| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0038/И |
| Дугаар | 179 |
| Огноо | 2018-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 179
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Х.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н хэлтэст холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 онд Монгол улсын З дээд сургуулийн нягтлан бодох бүртгэл, татварын хяналт шалгалтын мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн юм.
Сургулиа төгсөөд улмаар аймгийн Э,Н хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/127 дугаартай тушаалаар, Б сумын Э М, Н байцаагчаар томилогдон ажилласан юм. Аймгийн Э М, Н хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаартай тушаалаар би жирэмсний болон амаржсаны амралт авч 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр амаржиж охин ЖЭ-г төрүүлсэн юм. Би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилд эргэж орох ёстой байтал аймгийн Э М, Н хэлтсийн дарга одоо хүртэл ажилд оруулахгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөхгүй байна.
Ажил олгогч тушаал өгөөгүй тул миний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалаа хэвзэр хадгалах талаар тодорхой заасан.
Тухайлбал “Жирэмсэний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмэгтэй, ажил үүргээ гүйцэтгээгүй үед албан тушаалыг хэвээр хадгалах” талаар заасан байдаг.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан.
Төрийн албан хаапчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан.
Иймд шүүхээс хүсэх нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Х.Ж намайг Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Ж гэж хүн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Ж-г Баян-Өлгий аймгийн Н хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах тухай шийдвэр гаргуулах гэсэн байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл бол. Ж миний бие 2017 онд Монгол улсын З дээд сургуулийг Нягтлан болох бүртгэл, Татварын хяналт шалгалтын мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн байгаа.
Сургуулиа төгсөөд улмаар аймгийн Э М, Н хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/8 дугаартай тушаалаар Б сумын Э М, Н байцаагчаар ажилласан. Аймгийн Э М, Н хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авч 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр амаржиж охинтой болсон юм. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилд эргэж орох ёстой байтал аймгийн Э М, Н хэлтсийн дарга одоо хүртэл ажилд оруулахгүй намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөхгүй байна. Ажил олгогч тушаал өгөөгүй тул миний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалаа хэвээр хадгалах талаар тодорхой заасан байгаа.
Тухайлбал жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмэгтэй ажил үүргээ гүйцэтгээгүй үед уг албан тушаалын хэвээр хадгалах талаар заагаад өгсөн байгаа. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон 40.1.7, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байгаа.
Тийм учраас Жгийн гаргасан маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн байна. Хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 46 тоот хариу тайлбар гаргаж өгсөн. Тайлбарын 1-д Ж нь төрийн албыг түр орлон гүйцэтгэж ажиллаж байсан ба төрийн жинхэнэ албан хаагч биш байсан. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтын дагуу төрийн албанд орж ирээгүй учир төрийн албан хаагчийн баталгаа авах эсэх нь эргэлзээтэй тул төрийн албан хаагч биш байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгааг эдлэхийн тулд төрийн албан хаагч байх ёстой гэсэн тайлбар гаргасан байна. Гэтэл ажил олгогчоос одоо хүртэл Жг ажилд томилсон эсвэл халсан тушаал гаргаж өгөөгүй. Харин хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг огт биелүүлэхгүй хуулийг тоглоом болгож хүний амьдралаар тоглож байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 1 дүгээр сарын 4-нд 3 тоот Захиргааны хэргийн шүүхэд өгсөн тайлбарт А-ны анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл хангагдсан гэж үзэж Жгийн оронд бүр мөсөн А-ыг томилох бололцоотой гэсэн байна.
Энэ нь Захиргааны хавтаст хэргийн 38 дугаар хуудаст байгаа. Дараа нь Н хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/8 тоот тушаалаар Б сумын Н байцаагчаар туршилтын хугацаагаар Ж анх орсон. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн б/27 жинхэнэ байцаагчаар томилогдон төрийн албаны үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Энэхүү ажиллаж байгаад Ж төрийн албаны шалгалт авах үед шалгалтаа өгөх байсан. Тэр үед хүүхдээ харж гэртээ байсан. Тийм учраас шалгалтдаа ороогүй. Н хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан байсан. Гэтэл А гэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 04-өөс Б сумын Н байцаагчийн ажилд орохоор хөөцөлдөж улмаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А уг албан тушаалд Н байцаагчаар томилогдсон байгаа. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ж-гийн амралт дуусаагүй байхад шийдвэр гарсан байсан.
Нэхэмжлэлийн шаардлага бол Ж нь 2017 оны дүгээр сарын 10-ны өдөр ажилд орох болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Ж-г Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилуулах гэсэн шаардлага гаргасан байгаа гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н хэлтсийн газрын дарга Т.Ө ирүүлсэн тайлбартаа: Х.Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.
1. Х.Ж нь төрийн жинхэнэ албыг түр орлон гүйцэтгэн ажиллаж байсан ба төрийн жинхэнэ албан хаагч биш байсан юм. Нэхэмжлэгч Х.Ж нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтын дагуу төрийн албанд орж ирээгүй, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн дагуу баталгаа эдэлж чадахгүй юм. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу баталгаа эдлэх эсэх асуудал нь эргэлзээтэй байсан юм. Учир нь, төрийн албан хаагч биш хүнд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албаны хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан заалт нь хамаарахгүй болно. Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгааг эдлэхийн тулд нэг бол төрийн албан хаагч байх ёстой, эсхүл Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан байх ёстой.
2. Х.Ж нь тушаал шийдвэрээ аваагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Энэ нь ор үндэсгүй зүйл байна. Х.Ж нь хөдөлмөрлөх эрх ашиг маань зөрчигдсөн хэмээн гурван шатны шүүхээр маргаж эцсийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрээр Х.Ж нь төрийн жинхэнэ албан хаагч биш учраас баталгаа эдэлж чадахгүй гэж дүгнэж түүний нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож байсан юм.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байдаг ба Х.Ж иь энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн юм.
4. Х.Ж нь анх ажилдаа орохдоо хууль бусаар, ашиг сонирхлын тухай хуулийг зөрчиж томилогдсон байсан нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04-06-031/257 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Нэгэнт хууль бусаар түр хугацаанд төрийн албыг хашиж байсан хүн Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгааг эдэлж чадахгүй гэж үзэж байна. Иймд Х.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ талаар шүүхэд бичгээр бас тайлбар гаргаж байсан. Ж тус ажилд анх томилогдохдоо хууль зөрчиж томилогдож байсан болох нь тухайн Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон. Энэ талаар Улсын хяналтын байцаагчийн акт хүртэл гарч байсан. А гэж хүний нэр дэвшүүлсэн байхад энэ хүнийг хууль бусаар авч ажиллуулсан асуудал гарсан. Энэ орон тоон дээр хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасан шаардлагыг тавьж байгаа л даа. Ажлаас буруу халагдсан ажилтны шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон тохиолдолд бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн байгаа. Энэ заалтыг хэрэглэх боломжгүй байгаа. Яагаад вэ гэхлээр тухайн үед урьд ажиллаж байсан ажилтан нэхэмжлэл гаргаагүй. Шүүхээс шийдвэр тэгж гараагүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь А-ны ажиллах ёстой орон тоонд өөр хүн томилсон даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож салбар зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг биелүүлж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байсан. Тус шаардлага нь хангагдаад шүүхээс эцсийн шийдвэр гараад тэр хүн ажиллаад явсан байгаа. Энэ тохиолдолд ажлаас буруу халагдсан хүн байхгүй байгаа. А гэж хүн тэр орон тоонд анхнаасаа томилогдох ёстой байсан. Ж тэр орон тоонд анхнаасаа томилогдох эрхгүй гэдэг нь Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон байгаа. Уг тогтоолын хянасан гэсэн хэсэг дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан баталгаагаа хууль бусаар томилогдсон этгээд эдэлж чадахгүй гэж бичсэн байсан. Үүний дагуу А гэж хүний нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдаад ажилдаа эгүүлэн томилогдсон байгаа. Үүнээс өөр ямар нэгэн сул орон тоо байхгүй байгаа. Н хэлтэс дээр гарсан сул орон тоон дээр төрийн албаны салбар зөвлөлөөр дамжуулж Төрийн албаны тухай хуулийн дагуу нөхөж бүрдүүлдэг асуудал байгаа. Тухайн орон тоон дээр шууд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан баталгааг нь эдлүүлж байна гэсэн утгаар Төрийн албаны тухай хуульд заасан журмыг зөрчиж Ж-г цааш нь томилон ажиллуулах ямар ч боломж байхгүй. Үүнээс гадна Ж-гийн чөлөөлсөн тушаал байхгүй гэж ярьж байгаа. Жирэмсний амралт олгож ажлаас чөлөөлөх тухай гэж тушаал хэрэгт авагдсан байгаа. Энэ бол ажлаас чөлөөлсөн явдал мөн. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй байсан. Түүнээс хойш энэ хүн 11 сарын хугацаанд эрх ашиг нь зөрчигдөж байна гэж шүүхэд хандаагүй. Тэр үед өөрөө мэдэж байсан. Өнөөдөр хүртэл шүүхэд хандаагүй байгаа. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн байгаа.
Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн гомдол гаргах журмыг бас зөрчсөн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг Ж 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч байсан. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Шүүхэд нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрөөр хэлбэл 3 сар өнгөрсний дараа гаргасан байна. Тухайн үед буюу 04 дүгээр сарын 10-аас хойш 3 сарын хугацаа тоологдох уу эсвэл энэ дээд шүүхийн тогтоолыг гардаж авсны дараа шүүхэд хандах уу гэдэг асуудал гарч болзошгүй. Тогтоолыг гардаж авсны дараа нэхэмжлэл гаргана гэж үзсэн ч гэсэн тус хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудал байна. Ж-г ажилд томилох чөлөөлөхдөө дандаа Төрийн албаны тухай хуулийг баримталсан байдаг. Түүнд олгож байсан цалин бол төрийн албан хаагчийн 3 дугаар зэрэглэлийн цалин байсан. Тийм утгаараа энэ хүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх ёстой байсан байсан. Төрийн албаны хуульд заасан баталгааг эдлүүлэх эсэх асуудлыг Төрийн албаны салбар зөвлөл шийдвэрлэх ёстой байсан. Түүний дараа захиргааны хэргийн шүүх харьяаллын дагуу авч хэлэлцэх ёстой байсан. Энэ дээр бас хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргаж явж байгааг бас хэлэх нь зүйтэй байна. Энэхүү байгууллагад төрийн жинхэнэ албан хаагч нар ажилладаг учраас энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч бололцооны дагуу өөр ажил албан тушаалд томилох ямар ч боломжгүй. Ж бол багш хүн байгаа. Энэ асуудал Улсын байцаагчийн актаар тогтоогдсон байгаа. Багш хүнийг улсын байцаагчийн орон тоон ажиллуулах боломжгүй учраас шаардлагыг хүлээж авах боломжгүй байна гэдгийг хэлье гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ аймгийн Э М, Н хэлтэс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан буюу Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаал нь хэвээр хадгална, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг буюу Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эрүүл мэнд, Н хэлтэст бололцооны дагуу өөр ажил өгөх үүрэгтэй гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.Ж-г Баян-Өлгий аймгийн Н хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Б сумын Н байцаагчаар 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн түр томилсон, мөн даргын 2016 оны 11 дүгэр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Б сумын Э М, Н байцаагчаар томилон ажиллуулсан байна.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дугаартай шийдвэрээр Д.А-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтэст холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрээр Д.А-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.А-ыг Баян-Өлгий аймгийн Э М Н хэлтсийн Б сумын Н байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б сумын Н байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Д.А-ыг томилохыг Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн ба тухайн шийдвэрт гуравдагч этгээд болох Х.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х-наас давж заалдах болон хяналтын гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0325 дугаартай магадлал болон Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 279 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхисон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд Х.Ж нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байх тул тухайн албан тушаалд хууль журмын дагуу томилогдоогүй гэж үзэж Х.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа тохиолдолд 35.1-д зааснаар ажил албан тушаал хэвээр хадгалагдах, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар амралтын хугацаа дуусмагц ажил олгогч урьд эрхэлж байсан албан тушаалд ажилтныг авах үүрэгтэй гэж заасан заалтууд нь үл хамаарахыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө заасан байх боловч хэргийн нөхцөл байдлаас үзэхэд уг заалт нь Х.Ж-гийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлтэй тохирохгүй байгаа тул Х.Ж-д бололцооны дагуу өөр ажилд томилж өгөхийг даалгах боломжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан буюу Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэх үндэслэл нь ажилтныг ажлаас халах үед анхаарах үндэслэЛ болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлд хамаарахгүй тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Мөн энэ хэргийг бололцооны дагуу өөр ажилд томилох агуулгатайгаар тодорхой бус байдлаар шүүхийн шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Х.Ж-гийн Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 40 дугаар зүйлийн 40.2-д заасныг баримтлан Х.Ж-гийн Баян-Өлгий аймгийн Э М, Н хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М