Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 896

 

МАГАДЛАЛ

 

2017.04.10                                               Дугаар 896                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Ловонко” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ловонко” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох,

7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Ловонко”   ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн толгой компанид шилжүүлэх хүсэлтийг гаргаж улмаар уг ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжид 7 000 000 төгрөгийг төлсөн. Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6/8122 дугаар мэдэгдлээр дээрх өргөдлийг компанийн хүсэлтийн өргөдлийн бүртгэлээс хассан болохыг мэдэгдсэн албан бичгийг гаргажээ. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газарт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байгаа талаар албан бичгийг хүргүүлсэн байна. Гэтэл уг албан бичигт бичгээр хариу өгөөгүй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин Ашигт малтмалын газарт хандаж дээрх тэмдэгтийн хураамжийг буцаан авах хүсэлтэй байгаа талаараа албан хүсэлт гаргаж 2016 оны 1 дүгээр сард Ашигт малтмалын газраас хүсэлтийн хариу гарсан эсэхийг лавлахаар очиход Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ажилтан н.Хатанбаатар, кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Баатарбилэг нар уг хүсэлтийн дагуу 7 000 000 төгрөгийг буцаан өгнө, танайх тэмдэгтийн хураамжийг буцаан авах дансаа бичээд албан бичгээ өөрчлөөд ир гэж хэлсний дагуу албан бичгээ өөрчлөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А-91 тоот албан хүсэлтийг Ашигт малтмалын газар гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газраас албан ёсны хариу ирэлгүй 1 cap гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд дахин юу болсон талаар лавлахаар очиход Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Сүхбаатар "...танайд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй, бид үйлчилгээ үзүүлсэн..." гэсэн хариуг амаар өгсөн бөгөөд үүний дараа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газраас дээрх 7 000 000 төгрөгийг буцаан олгох боломжгүй болохыг мэдэгдье гэсэн албан бичиг ирсэн. Иймд "Ловонко" ХХК-ийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор "Ловонко" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ашигт малтмалын ашиглалтын MV-015161 тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр "Ловонко" ХХК-д олгосон байна. "Ловонко" ХХК нь хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын MV-015161 тоот тусгай зөвшөөрлөө шилжүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргаж Кадастрын өргөдлийн бүртгэлийн TR-008428 дугаарт бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" гэсэн чиг үүргийн хүрээнд шилжүүлэх өргөдлийг доор дурдсан хуулийн заалтуудын дагуу хянан үзсэн. Үүнд, Хуулийн 49.4, 49.4.1-49.4.7, 49.5,          49.5.1-49.5.5-д заасан заалтуудын хүрээнд тодруулж үзэхэд 49.6.2-д "өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах" гэж заасны дагуу нэмэлт мэдээлэл буюу шилжүүлэн өгч буй компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, итгэмжлэлийг хуулийн дагуу ирүүлэх тодруулбал, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д нийцүүлэн ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардсан байна. Энэ тухай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай дотоод хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийсэн мэргэжилтнүүдийн тодорхойлолтоор тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл дээр дурдсан хуулийн шаардлагуудыг хангаагүй нь баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн "Ловонко" ХХК нь хуулийн шаардлагад нийцүүлэн холбогдох материалыг ирүүлээгүй бөгөөд улмаар тус компаниас Өмгөөллийн "Эй Ди Ти" ХХН-д 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр итгэмжлэл өгсөн байдаг. Энэхүү     итгэмжлэл нь ашигт малтмалын ашиглалтын MV-015161 тоот тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт нотлох баримт болон хадгалагдаж байна. Өмгөөллийн "Эй Ди Ти" нөхөрлөл нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А-37 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст хүсэлт гаргасан. Хүсэлтэд "тус тусгай зевшөөрлийг тусгай зөвшөөрөл шилжүүлэх бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийн хамт бэлтгэж, боловсруулан өгсөн бичиг баримтуудыг эргүүлэн олгож бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ уу" гэсэн байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай" 883 дугаар шийдвэрээр хүсэлтийн дагуу өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэн улмаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8122 тоотоор шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Үйлдвэр худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг зааж өгсөн бөгөөд 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсгийн 2-т заахдаа Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэхэд 7.000.000 төгрөг байна гэж заасан өгсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасны дагуу агентлагийн бүтцийн нэгж Кадастрын хэлтзс Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг хянан үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "тэмдэгтийн хураамж" гэх/ гэнэ", мөн хуулийн 45 дугаар зүйлд 45.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжтай холбогдсон гомдлоо тэмдэгтийн хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ." гэж заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Дээр дурдсан хуулиудын зохицуулалтаар төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгө юм. Энэ нь хариу төлбөргүй ба өргөдлийг хянан үзэж хуулийн дагуу бүртгэлээс хассан тохиолдолд буцаан олгохгүй бөгөөд харин хуулиар тэмдэгтийн хураамжийг хөнгөлөх чөлөөлөх харилцааг зохицуулсан байна.

Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 7 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Ловонко" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Ловонко" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Ловонко" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг, "Ловонко" ХХК нь хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших "Баруундалан-1" нэртэй 398.24 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015161 тоот тусгай зөвшөөрлөө Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын MV-015161 тоот тусгай зөвшөөрлөө шилжүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргаж Кадастрын өргөдлийн бүртгэлийн TR-008428 дугаарт бүртгүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд заасан геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" гэсэн чиг үүргийн хүрээнд шилжүүлэх өргөдлийг доор дурдсан хуулийн заалтуудын дагуу хянан үзсэн. Үүнд, Хуулийн 49.4-д "Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 49.4.1.шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл; 49.4.2.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг; 49.4.3.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг; 49.4.4.ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт; 49.4.5.байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт; 49.4.6.хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт; 49.4.7.үйлчилгээний хөлс төлсөн баримт. гэж заасан шаардлага хангасан эсэхийг хянасан.

Хуулийн 49.5-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4-т заасан өргөдлийг хүлээн авмагц бүртгэж дараахь зүйлийг тодруулна" 49.5.1.өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх; 49.5.2.шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа эсэх; 49.5.3.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан эсэх; 49.5.4.тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан эсэх гэсэн заалтуудын хүрээнд тодруулж үзэхэд төлөөлөх эрхгүй этгээд өргөдөл гаргасан.Иймд шилжүүлэн өгч буй компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, итгэмжлэлийг хуулийн дагуу ирүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан.

Нэхэмжлэгч талаас дахин итгэмжлэл өгсөн байдаг. Энэхүү итгэмжлэл нь ашигт малтмалын ашиглалтын MV-015161 тоот тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт нотлох баримт болон хадгалагдаж байна.

Шүүхийн үзэж буйгаар заавал тусгай зөвшөөрлийг нэг этгээдээс нөгөөд шилжүүлснээр төрийн үйлчилгээ үзүүлсэн гэж үзэж буй нь хуулийг буруу хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Учир нь манай байгууллага үйлчилгээ үзүүлэхээс татгалзаагүй харин хуульд заасан журмын дагуу үйлчилгээ үзүүлж Татварын ерөнхий хуульд заасан хүн цаг гарган ажиллаж эцсийн шийдэгдэх шатанд нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар өргөдлийн бүртгэлээс хасах шийдвэр буюу захиргааны акт гаргаж ажиллан тодруулбал, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай" 883 дугаар шийдвэрээр хүсэлтийн дагуу өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэн улмаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8122 тоотоор шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлж төрийн үйлчилгээг үзүүлснийг шүүх анхаарч үзээгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, хэсгийн 2-т заахдаа Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэхэд 7 000 000 төгрөг байна гэж хуульчилсан. Энэ заалтаар төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгө юм. Энэ нь хариу төлбөргүй ба өргөдөлийг хянан үзэж хуулийн дагуу бүртгэлээс хассан тохиолдолд буцаан олгохгүй өөрөөр хэлбэл төрийн байгууллагын албан хаагч нар өргөдлийг хүлээн авах, зураг зүй, ордын нөөц, хууль эрх зүйн шүүлт, шийдвэр мэдэглийн төсөл боловсруулах гэх мэт 7-8 ажиллагааг хийж хүн цаг гарган ажилласан. Мөн хуулийн 45 дугаар зүйлд 45.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжтай холбогдсон гомдлоо тэмдэгтийн хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ." гэж заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүйг мөн л анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ловонко” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн толгой компанид шилжүүлэх хүсэлтийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 7 000 000 төгрөгийг төлсөн. Манай хүсэлтээр хариуцагч байгууллага 2015 оны 10 дугаар сарын      20-ны өдөр 6/8122 дугаар мэдэгдлээр өргөдлийг бүртгэлээс хассан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид хандаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан авах хүсэлтээ бичгээр хүргүүлсэн боловч олгох боломжгүй гэсэн тул 7 000 000 төгрөгийг гаргуулж өгөх...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “..."Ловонко" ХХК нь хуулийн шаардлагад нийцүүлэн холбогдох материалыг ирүүлээгүй, Өмгөөллийн "Эй Ди Ти" нөхөрлөл нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А-37 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст хүсэлт гаргаснаар  883 дугаар шийдвэр гарсан. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг хянан үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэжээ.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгчийн өргөдлийг өөрийнх нь хүсэлтээр бүртгэлээс хассан мэдэгдэл гарснаас 2 хоногийн дараа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 000 000 төгрөгийг буцаан олгохыг хүссэн хүсэлтээ бичгээр хүргүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Шүүх хэргийн үйл баримтын тогтоогдсон хүрээнд, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дах хэсэгт “Энэ хуулийн 165.1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ