Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00295

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00295

                       Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, Ч.Б-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 153/2018/00291/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Ч.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Баян-Өлгий аймгийн Буянт суманд 1 дүгээр ангид орж сураад Ховд аймагт шилжиж ирээд сургуульд сурч чадаагүй. 1979 онд цэрэгт явж, 1981 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Ховд аймгийн Дуут сумын Социализм зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Намайг Ховд аймгийн Дуут сумын Социализм зам нэгдлийн 2 дугаар бригадад 1977 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний аав 1984 онд бие нь өвдөж нэрээ сольсон. Миний аав цуурч хүн юм. Цуур үлээхдээ н.Наранцогт гэдэг нэрээр явдаг бөгөөд албан ёсны нэр нь н.Чухай юм. Миний эхнэрийн нэрийг Цагаанцэцэг гэдэг гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1977 оны 8 дугаар сарын 08-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ч.Б нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1977 оны 8 дугаар сарын 08-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 891 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадын 1977-1979, 1983-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Цэдэнгийн ....Ч.Б-ийн аавынх 1972 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас эцэг эхийн хамт Ховд аймгийн Дуут суманд шилжиж ирсэн. Шилжиж ирээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. 1979 онд цэрэгт яваад 3 жил цэргийн алба хаасан. Өөр бусдаар сумаас гараагүй насаараа нэгдлийн мал малласан хүн. Бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Цээлээгийн ....Чухай гэдэг айл 1972 онд Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн Дуут суманд шилжиж ирсэн. Чухайгийнх олон хүүхэдтэй айл байсан. Ч.Буяндэлгэр нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Ч.Б нь ямар ч байсан нэгдэлд тарах хүртэл ажилласан. Оныг нь би мэдэхгүй ямар ч байсан ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 36/002199 дугаартай Чухай Буяндэлгэр, Уртнасан Цагаанцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Миний аав 1984 онд бие нь өвдөж нэрээ сольсон. Миний аав цуурч хүн юм. Цуур үлээхдээ н.Наранцогт гэдэг нэрээр явдаг бөгөөд албан ёсны нэр нь н.Чухай юм...., гэрч Д.Цээлээгийн ....Аавыг нь Чухай гэдэг. Бас Наранцогт гэдэг байсан. Ямар учиртайг нь мэдэхгүй 2 нэртэй байсан. Б-ийн эцэг нь цуур хөгжим үлээдэг хөгшин байсан. Тэгэхдээ л телевизороор нэр нь гарахдаа Наранцогт гэж гараад байдаг байсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 891 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадын 1985-1991 онуудын 70 дугаар дансанд Н.Б, Н.Б гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

Ч.Б нь БХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3533 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Б-ийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1977 оны 8 дугаар сарын 08-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  С.ОЮУНЖАРГАЛ