Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Гансүх |
Хэргийн индекс | 177/2022/0086/Э |
Дугаар | 2022/ШЦТ/97 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Л-гийн Н-д холбогдох 2235000000090 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 22-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдмийн эхлэл сургуульд үйлчлэгч, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 8-33 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Ө овогт Л-гийн Н /РД:он79062261/.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Н нь 2022 оны 04 дүгээр сард Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг “Их Наяд Цогцолбор” үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаад хохирогч Н.Г-ийн гадуур хувцасны халаасанд байсан түүний Iphone12 promax, хохирогч Р.Б-ийн Redmi загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Нг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2022 оны 04 дүгээр сард Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг “Их Наяд Цогцолбор” үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаад хохирогч Н.Г-ийн гадуур хувцасны халаасанд байсан түүний Iphone12 promax, хохирогч Р.Б-ийн Redmi загварын гар утсыг авсан болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),
2. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
3. гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15, 17-20 дахь тал),
4. Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Улаангом суманд 1987 онд төрсөн 35 настай, Улаангом сумын нутагт дэвсгэрт нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 10 жилийн төгсөлтийн уулзалт болон бяллардын тэмцээн уралдааныг Цастогтох гэх газарт зохион явуулж дуусаад 21 цагийн орчимд тус газраасаа гарч 20 гаруй хүн Их-Наяд цогцолборт анги хамт олноороо орж нэг ширээн дээр суугаад гадуур хувцасаа тайлаад сандалын түшлэг дээр тохож тавиад босож бүгдээрээ бүжиглэсэн юм. Хэсэг бүжиглэсний дараагаар хувцасны кармаанаас үсний боолт авах гэж хайхдаа миний гадуур хувцасны карманд байсан миний өөрийн Iphone 12 ргоmах загварын гар утас болон найз Р.Б-ий Redmi загварын 2 ширхэг гар утас байхгүй болсоныг мэдээд манай анги хамт олон хамгаалаад авчихсан байж магадгүй гэж бодоод хүмүүсээс асуухад харсан үзсэн хүн бахгүй байхаар нь хулгай авсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
5. Хохирогч Р.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Улаангом суманд 1986 онд төрсөн 36 настай, Улаангом сумын 2 багийн нутаг дэвсгэрт нөхөр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 жилийн төгсөлтийн уулзалт болон бяллардын тэмцээн уралдааныг Цастогтох ресторанд зохион явуулсан ба орой 21 цагийн орчимд тус газраасаа гарч 25-30 орчим гаруй хүн Их-Наяд цогцолборт анги хамт олноороо орж нэг ширээн дээр суугаад гадуур хувцасаа тайлж тавиад босож бүгдээрээ бүжиглэсэн юм. Хэсэг бүжиглэсний дараагаар манай найз Н.Г-ийн гадуур хувцасны кармаанаас чи бид хоёрын гар утас алга болчихсон байна гэж над дээр гүйж ирсэн юм. Миний гар утас Цастогтох ресторанд байхдаа гар утасны цэнэг дуусаад унтарсан тул найз Н.Г-т өгөөд хадгалуулчихсан байсан юм. Бид хэд Н.Г-ийн Iрhоnе 12 ргоmах, миний өөрийн Redmi загварын гар утас болон нийт 2 ширхэг гар утас алга болсоныг мэдээд манай анги хамт олон хамгаалаад авчихсан байж магадгүй гэж бодоод хамт явсан анги хамт олноос асуухад харсан үзсэн хүн бахгүй байхаар нь хулгай авсан байж магадгүй гэж бодоод найз Н.Г цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
6. Гэрч Ю.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр сумаасаа өглөөний үйлчилгээнд Улаангом сум орж ирчээд найз Б.Б гэх хүний гэрт очиж тухайн өдрөө жижиг гэр тааруулаад өнжсөн юм. Орой хоол ундаа хийж идээд амрах гэж байтал манай найз Б.Б руу хүн утсаар ярьсан ба тухайн хүн нь Өлгий сумын иргэн байсан Б.Б гэх танил хүн маань Их-Наяд гэх газарт байна намайг ирж аваад гэрт хүргээд өгөөч гэж Б.Б-т утсаар хэлсэн юм. Тэгээд Б.Б намайг хамт яваад ирье гээд хамт гэрээс гарч Их-Наяд гэх газар очиход Б.Б хажуудаа зүс таних нэг эмэгтэй хүнтэй хамт гарч ирээд миний сууж байсан урд хаалгыг Б.Б онгойлгоод надтай мэнд ус болоод бид хоёр буцаж ороод удахгүй гараад ирье та хоёр хүлээж байгаараа гэж хэлээд явсан. Нэг их удалгүй Б.Б болон хамт явсан зүс үл таних Л.Н гэх хүний хамтаар буцад ирээд машины арын суудалд суугаад тухайн газраас яваад нэг айлын гадна очиж зогсоод нөгөө танихгүй эмэгтэй болох Л.Н нь тэр айлруу ороод удалгүй гарч ирээд дахин хамт яваад Бат-Аривжих дэлгүүрийн үүдэнд Л.Н гэх хүн буугаад үлдсэн ба Б.Б гэх хүнийг гэрийн гадна буулгачихаад бид хоёр хариад амарсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
7. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ний орой 22 цагийн орчимд байх яг цагийн сайн санхгүй байна тус сумын 11 багийн нутаг дэвсгэр Их-Наядын гаднаас Л.Н, Б.Б гэх хүмүүсийг ирж аваад гэрт нь хүргэж өгсөн зүйл байгаа. Тухайн өдөр болох 2022 оны 04 дүгээр сарын 16-ний орой Б.Б надруу утсаар ярьж та унтаагүй байвал Их-Наяд гэх газраас намайг ирээд аваад гэрт хүргээд өгөөч гэж ярьсан учир би Их-наядын гадна 29-90 увх улсын дугаартай өөрийн эзэмшлийн авто машинтай ирэхэд Б.Б хажуудаа зүс таних эмэгтэй хүнтэй хамт гарч ирээд миний машинд суусан юм. Би тэр хоёр хүнийг аваад арын дөрвөн замаас дээш яваад нэг айлын хашаан үүдэнд зогсоод Л.Н буухдаа та явалгүй хүлээж байгаараа би эргээд ирнэ гэхээр би 5 минут орчим хүлээгээд зогсож байтал Л.Н гэх хүн буцаад эргээд ирсэн ба дахин миний машинд сууж Буянт хороолол буюу Бат-Аривжих дэлгүүрийн үүдэнд Л.Н гэх хүн буугаад үлдсэн ба Б.Б гэх хүнийг гэрийн гадна буулгачихаад би харьсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
8. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би урд өмнө халтирч унаад зүүн гараа бэртээчихсэн учир тухайн өдөр миний гар өвдөж зовиурлаад байсан Л.Н эгч архи уухаар гайгүй болдог юм гэж хэлэхэд тэгвэл та архи аваад өгөх юмуу гэж асуухад нь Л.Н эгч надад ямар мөнгө төгрөг байхав би мөнгөгүй явна гэж хэлэхэд нь би манай гэрт цагаан сараар авсан 0.75л-ийн сайн санахгүй байна. Цэнхэр шилтэй архи байсныг авдраас нь гаргаж ирээд Л.Н бид хоёр хоёулахнаа хуваагаад уучихсан юм. Би жаахан согтоод хэсэг орон дээр хэвтэж байтал Л.Н эгч намайг татаад бос хоёулаа Их-Наядруу явий гэж хэлээд бид хоёр Их-Наяд гэх газарт орсон юм. ... Л.Н эгч ганцаараа бүжиглэж байсан ба би Л.Н эгчтэй очиж манай хүүхдүүд эзгүй байнаа хоёлуу манайх руу явъя гэхэд нь Л.Н эгч явах болоогүй байна гээд намайг түлхэж унагаахад нь би дахин босоод ирэхэд нь намайг дахиж түлхэж унагаасан юм. Бид хоёр хэсэг бүжиглэж байтал гаднаас хүмүүс орж ирж эхэлсэн ба бид хоёр ямар нэг дахин архи пиво уухгүйгээр нэлээн хэсэг бүжиглээд нилээн сэргэсэн. Л.Н эгч бас гайгүй сэргэчихсэн байсан. Би хамаатны ах Б.Б гэх хүний гар утас руу залгаж та намайг ирээд авчихих би таксины мөнгөгүй байна би Их-Наядад байна гэж яриад нээх удалгүй манай хамаатны ах Б.Б ах надруу залгаж би Их-Наядын гадна ирчихлээ гэж хэлэхэд нь би Л.Н эгчийг одоо орой боллоо гадна машин ирчихсэн байна явъя гэж хэлэхэд нь Л.Н эгч сандал дээр байсан хувцасаа аваад бид хоёр Их-Наяадаас гарч ирээд явж байгаад Л.Н эгч өөр хүний хувцас өмсчихсөн байхаар нь би Л.Н эгчид таны хувцас биш байна та өөр хувцас өмсчихсөн байна ш дээ гэхэд тухайн хувцасны гадна талын кармааг Л.Н эгч өөрөө нэгжээд 2 ширхэг гар утас гаргаж ирээд ямар нэг юм ярилгүйгээр буцаагаад карма руу хийчихсэн. Бид хоёр машин дээр очоод би машины урд талын хаалга татаж онгойлгоод машин дотор явсан Ю.Д, Б.Б ах хоёртой мэнд ус болчоод бид хоёр буцаад Их-Наядруу ороод гараад ирье гэж хэлээд буцаж Их-Наяд руу орж би бүжиглэж байгаа хүмүүсийн хажууд үлдэж бүжиглэж байгал Л.Н эгч хувцасаа сольж ирээд намайг явъя гэж хэлээд бид хоёр Их-Наядаас гараад машиндаа суухад Л.Н эгч уг машины арын суудал дээрээс 2 ширхэг гар утас аваад өөрийнхөө хувцасны карманд хийсэнийг хараад би Л.Н эгчид та сольж өмссөн хувцанд байсан гар утсаа авчихсан юмуу та буцааж оруулж өг гэж хэлэхэд Л.Н эгч намайг гараараа чичхэд нь би чимээгүй болсон. Л.Н машинаас бууж гэртээ ороод буцаж эргэж гараад манайхруу явъя гээд жолооч Б.Б-т хэлээд манайх руу явж байтал эгчийн утас руу хүн залгаад нэг хүнтэй ярьж байгаад бууж хоцорсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
9. Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаанбаатар хотоос 2022 оны 04 сарын 15-ний өдөр Увс аймагруу гараад 2022 оны 04 сарын 16-ны өдөр 13 цагийн үед Улаангом суманд ирсэн ба 14:30 цагт 2005 оны төгсөлтийн хаврын баяр арга хэмжээг Цастогтох ресторанд зохион явагдсан үйл ажиллагаанд оролцсон ба тус газраасаа орой 21 цагийн үед гарч Улаангом сумын 11 багийн нутаг дэвсгэрт байрлах Их-Наяд цогцолборт төгсөлтөөрөө буюу 25 орчим хүн орж сууцгаасан. Бид хэд тухайн газартаа бүгдээрээ босож хэсэг бүжиглэж байтал манай төгөсөлтийн Н.Г, Р.Б нар гар утсаа алдчихлаа гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсаныг би сонсоод юу болсон талаар Н.Г, Р.Б нараас асуухад уг хоёр хүний 2 ширхэг гар утас Н.Г-ийн гадуур хувцасны карманаас алга болсон гэж хэлэхэд нь Их-наяд цогцолборын зохион байгуулагч нартай уулзаж тус газрын хяналтын камер шүүж үзэхэд зүс таних хоёр эмэгтэй нь Н.Г-ийн гадуур хувцасыг өмсөж Их-наядаас гараад буцаж ороод гадуур хувцасаа тавьчихаад буцаж гараад машинд сууж явсан бичлэг бичигдсэн байсан ба уг бичлэгийг цагдаа нар шүүж үзсэн юм... Би Их-Наяд цогцолборт бичигдсэн 2 эмэгтэйг танихгүй, харж байгаагүй хүмүүс байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
10. Шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 04 сарын 16-ны өдөр би гэртээ хүүхдүүдийнхээ хувцас угаагаад өнжсөн. Улмаар манай танил Б гэх хүн над руу залгаад эгчээ гараад ир би танайх руу очиж байна машинтай гэсэн тэгээд би гараад танил Б-тэй гарч уулзахад гараа гэмтээсэн гар өвдөөд байна гээд намайг дагуулаад гэртээ очсон. Б-ийн гэрт очоод бид хоёр 0.75 летрийн архи хувааж уусан, тухайн архийг Б нь гар өвдөөд өвчнөө намдаамаар байна гээд задалсан бөгөөд би тухайн айлаас яаж гарсан, яаж яваад Их наяд цогцолбор орсон юу ч санахгүй байна. Ингээд маргааш өглөө нь гэртээ сэрсэн, сэрээд өчигдөр намайг хэн авч ирсэн гэж хүүхдүүдээсээ асуухад манай хүүхдүүд намайг орж ирж унтсан талаар мэдээгүй байсан. Тэгээд байж байтал Б над руу залгаад та өчигдөр хүний хувцас өмсчихсөн байсан талаар хэлсэн. Би тухайн үед Б-ээс сонсоод яанаа тиймүү тэр хувцас нь хаана байгаа юм гэхэд би дахин хэлж таныг солиулсан юм, та өчигдөр надад уурлаад намайг түлхэж газар унгасан, явья гэхэд явахгүй гээд бүжиглээд байсан гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллага дээр ирж уулзаад хяналтын камерт бичигдсэн байсан өөрийн дүрс бичлэгээ хараад тухайн хүний хувцас өмсөж, гар утасыг нь авсан талаараа мэдсэн. Тухайн үед би Л.Б-ийн гэрт 0.75 летрийн архийг хувааж уусан тэгээд тэдний гэрээс яаж гарсан, Их наяд цогцолбор руу яаж орсон ороод архи уусан эсэх талаар юу ч санахгүй байна. Би тухайн авсан хоёр гар утсаа цагдаагийн байгууллагад буцаагаад өгсөн. Тухайн хохирогч нартай уулзахад утсаа буцаагаад авсан гомдол, санал байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгож гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 133 дугаартай “2022 оны 04 дүгээр сарын байдлаар Улаангом суманд Iphone-12 гар утас 2.000.000 төгрөг, Redmi загварын гар утас 400.000 төгрөг, нийт 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-р тал)-ээр шүүгдэгч Л.Нгийн авсан гар утас нь бага хэмжээний хохирлоос дээш үнэтэй болох нь тогтоогджээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Л.Н хохирогч Н.Г, Р.Б нарын гар утсыг хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Н нь хохирогч Н.Г, Р.Б нарын гар утаснуудыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Н нууц далд аргаар авсан хохирогч Н.Г, Р.Б нарын гар утас нь нийт 2.400.000 төгрөгийн үнэтэй болох нь Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 2.400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч нарт гар утсыг нь хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16, 21 дэх тал) хэрэгт авагдсан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Л.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Н урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Л.П-ийн өгсөн: “Л.Н нь 1979 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт айлын 2 дахь охин болж төрсөн. Төрсөн цагаасааа хойш эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж, улмаар бага наснаасаа цэцэрлэг сургуулиар явж 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ингээд 2008 оны үед байх Увс аймгийн Тэс сумын О.О гэх хүнтэй албан ёсны гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй 3 хүүхэд нь 5-16 орчим насны хүүхдүүд байдаг юм. Нөхөр О.О нь тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй, хувиараа энд тэнд ажил хийж явдаг бөгөөд эгч Н нь тодорхой эрхэлсэн ажилгүй байж байгаад одоогоос 1-2 сар орчмын өмнө байх Эрдмийн эхлэл бага сургуульд үйлчлэгчээр ажилд ороод удаагүй байна. Мөн эгч Л.Н нь зан байдлын хувьд ямар нэгэн муу араншин, зан байхгүй, худлаа хэлж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), Гэрч Ц.А-ын өгсөн: “Л.Н нь 1977 оны Увс аймгийн Түргэн сумын иргэн гэх талаар мэднэ. Л.Нгийн зан байлын хувьд их олон удаа харьцаж байгаагүй, манай нөхөр П-ийн ах дүү нар хоорондоо хөндий хүйтэн, хоорондоо харьцаад байдаггүй, хөдөөнөөс ах дүү нар нь ирэхээр нэгнийдээ орж гардаггүй, ямар нэгэн зүйлээ ярьж хэлдэггүй хүмүүс байдаг. Хааяа нэг сонсоход Л.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа сураг сонсогддог өөрөөр тухайн хүний талаар ямар нэгэн зүйл хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчвөл бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Лгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Н өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ