Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн Хар үзүүр гэх газар оршин суух, ........... регистрийн дугаартай, М овогт И У-д холбогдох Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулж, 7,378,800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Б.Анхтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч И.У, орчуулагч /хэлмэрч/ О.Бекбол, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээний газраас өгсөн чиглэлийн дагуу Ховд сумын тэтгэвэр авагч И.У-ийн үрчлэлтийн лавлагааг шалгалаа. Хяналт шалгалтаар тэтгэвэр авагч И.У-ийн эхнэр Д.Р нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байхад Т.А 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үрчлэн авч, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан хууль бус үйлдлийг зогсоож акт тогтоон, тэтгэвэр олголтыг түдгэлзүүлээд байна. И.У нь эхнэрээ нас барсны дараа хүүхэд үрчлэн авч, 2008 оноос 2014 оны хооронд 7,378,800 төгрөгийн тэтгэвэр авсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дугаартай тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3-т зааснаар Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагч И.Укибай нь улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд И.Укибайгаас 7,378,800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бүрэнсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.У-ийн эхнэр Д.Р нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байдаг. Охин Т.А-г эхнэрээ нас барсны дараа үрчилж авсан. Тухайн үед хүсэлтээ гаргаж, үрчилсний талаар захирамж гаргуулаагүй байдаг. Тэтгэвэр авагч И.У-н эхнэр Р нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байхад А-г 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үрчилж авч, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон үйлдэл байсан. Хяналт шалгалтаар тэтгэврийг түр зогсоогоод И.У-г эхнэрээ нас барсны дараа хүүхэд үрчилж авсан гэх шалтгаанаар 2008-2014 оны хооронд авсан 7,378,800 төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хүүхэд үрчилж авахад Засаг даргын захирамж гарч, тухайн захирамжийг үндэслэж иргэний бүртгэлийн байгууллага төрсний гэрчилгээ бичиж өгөх ёстой. Гэтэл тухайн үед захирамж нь гарахгүйгээр шууд иргэний бүртгэлийн байгууллагаас төрсний гэрчилгээ бичүүлж аваад тэтгэвэр тогтоогдож авсан байсан. И.Укибай нь Акеркег яг төрүүлсэн юм шиг хэлээд хүүхдийн гэрчилгээг бичүүлсэн байдаг. Тухайн үед И.Укибай нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж байна. Харин тэтгэврийн хувийн хэрэгт Дүлбээгийн Рабилааг өөр өөр нэрээр бичигдсэн, нэрний зөрүүтэй гэдгийг сайн мэдэхгүй байна. Улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул И.Укибай нь актаар тогтоогдсон 7,378,800 төгрөгийг төлөх ёстой гэв.

Хариуцагч И.Укибай шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Уг нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж учирсан төлбөрийг би төлөх ёсгүй. Миний эхнэрийг Дүлбээгийн Рабилаа гэдэг. Би эхнэрээ нас барахаас өмнө охин Акеркег дүү Тилейханаас үрчилж авсан. Үрчилж авсан он, сар, өдрийг сайн санахгүй байна. Миний охиныг Акерке гэдэг, эмэгтэй хүүхэд гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч И.Укибайд холбогдуулан Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулж, 7,378,800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “И.Укибай нь үрчилж авсан охиноо яг төрүүлсэн юм шиг хэлээд төрсний гэрчилгээ бичүүлж авсан байдаг. Тэрээр улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иймд улсын байцаагч нарын буруутай үйлдэл байхгүй тул төлбөрийг төлөх ёстой” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа “би эхнэрээ нас барахаас өмнө охин Акеркег дүү Тилейханаас үрчилж авсан. Улсын байцаагч нарын буруутай үйлдлээс болж акт тогтсон” гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн /хх-49/ охин Тилейханы Акеркег Илиясын Укибай нь 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үрчлэн авч, Молхымашан овогт Үкибайн Акерке  болгон Ховд аймгийн Ховд сумын үрчлэлтийн 6-рт бүртгүүлсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Үрчлэлтийн бүртгэлийн 05/000781 дугаартай лавлагаагаар, Илиясын Укибайн эхнэр Дүлбээгийн Рабилаа нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-60/ зэргээр тус тус нотлогдож байна.

Улмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар И.Укибай нь 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон, тэтгэврийг 2014 оны 05 дугаар сарыг дуустал авч, уг тэтгэвэрт 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үндэслэлгүй авсан тэтгэвэр гэж улсын байцаагч акт тогтоосон болох нь 0134293 дугаартай тэтгэврийн хувийн хэрэг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай улсын байцаагчийн акт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Уг актад тэтгэвэр авагч И.Укибай нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын “зөвшөөрсөн” хэсэгт гарын үсэг зурсан тул төлөх ёстой гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарлалаа.

Гэвч тус актын тогтоох хэсэгт дурдсан “И.Укибайгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг түүний 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүй авсан тэтгэвэр 7,378,800 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор барагдуулж дуусгахыг Ховд сумын байцаагч Х.Дүйсэнбект үүрэг болгов” гэсэн заалтаас үзэхэд актад тусгагдсан 7,378,800 төгрөгийг И.Укибайгаар төлүүлэхээр заасан заалт байхгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар тэтгэвэр авагч нь тодорхой төрлийн тэтгэвэр тогтоолгоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд тухайн бичиг баримтыг хянаж, тэтгэвэр тэтгэмж олгох асуудлыг даатгалын байгууллага шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хэрэв даатгуулагч хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмжийг үндэслэлгүй авсан, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү тогтоолгож авсан тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “И.Укибай нь охин Акеркег яг төрүүлсэн юм шиг хэлээд төрсний гэрчилгээ авсан байдаг” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар эдгээр нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Мөн И.Укибайгийн эхнэрийн нэрийг хэрэгт авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай акт /хх-4/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудад /хх-27/ Дүлбээгийн Рабилаа гэж, 0134293 дугаартай тэтгэврийн хувийн хэрэгт /хх-53-91/ Дүлбээгийн Гавилаа, Дүлпейн Калиимаа, Дүлпейн Калимаа гэж өөр өөрөөр бичигдсэн, нэрний зөрчилтэй материалд үндэслэн тэтгэвэр олгосон, Акерке нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэний шийдвэрээр үрчлэгдсэн талаарх эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тэтгэвэр олгосон үйлдэлд тэтгэвэр авагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин үрчлэгдсэн охины нэр Акерке, охин Акеркен төрүүлсэн эцгийн нэрийг Тилейхан, үрчлэн авсан эцэг И.Укибай  болох нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/000781 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилснийг мэдэгдэх 06 дугаартай хуудасны хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-д “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан тул тэтгэвэр авагч нь тэтгэврийг нөхөн төлөх үүрэггүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-46/, овог, эцгийн нэр өөрчилсний гэрчилгээний хуулбар /хх-46/, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/43 дугаартай “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамжийн хуулбар /хх-51/, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаартай “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамжийн хуулбар /хх-52/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь прокурор А.Анхбаярыг, хариуцагч нь өмгөөлөгч Б.Батсүхийг тус тус оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул прокурор А.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Укибайд холбогдох Ховд аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулж, 7,378,800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА