Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00298

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр  

       Дугаар 153/ШШ2018/00298

                         Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, эрэгтэй, П.Ц-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 153/2018/00316/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хүсэлт гаргагч П.Ц нь Ховд аймгийн Мянгад суманд 8 дугаар анги төгссөн. 1977-1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аав, ээж нарын хамт мал маллаж байсан. 1980 онд цэрэгт явж, 1983 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Тухайн үед малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэж, хүсэлт гаргасан. П.Ц-г Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг П.Ц-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч П.Ц нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 729 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1979-1980, 1984-1985 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Агваш бригадын 1988 оны 70 дугаар дансны хуулбар, Дөргөн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлөөс олгосон 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэх бичвэртэй Сайшаалын үнэмлэх, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэх бичвэртэй Баярын бичиг, гэрч С.Загирзүсэмийн ....Би 1979 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулий төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1980 оны 6 сард цэргийн албанд татагдаж 1983 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 он хүртэл ажилласан....П.Ц нь манай дээд талын ангид байсан. П.Цэндсүрэнгийн эцэг, эх нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадын хүмүүс байгаа юм. 1980 онд цэрэгт явж 1983 онд халагдаж ирсэн юм. П.Цэндсүрэн нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу Агваш бригадад 1990 он хүртэл малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1986 оны 01-5 сар, 9-10, 12 сар, 1987 оны 01-5, 7-9, 11-12 дугаар саруудын цалин хөлс олгосон жагсаалтын хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 13-16-20, 22-23, 43-44, 47-63 дугаар тал/

Харин хүсэлт гаргагч П.Ц-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 729 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1980, 1984-1985 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад Баярлахын Пүрэв гэх бичвэртэй цалин хөлсийг задалж бичээгүй, гэрч С.Загирзүсэмийн ....Аавынх нь нэрийг Пүрвээ гэдэг. Ээжийнх нь нэрийг Уртнасан гэдэг байсан. П.Цэндсүрэн нь эцэг эхээс 4-үүлээ санагдаж байна. П.Ц нь айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Ахынх нь нэрийг Жүгдэр, эгчийнх нь нэрийг Зунтов, дүүгийнх нь нэрийг Цогт-Эрдэнэ гэдэг... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1986 оны 01-5 сар, 9-10, 12 сар, 1987 оны 01-5, 7-9, 11-12 дугаар саруудын цалин хөлс олгосон жагсаалтын хуулбаруудад Ба.Пүрэв гэх нэрний ард Жүгдэр, Ц гэх нэр бичигдсэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....П.Цн 1998 онд гэр бүлтэй болсон... гэх тайлбар, 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн талаар бичилтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 729 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1980, 1984-1985 онуудын 70 дугаар дансны хуулбаруудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

П.Ц нь НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн б/516 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05/2997 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 8-9, 46 дугаар тал/

Хавтаст хэргийн 4-7, 21, 31-32 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Даваажаргал, С.Загирзүсэм, З., Ж.Төмөрхуяг нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 12, 28-29 дүгээр хуудсанд авагдсан Хүүхэд залуучуудын ордоны дурсгалын медалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 сарын 25-ны өдөр олгосон Баярын бичиг, 2008 оны 12 сарын 30-ны өдөр олгосон Өргөмжлөл зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1978 оны 70 дугаар дансны хуулбарт Бавшины Пүрэв гэх нэр бичигдсэн байх бөгөөд хүсэлт гаргагчийн эцэг Баярлахын Пүрэвийн цалин хөлсний баримтад хамааралтай болох нь эргэлзээтэй, хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан Талархалд бичигдсэн хүсэлт гаргагчийн нэр завсартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадын цалин хөлсний жаргаалт гэх бичвэрийн огноо, Цн гэх нэр зэрэг нь засвартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Ц-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч П.Ц нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНЖАРГАЛ