Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00292

 


 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00292

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин Ч.Д-ын хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 153/2018/00272/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Ч.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би сургуульд орж суралцаад 8 дугаар ангиас хөдөө мал маллахаар гарсан. 1978 оноос эхэлж мал маллаад өдий хүртэл мал маллаж байна. Би эрүүл мэндийн шалтгаанаар улмаас цэрэгт яваагүй. Би 45 хоногийн тракторын сургалтад суусан бөгөөд манай аав малчин болох хэрэгтэй гэж хэлсэн. Миний аав нэгдэлд адуу малладаг байсан. Малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор би хүсэлт гаргасан. Миний нэр Дагва-Очир гэж бичигддэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг бичихдээ хэллэгээрээ Давга-Очир, Даваг-Очир гээд янз бүрээр бичсэн байна. Иймд 1978 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Д нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Ч.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон 1978 оны 6 дугаар сарын 16, 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүдэд хүсэлт гаргагч Ч-ын нэрийг Ч. Даваг-Очир, Ч.Д гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, сар, өдөр, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс Ч.Д нэрээр олгосон 1978 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Ч.Д нэрээр олгосон 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Ч.Д мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Д нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 810 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон 1978 оны 6 дугаар сарын 16, 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүд, гэрч О.Чулууны ....Би 1977 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1984 оны 6 сар хүртэл нягтлан бодогчоор ажилласан. 1984 оны 6 сараас 1990 он хүртэл Мянгад сумын Давшилт нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Нэгдэл тараад компани болоход Давшилт компанид брокероор 1994 оныг дуустал ажилласан....Ч.Дагва-Очир нь 1978 оны 6 сарын үед байх сургууль төгсөөд хөдөө гарч эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Аав нь нэгдлийн адуучин байсан. Ч.Д нь 1978-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажилласан. Нэгдэл тараад компани болоход Давшилт компанид малчнаар ажилласан....Ч.Д нь цэрэгт яваагүй, тэнцдэггүй байсан....Боловсон хүчний эрхлэгч Бат-Орших, мөн нэгдлийн туслах нягтлан Ширчин, бригадын дарга нар мөн хөдөлмөрийн дэвтэр нээж, бичилтийг нь тухайн үеийн няравууд бичдэг байсан юм. Тухайн үед ажилладаг байсан хүмүүсийн нэрийг хэллэгээрээ л бичдэг байсан. Д-ын нэрийг дуудлагаараа янз бүрээр, утга нь алдагдахгүй л бичдэг байсан. Д, Д учир гээд янз бүрээр л бичдэг байсан. Одоо тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт хүмүүсийн нэрний үсгийг зөрүүлж бичсэн талаар хүмүүс их л ярьдаг болоод байна. Сүүлийн үед иргэний үнэмлэх барьж бичдэг болчихсон юм шиг байна.... гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн ....Ч.Д-ын аав Ч манай аав Б нар нь нэг бригадын малчид байгаа юм. Д нь сургууль төгсөөд л Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчин болсон хүн байгаа юм. Ийш тийшээ яввж үзээгүй нэгдлийн мал л маллаж байсан хүн. Бид хоёр 1988-1992 он хүртэл хамт ажилласан....Ч.Д нь цэрэгт яваагүй. Бие жижигтэй болохоор тэнцээгүй гэдэг.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Миний нэр Д гэж бичигддэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг бичихдээ хэллэгээрээ Д, Д гээд янз бүрээр бичсэн байна.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин 1978 оны 6 дугаар сарын 16 өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийг 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажиллуулсан бичилттэй байх тул Ч.Д-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдөр малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ч.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх түүний Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-тзааснаар Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс Ч.Д нэрээр олгосон 1978 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Ч.Д нэрээр олгосон 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь  дугаар регистртэй, Ч.Д мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Д Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдөр малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНЖАРГАЛ