Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0789/Э |
Дугаар | 2022/ШЦТ/798 |
Огноо | 2022-06-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/798
2022 6 23 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бийн Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0979 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 14-ний төрсөн, 18 настай, эрэгтэй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хүргэн ах болох Д.Сг агсам тавилаа гэж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавсарч унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 700 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Ө.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-69 тоотод болон 21-179 тоотод хүргэн ах Д.Сг согтуурхан маргаан өдөхөд нь түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавсарч унагах зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Сн “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны орой ажлаа тараад ганцаараа архи уугаад гэрт ирэхэд манай хүүхдүүд мөн эхнэрийн дүү Ө нар байсан. Өыг хараад миний гэнэт уур хүрсэн юм. Миний уур хүрэх шалтгаан нь Ө гурван жилийн өмнө манай хүүхдүүдийн хоолойд хутга тулгаж байсан юм. Тэгээд гэнэт санаанд ороод уур хүрсэн. Тэгээд манай том хүү миний хажууд сууж байхаар нь би Өт хандаж хэлэхгүйгээр хүүдээ хандаж хэлж байгаа юм шиг “Чи яагаад дүү нартаа хутга тулгаж байгаа юм бэ.” гэж хэлсэн чинь Ө хажуугаас гэнэт уурлаад босож ирснээ намайг заамдаж аваад цохисон. Тэгээд эгч нь салгаад гэрээс гаргахад зугтаад яваад өгсөн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд араас нь Өын амьдарч байгаа гэрийн хаяг дээр очсон. Гэр лүү нь орох гээд гэрийн амбаарын хаалга онгойлгосон чинь Ө миний араас татаад би хөл алдаад газар унах үед дээрээс цохисон. Тэгээд зугтаагаад яваад өгсөн. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх12-13, 16/,
- гэрч Л.Дгийн “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед нөхөр бид хоёр дэлгүүрээс ойр зуурын юм аваад гэртээ ирсэн. Нөхрийг маань ирэхээс өмнө манай төрсөн дүү Б.Ө манайд ирсэн байсан. Нөхөр маань том хүүдээ хандаж “чи яагаад дүү нартаа хутга тулгаад байгаа юм” гэж хэлээд байж байтал Б.Ө босож ирээд “та яагаад байгаа юм бэ, архи уучхаад” гэж хэлээд буйдан руу түлхээд суулгасан. Тэгээд хэрүүл маргаан болж байгаад төрсөн дүү Б.Ө нөхрийн маань нүүрэн тус газар 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд арай гэж салгаад байж байтал Б.Ө гараад явчихсан. Тэгсэн нөхөр маань удалгүй Б.Өын араас гараад явчихсан. 30 орчим минутын дараа нөхөр маань гэртээ ирэхдээ зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай ирээд “Танай дүү чинь намайг зодчихлоо” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,
- 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,
- шүүгдэгч Б.Өын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-69 тоотод төрсөн эгчийнхээ гэрт нь өглөө 09 цагт очсон юм. Тэгээд орой эгчийн нөхөр С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу гэртээ орж ирсэн. Тэгсэн С ах надад хандаж “чи миний хүүхдүүд рүү хутга тулгаа биз дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тэгээд С ахыг би суу гэж хэлээд буйдан руу түлхэж суулгасан. Гэтэл над руу дайраад байхаар нь би нүүрэн тус газар нь гараараа цохиж аваад гэрээс нь гараад өөрийнхөө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21-179 тоотод гэртээ очсон юм. Гэрт очоод байж байтал хүргэн ах С араас ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж над руу дайраад байсан. Тэгэхээр нь би гэрийн гадаа хашаан дотор хавсарч унагааж байгаад дээрээс нь нүүрэн тус газар нь дахиж хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх52-53/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6111 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Сн биед зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний алимын салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хамар, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэжээ. /хх31/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч Д.С нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаагүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
8. Хэргийн үйл баримтаас хохирогч Д.Сн согтуурсан үедээ агсам согтуу тавьж, маргаан үүсгэснээс гэмт хэрэг гарах шалтгаан болсон буюу хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч Б.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
10. Иймд шүүгдэгч Б.Өыг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хууль заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР