Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Ц-гийн Б-т холбогдох  2235000980134  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 11-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Ц-гийн Б /РД:оэ83101616/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг 11-07 тоотод 2022 оны 5 дугаар сарын 11-нд хохирогч А.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг 11-07 тоотод 2022 оны 5 дугаар сарын 11-нд хохирогч А.Н-ыг зодсон болох нь:

1. хохирогч А.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байх найз Б-ын гэрт найз Я нарын хамт хараа нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Б бид хоёр хоорондоо тоглож байгаад Б нь намайг гэрээс гарч зайл гэж хөөж байснаа намайг заамдаад авахаар нь би Б-ыг газар унагаж дараад авахад Б намайг архины шилээр нэг удаа нүүрэн хэсэгт цохиж миний зүүн талын хацар зүсэгдсэн. Намайг шилээр цохисон. Харин би Б-ыг цохисон зүйл байхгүй. Намайг цохисны дараа би алчуураар дарж цусаа тогтоох гэсэн боловч тогтохгүй болохоор нь гэрт ирэхэд ах Э, эхнэр М хоёр байхаар нь би газар унаад хацраа зүссэн гэж хэлсэн боловч итгэж өгөөгүйгээс эмнэлэг рүү намайг авч очиж оёдол хийлгэж байхад эхнэр М нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Б-ын гэрт Я болон түүний ах М гэх хүмүүсийн хамт байсан. Миний нүүр хэсэг рүү архины шилээр цохиход уг шил нь хагарч миний нүүр хэсгийг зүссэн. Тухайн үед хагарсан шилийг цэвэрлэж хогийн саванд хаясан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

2. гэрч Ч.Я-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаангом сумын 12-р багийн нутаг байх ИХ гол дэлгүүрийн арын гудамжинд байх манай гэрийн ойролцоо найз Б, Б бид гурав үдээс хойш уулзаж дэлгүүр орж нэг шил архи аваад Б-ын гэрт очиж уугаад байж байхад гаднаас Н орж ирээд хамт уусан. Хамт уугаад сууж байхад Н, Б хоёр хоорондоо маргалдаж байгаад Б нь Н-ыг гэрээс гараад яв гэхэд Н нь гарч явчхаад 5-10 минутын дараа буцаж гэр рүү орж ирэхээр нь Б урдаас нь босож очоод гэрээс гар гээд хоорондоо заамдалцаж авсан. Н нь Б-ыг газар унагаахад Б нь газар унасны дараа хажууд байсан архины шилээр нүүр рүү нь цохиход Б ах бид хоёр очиж салгаж авсан. Архины шилээр цохисны дараа Н-ын хацар нь зүсэгдэж цус гарахаар нь цусыг тогтоож байхад Н нь гайгүй байлгүй дээ гэж хэлээд гэр рүүгээ явсан. Удалгүй Найрамдлын ах нь ирээд Б, Б бид гурвыг машиндаа суулгаж аваад цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Бид нар Б-ын гэрт архи уугаад сууж байхад гаднаас Н орж ирээд хамт архи уугаад сууж байснаа ярилцаж байхад давхардаж яриад байсан учраас нэгнийгээ дууг хорьж байсан. Тэгээд чи бид хоёр ярилцах өдөр биш байна гэж хэлээд Б нь Н-ыг гэртээ харь гээд явуулсан боловч Н буцаж гэрт ороод ирэхээр нь Б гар гээд гараас нь барихад Н нь барьцалдаж аваад газар унагаасан бөгөөд унагаасны дараа зодож цохисон зүйл байхгүй. Газар унагаасны дараа заамдаад дарж байхад Б нь архины шилээр цохингуут очиж салгаж авсан. Хараа нэртэй 0.5 литрийн архины хоосон шил нь хогийн савны хажууд байхаар нь аваад цохичихсон. Архины шилээр нүүр рүү нь цохисон учраас хагарсан. Хагарсан шилийг нь бид нар цэвэрлэж хаясан. Н нь гэрээс гарч яваад буцаж орж ирээд гар гэхэд нь барьцалдаж аваад шилээр цохиулах хугацаа нь 1-2 минут орчим болсон бөгөөд Б Н хоёр согтуу байсан учраас хурдан хугацаанд болж өнгөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

6. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ 17 цагийн үед би Я гэх найзтайгаа хамт архи уугаад сууж байхад нэг хорооллын болон найз Н нь гаднаас орж ирээд хамт архи ууж байхдаа бид хоёр хоорондоо үг сөргөөд байсан учраас би Н-д хандаж чи бид хоёр өнөөдөр яриа болон санаа нийлэхгүй юм байна гэж хэлээд Н-ыг гэртээ харьж амар гэхэд манай гэрээс гараад явсан. Удалгүй 5-10 минутын дараа буцаад манай гэр рүү ороод ирэхээр нь би урдаас нь очоод чи гэртээ харьж амар гээд гараас нь бариад гаргах гэхэд Н намайг заамдаад авахаар нь би бас Н-ыг бариад авахад намайг мушгиж газар унагасан. Тэгээд миний дээрээс дараад авахаар нь би хогийн савны хажууд байсан архины шилийг аваад нэг удаа түүрэн тус газар нь цохиход шил хагарч хацар нь зүсэгдсэн. Намайг цохисны дараа Я босож ирээд салгасан. Н-ын хацраас цус их гарч байсан тул цусыг тогтоож нүүрийг угаасны дараа би уучлалт гуйхад одоо гайгүй байлгүй дээ гэж хэлээд гэр рүүгээ явсан. Удалгүй гэрийнхэн нь ирж намайг цагдаагийн байгууллага руу авч явсан. Н бид хоёр найзууд бөгөөд урьд өмнө маргалдаж зодолдож байсан үе байхгүй. Тухайн үед бид хоёр согтуу байсан учраас намайг газар унагаад дараад авахаар нь би уурандаа архины шил гарт баригдсан тул цохиод авсангэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн “А.Н-ын биед зүүн хацарт зах ирмэг тэгш “1” хэлбэрийн шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэгт зулгаралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Зүүн хацарт зах ирмэг тэгш “1” хэлбэрийн шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт гэмтлүүд хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Зүүн хацарт зах ирмэг тэгш “1” хэлбэрийн шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.Н-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “...одоогийн байдлаар миний биед өвдөх зүйл байхгүй тул гомдол тэмцэлгүй” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 77 дахь тал) өөрийн гараар бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлын талаар гэрч Ц.Ш-ын өгсөн: “Манай авга Ц.Б нь 1983 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус аймгийн Улаангом сумын нутагт мэндэлсэн. Ц.Б нь дээд боловсролтой бөгөөд биеийн тамирын багш мэргэжилтэй.  Ц.Б нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, дуу цөөтэй, аавыгаа өнгөрснөөс хойш архи хэрэглэх нь ихэссэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрч Ц.Н-ийн өгсөн: “Ц.Б нь дээд боловсролтой бөгөөд биеийн тамирын багш мэргэжилтэй Дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөнөөс хойш ажиллаагүй бөгөөд 10 гаруй жил аавыгаа асарч байсан. Асарч байсан аав нь 2022 оны 02 дугаар сард өнгөрсөн бөгөөд ээж нь 20 гаруй жилийн өмнө өнгөрсөн бөгөөд түүнээс хойш аавыгаа асарч байсан. Өөрөө одоог хүртэл ганцаараа бөгөөд урьд өмнө гэр бүл зохиож байсан зүйл байхгүй. Аавыгаа байнга асардаг байсан учраас эрхэлсэн тодорхой ажил байхгүй бөгөөд тогтсон орлого гэж байдаггүй. Ц.Б нь 2022 он хүртэл аавыгаа асарч байгаад алдсанаас хойш одоог хүртэл ганцаараа амьдарч байгаа бөгөөд сэтгэл санаагаар хямарсны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Гэртээ ганцаараа байдаг тул хорооллын нь найз нөхөд ихээр ирж архи уудаг болсон. Ц.Б нь зан байдлын хувьд төлөв даруухан, дуу цөөтэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)-ууд авагдсан байна.

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгасан “1.24% согтолттой байсан” гэх магадлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал)-аар тогтоогдсон байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ц-гийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ