| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00233/и |
| Дугаар | 153/ШШ2018/00297 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00297
| 2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00297 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Д.Э-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 153/2018/00233/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Д.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Тэтгэвэрт гарахын тулд би 7 жил малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа өгсөн. Ховд аймгийн Манхан сумын сургуульд сурч байгаад 3 дугаар ангиас сургуулиас гарсан. 1987 онд гэр бүлтэй болж Ховд аймгийн Зэрэг сум руу шилжсэн. Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1984 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг хүмүүс Чимгээ гэж дууддаг. Миний нөхрийн нэрийг С.Цэрэннамдаг гэдэг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1984 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Э нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 774 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын 1985-1987 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлээс 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, Содномын Цэрэннамдаг, Дагвын Эрдэнэчимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-12, 35-47, 48 дугаар тал/
Харин хүсэлт гаргагч Д.Э-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1984 оны 06 дугаар сараас 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Намайг хүмүүс Чимгээ гэж дууддаг....Миний нөхрийн нэрийг С.Цэрэннамдаг гэдэг...., гэрч Ү.Цэдэнбалын ....Д.Эрдэнэчимэгийг манай нутгийнхан Чимгээ гэж дууддаг.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудад бичигдсэн хүсэлт гаргагчийн нөхрийн нэр, эхийн нэр зэрэг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 774 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын 1985-1987 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад бичигдсэн нэрстэй тохирч байх тул уг 70 дугаар дансанд Чимгээ гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Хүсэлт гаргагч Д.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 11 дүгээр сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 13-15 дугаар тал/
Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын 1984 оны 70 дугаар дансны хуулбарт Дагва, Могс гэх хоёр хүний нэр бичигдсэн, цалин хөлсний нийлбэр нь хоёр хүний цалин хөлстэй тохирсон тул уг 70 дугаар дансны хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй, хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан иргэн Ү.Цэдэнбал, Д.Баатаржав нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Э-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Д.Э нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1984 оны 06 дугаар сараас 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ