Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

          Д.Б , Д.Н нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 788 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцлээр Д.Б , Д.Н нарт холбогдох 180200130089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д-ны Б, -тоот/, ял шийтгэлгүй, .............;

 

2. Б овгийн Д-н Н, ..........оршин суух бүртгэлтэй, ..............,

2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1989 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

2008 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хугацаа дуусан суллагдсан,

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

Д.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гурав дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 768,46 грамм хэмжээтэй цэвэр мөнгөн усыг 2018 оны 1 дүгээр сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 403 тоот өрөөнд байрлаж байсан Д.Б ид хууль бусаар дамжуулан өгсөн,

Д.Б  нь 2018 оны 1 дүгээр сарын эхээр Д.Н-н авч ирсэн химийн хорт, аюултай бодис болох 768,46 грамм хэмжээтэй цэвэр мөнгөн усыг өөрийн байрлаж байсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 403 тоот өрөөний цонхны гадна талын тавцан дээр байрлуулан тавьж 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Б , Д.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Дамдины Батдоржийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Наранбаатарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 5,400 нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ид оногдуулсан 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б ид мэдэгдэж, шүүгдэгч Д.Б , Д.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хойшлуулсан хугацаанд хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Д.Н нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулинд зааснаар ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн гялгар ууттай “Эко давс” гэсэн бичигтэй цагаан өнгийн нунтаг зүйл, хөө тортог болсон тугалган цаасны хэлтэрхий 6 ширхэг, хуйлж ороосон АК6421069 сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тариур 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан савтай шилний хамт нийт 1080,8 грамм, нийт 768,46 грамм цэвэр жинтэй мөнгөн ус болох химийн хортой бодисыг "Jujube Gold”, “Bacciuse-D”, “Боярьшника настока” гэсэн бичиглэлүүдтэй 3 бор шилэн савны хамт, мөнгөн усны бөмбөлгүүд наалдсан гэх зэс аяга 1 ширхэг, хэргийн газарт асгарсан байсан мөнгөн усыг соруулж авсан, мөнгөн усны бөмбөлгүүд наалдсан гэх 10 граммын тариур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоолын хамт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвд шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх хуулийн шаардлагад хамааруулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байхыг шаардаж байгаа. Гэтэл шүүх Д.Н-ыг 1 нас 9 сартайгаас 14 нас хүртэл 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг гэдэг баримтыг үндэслэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хийсэн. Гэвч шүүгдэгч Д.Н нь 4 удаагийн ял шийтгэлтэй төдийгүй, энэ гэмт хэргийг үйлдэх үед тухайн жилд буюу 2018 оны 2 дугаар сард бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан. Энэ нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хамааруулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэлгүй. Мөн 1 жилийн хорих ял оногуулчихаад хорих ялын дэглэмийг дурдаагүй нь хуулийн заалтыг зөрчсөн.

 Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 9 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ...хуйлж ороосон 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг... зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.

Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж Эрүүгийн хуулинд байхгүй заалтыг тогтоолдоо тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах” гэснийг зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй гэж үзнэ гэснийг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Чулуунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Н нь 1 нас 9 сартайгаас 14 насны бага насны 4 хүүхдийг асран хамгаалах үүргийг харгалзан үзэж, энэ үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн бол даруй хорих ялыг биечлэн эдлүүлэхээр Эрүүгийн хуульд заасныг баримтлан шийдвэрлэсэн. Яллагдагч урьд нь гэмт хэрэг холбогдож шийтгүүлсэн тул шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх биш хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, түүнд 4 хүүхдийг асарч тэтгэх нийгэмд хэрэгтэй гэж үзэж Эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн тохирсон шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх хорих ялыг хойшлуулсан шийдвэр гаргахдаа уг ялыг хаана, ямар дэглэмээр эдлүүлэх талаар тусгаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ялтан хүүхдээ асарч хамгаалахаас зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүх захирамж гаргана” гэж заасан учраас шүүх захирамждаа тухай үеийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрхтэй.

Мөн 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг устгахыг заасан нь хууль зөрчсөн гэж прокурорын эсэргүүцэлд дурдсан байна. Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Монгол банк нь мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах түүний нөөцийг бий болгох, гэмтэж муудсаныг устгах ажлыг эрхлэн зохион байгуулна” гэж заасан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10-тын мөнгөн дэвсгэрт нь гэмтэж муудсан гэх тодорхойлолт байхгүй учраас мөнгөн тэмдэгтийг устгах үндэслэлгүй. Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар баталсан гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг устгах тухай байдаг. Гэтэл эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэр нь хуурамч гэсэн тодорхойлолт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, прокурорын эсэргүүцэл аль аль нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ хэсэгт өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн холбогдох зүйлийг зөв бичиж, харин хэсгийг нь бичихдээ 3 гэдгийг буруу бичсэн гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан нь зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасан.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Дамдины Батдоржийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, Дашдондовын Наранбаатарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар бусдад дамжуулсан гэж үзэж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл хэсэгт заасан ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнхцэцэг “...Шүүгдэгч Д.Н-т ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэлгүй, оногдуулсан хорих ялын дэглэмийг дурдаагүй, улсын мөнгөн дэвсгэртийг устгахаар шийдвэрлэсэн нь Төв банкны тухай хууль зөрчсөн, прокуророос яллагдагч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

 

Шүүгдэгч Д.Н нь хэрэгт гэрчээр “...ам бүл 4, гурван хүүхдийн хамт амьдардаг...” гэж мэдүүлсэн /1 хх 64/, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолд Д.Н-ынбиеийн байцаалтыг “...ам бүл 4, 3 хүүхдийн хамт оршин суух...”/2 хх 19/, гэснээс гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны тодорхойлолтод “...тус багийн иргэн Дашдондовын Наранбаатар 7-14 насны 3 хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов...” /2 хх 141/ гэсэн байхад анхан шатны шүүхэд Н.Наранбаатар нь “...Наранбаатарын Роман 2017 оны 1 сарын 20-нд төрсөн...” гэсэн /2 хх 240/ төрсний гэрчилгээний хуулбар, “Хэрх” Эрүүл мэндийн төвийн өрхийн их эмч Т.Лхагвадоржийн “...0-14 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт /2 хх 235/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “...тус багийн иргэн Дашдондовын Наранбаатар нь ам бүл 5, 1,9 сараас 14 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг болохыг тодорхойлов...” /2 хх 234/ гэх тодорхойлолтыг гарган өгчээ.

 

Анхан шатны шүүхийн дээрхи эргэлзээтэй баримтуудын аль нотлох баримтыг шүүх ямар үндэслэлээр ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаархи дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Д.Н-ынасрамжид хүүхдүүдийг үлдээсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, ганц бие эцэг болохыг маргаангүй тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

 

Шүүгдэгч Д.Н нь “...2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн  нутагт хохирогч Р.Баатаржавыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” үйлдэлдээ Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэнд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Мөн анхан шатны шүүх Д.Н-т 1 жилийн хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагын ангид эдлүүлэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг,

“...хуйлж ороосон 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг...” -ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно....” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж Эрүүгийн хуульд байхгүй заалтыг тогтоолдоо тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах” гэснийг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...”, 1.4-т “...дүгнэлт нь ....Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал...” гэж зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Н, Д.Б  нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 788 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б , Д.Н нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Д.Б , Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                   Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ