Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 172

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Б.Батхишиг, шүүгдэгч Ж.Баатар нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Боржгон овогт Жанцандоржийн Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0681 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овогт Жанцандоржийн Баатар: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Автостандарт ХХК-д хангамжийн менежер ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар гудамжны 131 тоотод оршин суудаг, ШД69121433 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ж.Баатар нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худгийн замд зүүнээс баруун зүгт 32-38 УБЛ улсын дугаартай Мицубиши Галант загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчин замын хажуу руу онхолдож улмаар хохирогч Д.Сувданзагасын биед хүндэвтэр, хохирогч Б.Баянмөнхийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Баатар нь 2016  оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз Д.Баянмөнх, Д.Сувданзагас, Х.Тунгалаг, Г.Буянтогтох нарын хамт Төв аймгийн Аргалант сум руу 32-38 УБЛ улсын дугаартай Мицубиши Галант загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яваагүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хүй долоон худгийн замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт замын хажуугийн шороон хөвөө рүү онхолдож, хохирогч Д.Баянмөнхийн биед хүнд, Д.Сувданзагасын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Баатар: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө. Би 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дөрвөн найзын хамт хөдөөний айлд очихоор явж байгаад Хүй долоон худгийн баруун урд талын замд зам тээврийн осол гаргасан. Тухайн үед бороо шивэрч байсан тул замын байдал нойтон буюу халтиргаатай байсан болно. Миний хувьд замын байдлыг харгалзан тохирох хурдыг сонгож яваагүйн улмаас гэнэт шарвалт үүсч машин хөндөлдөж, замын хажуу руу унасан юм. Үүнээс болоод хоёр найз маань гэмтэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан. Тэдний эмчилгээний зардлыг би бүрэн төлсөн. Одоо биеийн байдал нь сайн бөгөөд ажлаа хэвийн хийж байгаа. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2400 0681 дугаартай хэргээс)

Хохирогч Д.Баянмөнхийн өгсөн: Ингээд Хүй долоон худгийн баруун талын шулуун замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байхад бороо шиврээд орж байсан. Гэтэл гэнэт л машин зам дээр нар буруу бүтэн хоёр эргэлдээд замын зүүн тал руу гараад замын хажуугийн үерийн далан руу ороод онхолдоод нэг хөрвөөгөөд машины дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай зогсчихсон. Ингээд Баатар эхэлж буугаад намайг хамгийн эхэнд татаж буулгаад араас нь нэг нэгээрээ буусан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний бүх зардлыг Баатар гаргасан… гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

Хохирогч Д.Сувданзагасын өгсөн: Тухайн үед Баатар өөрөө машинаа жолоодоод хажуугийн урд суудалд Тунгалаг, баруун хойд талд Баянмөнх, голд нь би, миний зүүн талд Буянтогтох суугаад Эмээлтийн товчооноос зүүнээс баруун чиглэлтэй явсан. Ингээд Хүй долоон худгийн салдаг уулзвар өнгөрөөд даваа өгсөөд явж байсан. Энэ үед би замын хойд талд буюу баруун гар талд уулын энгэрт байдаг амралтын газрыг бусаддаа ярьж өгөөд явж байтал гэнэт зүүн гар тал руу шарвалт өгч зам дээр хоёр бүтэн эргээд ертөнцийн зүгээр баруун тийш хараад замын зорчих хэсгийн зүүн гар тал руу үерийн усны шуудуу руу ороод бүтэн эргэчихсэн юм. Ингээд хэд хэд эргээд замын хажуугийн шороон хөрсөн дээр дээшээ хараад зогссон бөгөөд бид нар бие биенээ гайгүй юу, яаж байна гэж байх үед Баатар аль хэдий нь гарчихсан Тунгалагийг машинаас гаргаад, дараа нь арын суудалд сууж явсан Буянтогтохыг татаж гаргаад, дараа нь тэр хоёр хамжиж намайг гаргасан. Буянтогтох машины хажуу тийш хөрвөөгөөд өнхрөх үед миний дээр уначихсан байсан. Баянмөнх болохоор миний доор дарагдчихсан байсан. Урд сууж явсан Тунгалаг, Баатар хоёр хамгаалах бүс зүүчихсэн байсан. Арын суудалд сууж явсан Буянтогтох, Баянмөнх бид гурав хамгаалах бүс зүүгээгүй байсан. Баатар архи уугаагүй байсан. Баатарт ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),

Гэрч Г.Буянтогтохын өгсөн: Тухайн үед машиныг Баатар өөрөө жолоодож явсан бөгөөд жолоочийн хажуугийн суудалд Тунгалаг суугаад, Тунгалагийн арын суудалд би суугаад миний баруун талын голд Сувданзагас суугаад баруун хойд талд буюу жолоочийн хойд суудалд Баянмөнх сууж явсан юм. Ингээд Хүй долоон худгийн урд талын шулуун замаар Цагаан хөтөл өгсдөг хэсгийн доор буюу наана зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Тухайн үед шиврээ бороо орж байсан тул зам гулгаатай байсан. Гэнэт машин бөгсөө хаях шиг болоод зам дээр нар буруу хоёр эргээд замын хажуу руу ороод түс тас гээд л явчихсан. Нэг мэдсэн машинаас буугаарай л гэж байсан. Тэгээд буугаад иртэл машины дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай байсан. Бид хоорондоо юм яриад явж байсан болохоор хурд хэмжигчийг нь хараагүй. Ойролцоогоор 70 км цагийн хурдтай явж байсан байх... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

Гэрч Х.Тунгалагийн өгсөн: Ингээд Хүй долоон худаг өнгөрөөд зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байх үед Сувданзагас замын хойд талд япончуудын зочид буудал байдаг тэндээс урагшаа их гоё харагддаг юм байна лээ гэж яриад явж байтал гэнэт машин зам дээр эргэлдээд эхэлсэн. Би айгаад орилж чадаагүй нүдээ аниад нээтэл замын урд талд шороон хөвөөн дээр гарчихсан байсан. Нэг мэдсэн чинь баахан хүмүүс ирчихсэн хүмүүсийг нь гаргаарай гэж байсан. Баатар архи уугаагүй байсан. Машинд суугаад харсан чинь Баатар хамгаалах бүсээ зүүчихсэн байхаар нь би бас зүүх ёстой гэж бодоод хамгаалах бүсээ бүсэлсэн… гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9947 дугаартай: Баянмөнхийн биед хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 3 дугаар нугаламын их бие, өвчүү яс, баруун талын 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, чээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 25 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9948 дугаартай: Сувданзагасын биед сээрний 3, 4, 5 дугаар нугаламын шахагдсан хугарал, баруун талд 10, 11 дүгээр хавирганы хугарал, хамрын нурууны цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас),

Техникийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 517 дугаартай: 32-38 УБЛ улсын дугаартай Мицубиши Галант загварын автомашины жолооч Ж.Баатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 тээврийн хэрэгслийн хурд 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт (хх-ийн 33 дугаар хуудас),

Ж.Баатарын сэжигтнээр өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед би найз Баянмөнх, Тунгалаг, Сувданзагас, Буянтогтох нарын хамт өөрийн эзэмшлийн Мицубиши Галант загварын автомашинтай хөдөө салхинд гарахаар Төв аймгийн Аргалант сум руу явсан. Ингээд хотоос Эмээлтийн товчоогоор гараад зүүнээс баруун чиглэлтэй Хүй долоон худаг өнгөрөөд явж байгаад Цагаан хөтөл гэх газрыг зүүнээс баруун чиглэлтэй өгсөөд явж байтал гэнэт миний нүдний урдуур том цагаан юм харагдаад мананд орчихсон юм шиг болсон. Ингээд замын зорчих хэсгийн урд талд машинтайгаа онхолдсон байсан. Би ойролцоогоор 80 км цагийн хурдтай явж байсан. Миний машин 1995 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн автомашин байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хамгийн сүүлд 2015 оны 12 сард оношилгоонд оруулахад тэнцэнэ гэж хариу өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас),

Ж.Баатарын яллагдагчаар өгсөн: Би энэ машиныг 2010 онд Н.Ганбаатар гэдэг хүнээс худалдаж авч байсан. Уг хүн нь машин худалдсаны дараахан нас барсан гэж сонссон. Тиймээс нэрээ шилжүүлэн авч чадалгүй өдий хүрсэн юм. Би гэрийнхэнтэй нь уулзаж нас барсны гэрчилгээг нь аваад нэрээ шилжүүлж авъя гэсэн боловч ар гэрийнхэн нь амьдарч байсан газраасаа нүүчихсэн байсан. Одоо хаана байгааг нь олж чадахгүй байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ШД69121433 регистрийн дугаартай Боржгон овогт Жанцандоржийн Баатар нь ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй гэх лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас),

Мицубиши Галант загварын автомашины эзэмшигч Нэргүйн Ганбаатарын нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Ж.Баатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримт болон гэмт хэрэг зүйлчлэлийн хувьд тохирч байна. Харин хууль зүйн техникийн хувьд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийн зүйлчлэлд үл хамаарах үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хамтатган авч үзсэн нь буруу байна. Тодруулбал, энэ хэргийн улмаас хохирогч Д.Баянмөнхийн биед хүнд гэмтэл учирсан нь дангаараа гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжид хамаарах тул зүйлчлэл хүндрэх үндэслэл болж байна. Иймд хохирогч Д.Сувданзагасын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүний зүйлчлэлд багтсан хэмээн ойлгоно.

Хавтаст хэргийн 43 дугаар хуудаст хавсаргасан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Ж.Баатар нь ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Баатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шүүхээс тогтоосон хугацаанд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст хянан харгалзуулах нь зүйтэй байна. 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Баянмөнх, Д.Сувданзагас нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Баатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

32-38 УБЛ улсын дугаартай Мицубиши Галант загварын тээврийн хэрэгсэл нь Н.Ганбаатарын эзэмшилд бүртгэл (хх-ийн 53 дугаар хуудас)-тэй боловч;

- шүүгдэгч Ж.Баатарын яллагдагчаар өгсөн Би энэ машиныг 2010 онд Н.Ганбаатар гэдэг хүнээс худалдаж авч байсан. Уг хүн нь машин худалдсаны дараахан нас барсан гэж сонссон. Тиймээс өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй гэх мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),

  • Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/012335 дугаартай: Монгол Улсын иргэн Боржигон овогт Нэргүйн Ганбаатар (РД:уш69012314) нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нас барсан гэх нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас)

Тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх бүртгэлтэй Н.Ганбаатар нь нас барснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн атал энэ хугацаанд өв залгамжлал, эд хөрөнгийн талаар маргаан гараагүй, тус тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Баатар өөрийн дураар эзэмшиж, ашиглаж байсан байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт заасан Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх шаардлага тавьж буй иргэн байхгүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Баатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус тогтоолд дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн Ж.Баатарын 589660 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, 32-38 УБЛ улсын дугаартай Мицубиши Галант загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.Баатарт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Баатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржгон овогт Жанцандоржийн Баатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баатарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Баатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баатарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт зааснаар Ж.Баатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Баатарын 589660 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, 32-38 УБЛ улсын дугаартай Мицубиши Галант загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.Баатарт буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Баатарт авсан гадагш явж болохгүй тухай батлагаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.БАТАА