Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/741

 

 

 

 

 

 

 

2022            6              08                                        2022/ШЦТ/741

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа 

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батбаатарын Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00506 0833 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58в байрны 46 тоотод Э.Мтой маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 647 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Ц.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ц, хохирогч Э.М нар нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58в байрны 46 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар шүүгдэгч Б.Ц нь хохирогч Э.Мтой маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Э.Мын “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найз охин ...Намуунзаяатай хамт хоёулаа уулзаад бид хоёр Ханын материалд амьдардаг найзынд нь очсон юм. Тэгээд найзынд нь очоод уулзаж байгаад буцаад бид 6 болоод Ханын материалын эцэс дээр ирээд Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи аваад бид нар Намуунзаяагийнд очиж ууцгааж байгаад би Цтэй танилцаад найзалж байгаад би Цийг би “ахын дүү” гээд дуудчихсан чинь “чи намайг ахын дүү гэлээ” гэж хэлээд Ц эхлээд миний хамар руу нэг удаа цохиод миний хамраас цус гарсан ба тэнд байсан хүмүүс больцгоо гээд бид нар гадаа нь гараад би үүдэн дээр нь сууж байтал Ц хүрж ирээд хөмсөг рүү “чиний ах гэж юу байдаг юм бэ” гээд цохиод авсан. Би эмнэлэгт үзүүлээгүй, надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг /хх11-14/,

- гэрч М.Отгонтөгсийн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад манай эгч Номунзаяа над руу залгаад гэрт хүмүүс ирээд архи уугаад байна ирээд хөөгөөд явуулаадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзтайгаа хамт очсон. Намайг очиход эгчийн гэрт М, Ц гэх хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгэхээр нь би Цийг чи манай эгчтэй архи дарс уухгүй, одоо гэрээс нь яв гэж хэлсэн чинь Ц хоёулаа цуг гаръя гээд манай эгчийн гэрээс бүгд гарсан. Ц “заза би явлаа, харин гэрээс утсаа авах гэсэн юм” гэхээр нь би “тэг, тэг” гэж хэлээд буцаад байрны орц руу орсон чинь орц дотор эгчтэй хамт М зогсож байхад Ц очоод нүүр лүү нь гараараа цохиод авахаар нь би очоод салгасан чинь Мын хөмсөг нь сэтэрсэн цус гарж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би Цээс “чи яагаад энэ хүнийг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь “энэ түрүүнээс хойш намайг өдөөд байгаа юм, тэгэхээр нь цохиод авсан” гэж хэлсэн. Мын зүүн талын хөмсөг нь язарсан цус гарч байсан өөр учирсан гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх16/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1823 дугаар шинжилгээг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн байх ба дүгнэлт хэсэгт “Э.Мын биед зүүн хөмсгөнд няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 4-5 хоногийн өмнө үүссэн байна” гэжээ. /хх20/,

           

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчтой маргалдан нүүрэн тус газарт нь цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Э.М нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

9. Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас төлөвлөөгүй буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурч хоорондоо маргалдсанаас шалтгаалсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Батбаатарын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР