Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00299

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00299

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ш.Ж-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2018/00267/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ш.Ж нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Миний дүүгийн гэр хоёр голын завсарт байдаг бөгөөд нүүж гарахдаа сал болон тэмээгээр гардаг байсан. Голоор гаталж явж байгаад бичиг баримтаа усанд оруулсан. Ш.******* нь 1974 онд 8 настайдаа нэгдүгээр ангид орж, 1980 онд 7 дугаар анги төгссөн....Би сая хүсэлт гаргагчийн материалыг бүрдүүлэхээр Н.******* бид хоёр Аймгийн архивын тасаг орсон юм. Тэгэхэд Ховд аймгийн ******* сумын Чацаргант бригад гэсэн гаднаа хаягтай 70 дугаар данс болон малын А дансны баримтууд байгаа юм. Тухай баримтуудыг нээгээд үзэхэд манай ******* бригадад ажиллаж байсан хүмүүсийн нэр бичигдсэн байсан. Анх архивт өгөхдөө гаднах хаягийн Чацаргант бригад гэж өгсөн болов уу гэж бодсон. Тэгээд архиваас ******* нэгдлийн Чацаргант бригадаас бусад бригадын материал байхгүй гэж хэлээд байдаг юм билээ. Би бүр нүдээрээ харсан. Аймгийн архивын тасаг гаднах хаягаар нь тухайн 70 дугаар дансны материалуудад Чацаргант бригад гэж бичиж өгөөд байдаг юм байсан....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Ж-ын Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ш.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1318 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Чацаргант бригадын 1984, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 36/002215 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Цэвэгмэдийн *******, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Санжжавын Цэвэгмэд, *******ын *******ыг 1969/11/05-нд Ховд аймгийн ******* сумын 167 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Н.*******ын ....Би 1983 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1983 оны 6 сард төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад саальчнаар 1990 он хүртэл ажилласан. Нэгдэл хувьчлагдаад бид тарсан....Ш.******* бид хоёр нэг үеийнх байгаа юм. Бид Ш.******* бид хоёр Ховд аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийг 1983 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд хамтдаа илгээлтээр хөдөө Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд саальчнаар ажиллаж эхлээд 1990 он хүртэл хамт ажилласан....Аавыг нь *******, ээжийг нь Санжжавын Цэвэгмид гэдэг байсан. Ш.******* нь эцэг эхээс 6-уулаа. Ш.******* нь айлын 3 дахь хүүхэд юм. Хамгийн том ахыг нь Чулуун гэдэг байсан бөгөөд нас барсан. Дараагийн ах нь Пүрэвдорж, дүү нарын нэрийг нь Лхагвасүрэн, Гомбо, Заяабаяр гэдэг байсан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.Батдоржийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1085 дугаартай албан бичигт Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1985 оны 70 А дугаар дансны бүртгэлийн 16 дугаарт н.*******, ам бүл 7, нэгдлийн гишүүн 4, 16-24 насны 2, 45-55 насны эмэгтэй 1, 45-60 насны эрэгтэй 1, 52 толгой мал тоолуулжээ. Ф№23, Д№01, ХН№233, Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1986 оны 70 А дугаар дансны бүртгэлийн 20 дугаарт н.*******, ам бүл 7, нэгдлийн гишүүн 4, 16-24 насны 2, 45-55 насны эмэгтэй 1, 45-60 насны эрэгтэй 1, 65 толгой мал тоолуулжээ. Ф№23, Д№01, ХН№240 гэх бичвэртэй албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 8-10, 36-37, 42, 45 дугаар тал/

Харин хүсэлт гаргагч Ш.Ж-ын Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагч Ш.Ж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний ******* дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 27 дугаар тал/

Хавтаст хэргийн 4-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Н., Н.******* нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 11-22 дугаар хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн нэртэй 1981 оны 01 сарын 03-ны өдөр нээсэн гэх бичвэртэй Хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн даргын гарын үсгийн засварласан буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан фото зураг нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Ж-ын Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Ш.Жнь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОЮУНЖАРГАЛ