| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00266/и |
| Дугаар | 153/ШШ2018/00290 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00290
| 2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00290 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух Г.М-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2018/00266/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Г.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.М шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарсан бөгөөд эцэг, эх нарын хамт мал маллаж байсан. Архиваас материал гараагүй учраас би шүүхэд хандсан. Мал маллаж байсан хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор би шүүхэд хандсан. Баримтад дээр нэрний зөрчил гарсан байсан. 70 дугаар дандсанд Г.Мөнхөө гэж бичсэн байсан бөгөөд бичиг баримтад Г.М гэж явдаг. Би 1978-1981 онд цэрэгт явсан. Намайг Ховд аймгийн Дуут сумын Социализм зам нэгдлийн нэгдүгээр бригадад 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг миний гэр бүл болон нутгийн хүмүүс Мөнхөө гэж дууддаг....Миний эхнэрийн нэрийг Ц.Цэцгээ гэдэг. Би 1984 онд гэрлэсэн....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.М нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Г.М нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 818 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын 1976-1978, 1981-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1986 оны 7 сарын 10-ны өдөр олгосон баярын бичиг, гэрч Д.Харцагын ....Би 1960 онд Ховд аймагт сувилагчийн сургууль төгсөж Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1962 он хүртэл бага эмчээр ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1965 онд халагдаж ирээд...1976-1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн нэгдүгээр бригад, хоёрдугаар бригадуудад бригадын даргаар тус тус ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан....Г.Мөнхтүвшинг бага байхаас нь мэднэ. Мөнхтүвшингийн аав Гэндэнгончиг нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын малчин байсан юм. Г.Мөнхтүвшин нь эцэг эхийн хамт нэгдлийн хонь маллаж байгаад цэрэгт явсан юм. Цэргээс ирээд малчнаар нэгдэл тартал ажилласан. Олон жилийн өмнөх болохоор оныг нь санахгүй байна....Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригад буюу 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар ажиллаж байсан юм. Үүнээс бусад үед малчнаар ажиллаж байсан юм....Бид М гэхээсээ Мөнхөө гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч Т.Отгонбаярын ....Би Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг 1976 оны хавар төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу Ганц мод бригадад саальчнаар 1991 он хүртэл ажилласан....Г.Мөнхтүвшин бид хоёр Ховд аймгийн Дуут сумын сургуулийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Г.Мөнхтүвшин нь 1976 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Би Мөнхтүвшингийн ээж Бинъяагийн хамт заводын сүүн тасаг дээр хамт ажиллаж байсан. Г.Мөнхтүвшингийн ээжийн нэрийг Бинъяа гэдэг байсан юм. Бид дуудахдаа Бинжээ гэж авгайлж дууддаг байсан. Тэр үед миний аав Тайван нь Дуут сумын Социалиазмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгч хийж байсан юм. Манай бригадад эмчилгээ тэжээлийн цэг гэж хурга, ишиг, муу мал тэжээдэг штаб байсан. Г.Мөнхтүвшин нь тэнд санитарчаар ажиллаж байсан юм. Эмчилгээ тэжээлийн цэгт хэсэг хугацаанд ажиллаж байсан он сарыг нь санахгүй байна. Г.Мөнхтүвшин нь 1978-1981 онуудад цэрэгт явсан....Г.Мөнхтүвшингийн аавыг нь Хөөвчийн Гэндэнгончиг, ээжийг нь Бинъя, эхнэрийг нь Цэцгээ гэдэг юм.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 36/002243 дугаартай Гэндэнгончиг Мөнхтүвшин, Цэрэннадмид Цэцгээ нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-18, 35, 48-53, 54-55 дугаар тал/
Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Намайг миний гэр бүл болон нутгийн хүмүүс Мөнхөө гэж дууддаг...., гэрч Д.Харцагын ....Бид М гэхээсээ Мөнхөө гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч Т.Отгонбаярын ....Манай бригадынх Мөнхөө гэж дууддаг байсан. Уг нь Мөнхтүвшин гэдэг нэртэй юм.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 818 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын 1981-1989 онуудын 70 дугаар дансанд Мөнхөө гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Г.М нь НАХЯ-ны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02/3375 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 19-20 дугаар тал/
Хавтаст хэргийн 21-33 дугаар хуудсанд авагдсан 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан Диплом нь огноо тодорхойгүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Х, Т.О нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.М-ийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ