичгээр О******* зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газарт 6 албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлах захиалгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Т*******н даргад хүргүүлсэн бөгөөд үүнд Хяналт шалгалтын газрын даргын албан тушаал багтсан байна.
7. Х******* Т*******н салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О******* удирдах албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шалгалтын комисс байгуулагдаж, төрийн албаны шалгалтын цахим системд шалгалтын зарыг байршуулжээ.
8. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна: гээд, мөн зүйлийн 18.1.2 дахь заалтад эрхэлсэн түшмэл; гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: гээд, мөн зүйлийн 27.1.1 дэх заалтад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: гээд, 33.2.2 дахь заалтад тусгай шалгалт гэж, мөн зүйлийн 33.3 дахь хэсэгт ... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж тус тус заасан.
9. Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Т*******н Х******* салбар зөвлөлийн О******* хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
10. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, Т*******н 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Т*******н салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.4 дэх хэсэгт “албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх”, 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 7.2-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж тус тус заажээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад 3 иргэн оролцсоноос Л.У******* 92 оноо, Д.Б******* 72 оноо авсан бөгөөд Т*******н Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 09 дүгээр тогтоолоор хамгийн өндөр оноо авсан Л.Уянгыг О******* Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон нь дээрх хууль болон журамд нийцсэн байна.
12. Нэгэнт О******* орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлагдаж нэхэмжлэгчийн ажиллаж байсан О******* хяналтын хэлтэс нь Хяналт шалгалтын газар болон өөрчлөгдөж, тус газрын даргын албан тушаал нь Эрхэлсэн түшмэл, ТЗ-11 болж батлагдсантай холбогдуулан хуульд зааснаар тухайн албан тушаалын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалтыг зарлан явуулж, тус шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн гарсан О******* даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Д.Б*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаал хуульд нийцсэн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН