Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0046

 

 

 

 

 

 

 

 

 

                            З.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                           хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******

Нэхэмжлэгч: З.Б*******

Хариуцагч: М******* дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 823 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/0310/З  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч З.Б*******ээс, М******* даргад холбогдуулан “М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр З.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргажээ. .

            Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 823 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Нэхэмжлэгч 3. Б******* нь М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаар тушаал гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд ажил албан тушаалдаа томилуулах гэж тасралтгүй шүүхээр маргаж байгаа бөгөөд энэ хугацаанд тушаал гаргасан Мал эмнэлгийн ерөнхий газраас нэг ч удаа уулзаж байгаагүй, шилжүүлсэн газар нь хүлээн аваагүй ингээд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халж, чөлөөлөөгүй атлаа ажилгүй, орлогогүй болгож хаясан.

3.2. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон хэдий ч нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаагүй болохыг дурдах нь зүйтэй байна." гэж нэхэмжлэгчийг буруутгаж ажилд томилоод байхад ажиллаагүй байна гэж дүгнээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

3.3. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д тус тус зааснаар "төрийн албан хаагчийг шилжин ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхаар хууль болон журмаар зохицуулсан байх тул Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгжүүлэх ямар ч боломжгүй тушаал байсан тул нягтлан бодогч нь энэ тухай даргаа хэлснээр энэхүү тушаалыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Б*******эд хэлээгүй гэдгээ шүүх хурал дээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл хэлсэн бөгөөд хэрэгт энэ тухай нотлох баримтыг Ховд аймгийн анхан шатны шүүхээс гаргуулан авсан байхад шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг өөрөө ажиллаагүй гэж буруутгаж хууль зүйн үндэслэлгүй тушаалыг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, болсон зүйлийг буруугаар ойлгож дүгнэсэн байна.

3.4. Мөн шүүхээс нэхэмжлэгчийг маргаан бүхий тушаалыг тухайн цаг үед нь мэдсэн, хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.5. Учир нь нэхэмжлэгч нь энэ тушаалыг хууль бус тушаал гэдгийг мэдээгүй, харин 3 шатны шүүхийн шийдвэр гарснаар энэхүү маргаж буй М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаар тушаал хууль бус, цаашид энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгааг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор олж мэдсэн тул нэхэмжлэгч мэдсэн даруй энэхүү маргаж буй тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хуулийн хүчин төгөлдөр болсон Ховд аймаг дах захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 28 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 89 дугаартай магадлал, Улсын дээд шүүх 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/69 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг талаар дүгнэсэн, Ховд аймгийн Мал эмнэлгийн дарга энэхүү хууль бус тушаалыг манай байгууллага биелүүлэх боломжгүй гэж 3 шатны шүүхээр маргаж шийдвэрлүүлсэн байхад шүүхээс дахин энэ тушаалыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар бичгээр ирүүлсэн саналыг зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

3.6. Тодруулбал Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл нь манай байгууллагад сул орон тоо байхгүй, нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй, бидэнтэй тохиролцоогүй энэ хууль бус тушаал учраас хууль бус шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хурлууд дээр тайлбар мэдүүлэг өгсөн ба энэ талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан учраас энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон байдаг.

3.7. Мөн шүүх хэргийг шийдвэрлэж 2 сарын хугацаагаар актыг түдгэлзүүлэхдээ, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал зэргийг хариуцагч хамтад нь шийдвэрлэх ёстой гэж шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлахаа гэсэн боловч шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй нь шүүхийн шийдвэрийг амаар уншиж сонсгосонтойгоо зөрчилтэй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй үлдээсэн нь ойлгомжгүй байна.

3.8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хууль, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ыг тус тус зөрчсөн, Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргатай зөвшилцөөгүй, нэхэмжлэгчийг ямар албан тушаалд шилжүүлсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж өөрийн дүгнэсэн хууль зүйн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан нь ойлгомжгүй бөгөөд утгагүй байгаа тул бид гомдолтой байна.

3.9. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0823 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай "3.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ .

ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж тус тус заасан.

3. Нэхэмжлэгч З.Б******* нь М******* даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажил, албан тушаалаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлж, мөн өдрийн 01/1068 тоот албан бичгээр дээрх тушаалыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг үүрэг болгожээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрх хуульд заасан төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах урьдач нөхцөлүүд хангагдаагүй байна.

5. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хууль болон журамд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зорилго, зохицуулалтаас үзвэл нэгдүгээрт ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь зөвшилцөн, хоёрдугаарт, тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байхыг шаардана. 

6. Гэтэл нэхэмжлэгчийн шилжин очих Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргатай зөвшилцөөгүй, албан ажлын зайлшгүй шаардлага тогтоогдоогүй, мөн нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч М******* дарга нь маргаан бүхий тушаалыг гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын хоёр дахь хэсгийн 2.1-д тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгчээс 2021 онд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргах...”-ыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

8. Тодруулбал, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр магадлалаар маргаан бүхий Б/69 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэж, уг тушаалыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газар биелүүлж, нэхэмжлэгчийг ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах...” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

9. Гэтэл анхан шатны шүүхээс “ ...нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажиллах хүсэл зориг байгаа эсэх, байгаа бол төрийн ямар ангилал зэрэглэлд хамаарах албан тушаалд томилогдохыг хүсэж байгаа эсэх, тухайн албан тушаал нь Ховд аймгийн мал эмнэлгийн газарт сул байгаа эсэх, мөн түүнийг ажиллуулах боломжтой эсэх талаар бичгээр ирүүлсэн саналыг зайлшгүй авах шаардлагатай, дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

10. Иймд Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж нэхэмжлэгч З.Б*******ийн тухайн албан тушаалыг эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож, З.Б*******ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.  

11. Нэгэнт маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдож, шүүх хүчингүй болгохоор шийдвэрлэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эгүүлэн тогтоосон бол урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд түүнд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш З.Б*******ийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу тооцож олгуулахаар шийдвэрлэлээ.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь цалин хөлс олгосон хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 823 дугаар шийдвэрийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн, 1. “Нэхэмжлэгч З.Б*******ээс М******* даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М******* Төрийн захиргааны удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд З.Б*******ийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч М******* даргад даалгасугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “2”, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

                      ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

                      ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                      

           ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН