| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00285/и |
| Дугаар | 153/ШШ2018/00293 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00293
| 2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00293 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, О.Ц-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00285/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч О.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1966 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Окоо гэдэг айлын 3 дахь охин болж мэндэлсэн. Би 1974 онд 1 дүгээр ангид орж, 1981 оны 1, 2 сарын үед 6 дугаар ангиас завсардаж сургуулиас гарсан. Би багаасаа аав, ээж нарынхаа хамт мал малласан. Өдийг хүртэл мал маллаж байна. Тухайн үед аав, ээж нарын хамт мал маллаж байсан хугацаагаа тогтоолгож авах хүсэлтэй байна. Би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна....Миний нөхрийг М.Баатарсүрэн гэдэг, хүмүүс миний нөхрийг М.Баатар гэж дууддаг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч О.Ц нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч О.Ц нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 826 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 70 дугаар дансны хуулбарууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 36/002115 дугаартай М.Б, О.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 6-14, 29 дүгээр тал/
Харин хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Нэгдлээс 16 насанд хүрсэн хүнд мал өгдөг байсан.... гэх тайлбар, хүсэлт гаргагч нь 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн нас буюу 16 насанд хүрсэн байх тул О.Ц-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 02 дугаар сараас 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 15 дугаар тал/
Гэрч Г.Цэдэнбалын ....О.Ц нь Ховд аймгийн 8 жилийн дунд сургуулийг 1981 оны 5, 6 сарын үед төгсөж, илгээлтээр хөдөө гарч.... гэх мэдүүлэг, гэрч Л.Баттөмөрийн ....О.Ц нь 1981 оны 6 сард сургуулиас гарч.... гэх мэдүүлгүүд нь хүсэлт гаргагч О.Ц-ын шүүх хуралдаанд гаргасан ....Би 1974 онд 1 дүгээр ангид орж, 1981 оны 1, 2 сарын үед 6 дугаар ангиас завсардаж сургуулиас гарсан.... гэх тайлбар, Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай албан бичигт Тус сумын Цагаанбулан багийн харъяат О.Ц нь 1974 онд Мянгад сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, улмаар ар гэрийн гачигдлаар 1979 онд 6 дугаар ангиас сургуулиас завсардаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй албан бичиг /ХХ-ийн 30 дугаар тал/ зэргээс зөрсөн, гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 9-5 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Баттөмөр, Г.Цэдэнбал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Ц-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 02 дугаар сараас 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ