| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0825/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/836 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/836
2022 6 29 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Бын Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00224 0308 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Янзага” хүнсний дэлгүүрийн баруун замд “Тоёота Акуа” маркийн, 69-28 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 18.3 дахь заалт “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Б.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Э.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Янзага” хүнсний дэлгүүрийн баруун замд “Тоёота Акуа” маркийн, 69-28 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Гг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-10/,
- хохирогч А.Ггийн “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд би гэрээсээ гараад төв зам дагуу байдаг “Янзага” хүнсний дэлгүүр орж ундаа авчхаад буцаж гараад урагшаа замаа дагаад алхаж байгаад зам хөндлөн гарсан. Эхний урсгалаар гараад явж байтал гэнэт машинд мөргүүлсэн. Түүнээс хойш юу болсноо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хх14/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлцэцэгийн “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд охин Ггийн найзынх нь эгч над руу залгаад Гг осолд орчихсон гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очтол миний охин Гг мөргөсөн хүний ах дүү нар нь бүгдээрээ байсан. Харин охин Гг тасаг руу оруулсан байсан. Тэгээд би эмчтэй нь орж уулзахад авто осолд ороод тархины гэмтэл авсан байгаа, ямар л сайн байвал гэж дээ. Та маргааш өглөө эмчтэй нь уулзаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх17/,
- гэрч З.Бгийн “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Б бид хоёр Энхтуяа эгчийн “Тоёота Акуа” маркийн машинтай хашаа руугаа орох гээд явж байтал Гантулга над руу залгаад 10 дугаар хороолол орчхоод ирье гэж ярьсан. Тэгээд Б бид хоёр Гантулгыг гэрээс нь очиж аваад доошоо уруудаад төв зам руу ороод явж байтал эсрэг урсгалд нэг хурц гэрэлтэй машин явж өнгөрсөн. Уг машиныг өнгөрөөгөөд явж байтал зам дээр нэг хүн урагшаагаа алхаад явж байсныг Б араас нь мөргөөд газарт унагаасан. Тэгээд бид нар машинаасаа буугаад эмнэлэг дуудсан чинь утсаа авахгүй байхаар нь машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод ар гэрийнхэнтэй нь ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх57/,
- гэрч Г.Б “...Б зөвшөөрөөд удаагүй хүргэн ах Бгийн хамт манай гэрт Энхтуяа эгчийн “Тоёота Акуа” маркийн, 69-28 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд бид 3 тэндээсээ хөдлөөд 10 дугаар хороолол орохоор төв зам руу ороод “Янзага” хүнсний дэлгүүр өнгөрөөд хойноосоо урагшаагаа явж байтал замын хагархай хэсэг тааралдсан. Б уг хагархай хэсэгт хурдаа сааруулаад хөдлөх үед эсрэг урсгал түгжрэлтэй байсан ба эсрэг урсгалын нэг хурц гэрэлтэй машин өнгөрөөд араас нь нэг хүн урагшаагаа ташуу чиглэлтэй гараад ирсэн. Би хөөе хүн гэж хэлэхийн завдалгүй Б тэр хүнийг араас нь мөргөсөн. Тэгээд бид нар машинаас буугаад очиход толгойгоо бариад газарт хэвтэж байсан. Бид нар түргэн рүү залгаад утас нь дуудаад байхаар нь уг эмэгтэйг машиндаа суулгаад дүүргийн эмнэлэг орсон. Гэтэл бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү яв гэхээр нь гэмтэл дээр очоод үзүүлээд ар гэрийнхэнд нь хэлээд дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх60/ шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
4. Хохирогч А.Ггийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “А.Ггийн биед дагз яс, суурь яс, лямбда заадас, зулай ясны баруун хэсэг, суман заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чих, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх66/ гэжээ.
5. Мөн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 180 дугаартай дүгнэлтэд: Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч, цацарсан копут баруун талаараа хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Улсын дугаарын гэрэл асахгүй, тэнхлэг тохиргоо алдагдсан зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл байна. Баруун урд их гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь осол гарахад нөлөөлсөн байна” гэжээ. /хх82/,
6. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч 626 дугаар магадалгаа гаргасан байх ба тус магадалгаанд “жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 18.3 дахь заалт “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1 явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар цуварч явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдлоо” гэжээ. /хх92/
7. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, мөн нүд гялбасан үед хурдаа удаашруулах, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс нь осол гарчээ. Мөн хохирогч А.Г нь осол гарах үед явган хүний зөвшөөрөгдсөн замаар яваагүй буюу явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар цуварч явна гэсэн заалтыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарахад нөлөөлжээ. Хохирогчийн дүрэм зөрчсөн үйлдэл нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэхгүй буюу шүүгдэгч нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, нүд гялбан зорчих баримжаа алдсан үедээ тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь ослын үндсэн шалтгаан гэж дүгнэлээ.
8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Быг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
9. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Ггийн эмчилгээний зардалд зарцуулсан 214.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэсэн /хх38/ байх ба эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Ггийн эмчилгээний зардалд зарцуулсан 214.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь баримтаар тогтоогдож байна. /хх140/,
10. Мөн хохирогч А.Ггийн хохиролд 5.000.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх141/ тогтоогдож байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
11. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хохирогч А.Г нь цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
12. Улсын яллагчаас шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
13. Шүүгдэгч Э.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид яаралтай туслалцаа үзүүлсэн, хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
16. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Э.Б нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
18. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүний 1267828 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
20. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
23. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүний 1267828 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР