Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 19

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                Ц.Гэрэлбаатар

Шүүгдэгч                                                Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Э.Алтан-Уяа

Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар захирамжтай Д.О-д холбогдох 1815000000242 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ........... Д.О.

 Шүүгдэгч Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газраас Б.Г-н 11 тооны адууг хулгайлан авч 8850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар захирамжаар:

1. Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох хэргийг Прокурорын газарт буцааж,

2.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ыг хэрэгт хавсаргаж, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

3.Яллагдагч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

4.Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “ ... Шүүгчийн захиражинд “дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Г-той хохирол, хор уршгийг төлсөн талаар эвлэрсэн эсэх нь тодорхойгүй энэ талаар хэрэгт авагдсан баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан нөхцөл хангагдаагүй гэж шүүх үзлээ" гэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх" гэж заасан байна. Хавтаст  хэрэгт  яллагдагч  Д.О  нь  Алдагдсан  адууны  үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19/08 тоот "1 1адууны үнэлгээг 8850000  төгрөг" гэх дүгнэлтийн дагуу хохирогчид хохирол төлсөн 2 ширхэг баримт авагдсан, яллагдагч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасныг дагуу хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх" гэсэн нөхцөл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх гэсэн хоёр тусдаа ойлголт  ба   хохирлоо   төлснөөс   гадна   заавал   хохирогчтой   эвлэрсэн   байхыг шаардсан зохицуулалт биш тул Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэхээр байна.

2. "...Шүүгдэгч Д.О нь бусдын олон тооны малыг ганцаараа хулгайлсан гэж мэдүүлдэг боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Н хотоос гарч тэр оройдоо 02 цагийн орчим шөнийн цагаар, эзэнгүй хээрээс бусдын олон тооны малыг өөрийн болон Ө.Г-г дуудаж 2 машинд гурвуулаа ачсан байна. Шөнөдөө Улаанбаатар хот руу хөдөлж өглөө малаа гарал үүслийн гэрчилгээгүй нядалгаанд оруулсан үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлахад Ц.Н, Ө.Г нарын оролцоо байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна" гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч Ц.Н, Ө.Г, яллагдагч Д.О нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Ц.Н, Ө.Г, Д.О нар нь санаатайгаар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийлдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэн" гэж заалтын дагуу хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байхад Ц.Н, Ө.Гнарын оролцоо байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна гэсэн нь ямар ажиллагаа хийж гүйцэтгэх, юу шалгаж тогтоох талаараа тодорхой, ойлгомжтой заагаагүй, шүүгчийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзэхэд хүргэж байна. Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3. Шүүгчийн захирамжид "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.15, 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:" гэж удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.15-д "мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт" гэж заасан байна. Гэтэл шүүх хуралдаанд оролцогч талуудаас уг хүсэлтийг гаргаагүй байхад дээрх заалтыг барьсан нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна Иймд Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив ” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Д.О-д холбогдох эрүүгийн 1815000000242 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцаасныг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэл бичсэн байна.

 Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь миний хохиролыг барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Үүнийг шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтайгаар олйгож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг хүлээн авсугай. 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.О-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

                                                  ШҮҮГЧ                                    С.ЦЭЦЭГМАА 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН