| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0806/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/835 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/835
2022 6 29 2022/ШЦТ/835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,
хохирогч С.Г,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гын Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0931 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 10/58 дугаар байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан С.Гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боон зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 682 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирлын талаарх баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.М.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн бол түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 10/58 дугаар байрны гадна хохирогч С.Гтой үл ялих зүйлээр маргаан үүсгэн, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боох зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна..
Энэ нь хохирогч С.Гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим найз Сын машинтай Э, Б нарын хамт гадуур уулзаад явж байгаад харих гээд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто сургуулийн буудлын орчим миний төгссөн 62 дугаар сургуулийн дээд талд байсан ангийн ах Б нь өөр нэг үл таних хүнтэй хамт явж байгаад бид нартай таарсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан. Тэгээд тэр хоёр "гэрт хүргээд өг” гэхээр нь машиндаа суулгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 10/58 дугаар байрны орчим очсон ба замдаа Б нь "ах нь буулаа шүү" гээд миний зүүн гарын булчин хэсэг рүү 3 удаа цохихоор нь "та одоо больчхооч дээ, ууж идсэнээ шингээгээч" гээд хэлсэн юм. Тэгээд машинаас буугаад Б ахыг "ууж идсэнээ шингээ” гэхэд “Чи миний уухыг заадаг болчихсон юм уу" гээд томроод байсан юм. Тэгээд би машиндаа буцаж суугаад цонхоо нээгээд тамхи татаад байж байтал Бтой хамт явж байсан үл таних хүн хүрч ирээд "чи больчхооч дээ, битгий хэрэлдээд байлдаа” гэхээр нь би “би больчихсон л байна ш дээ” гэсэн чинь баруун гараараа эрүү орчим нэг удаа цохиод машины хаалгыг нээгээд миний баруун нүдний доод хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохингуутаа намайг машинаас заамдаж буулгаад боогоод би ухаан алдчихсан юм. Тэгээд сэрсэн чинь би газар дээшээ хараад хэвтэж байсан. Боссон чинь хамраас болон толгойны ар хэсгээс цус гараад байсан ба хамт явж байсан найзууд намайг тэндээс аваад явсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Манай найзууд бид нар эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх6/,
- гэрч А.Сын “...Тэгээд Б болон түүнтэй хамт явж байсан эрэгтэй хоёр машинаас буугаад би ардаас нь дагаж буугаад Бд "та одоо орчихоо” гэж хэлээд байж байсан ба тухайн үед үл таних залуу машины цонхон дээр Гтой юм яриад зогсож байгаа харагдаж байсан. Тэр үед Г машин дотор сууж байсан юм. Тэгээд нэг эргээд харсан чинь үл таних эрэгтэй залуу машин дотор руу гараа хийгээд цохиод байсан. Тэгээд машины хаалгыг нээж байгаад дахиад гараа хийгээд цохиод байсан ба тухайн үед Г нь машины хойд талын суудлын баруун талд, цонх талдаа сууж байсан юм. Тэгээд би тухайн үед Б ахыг холдуулж байгаад эргээд харсан чинь Г газар дээшээ хараад ухаан алдаад уначихсан байхаар нь сэрээгээд машиндаа суулгаад салаад явцгаасан юм. Тэндээсээ хөдлөөд замдаа зогсоод Гийг харсан чинь баруун нүднийх нь доод хэсгийн яс нь товойгоод хавдчихсан, дагз хэсгээс нь их хэмжээгээр цус гараад байсан учир бид нар ГССҮТөвд очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх9/,
- гэрч П.Бын “...Тэгээд машин хөдлөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 10/58 дугаар байрны ойролцоо ирээд машинаа зогсоохоор нь би Гийг юм ярья буугаад ирээ гэж хэлээд би түрүүлээд машинаас буутал хуурай дүү С бууж ирээд ахаа яах гээд байгаа юм бэ боль гэж хэлэхээр нь би Гийг машинаасаа буугаад ир гэж хэлсэн юм. Тэр үед С намайг ахаа боль гэж хэлээд байж байтал машины гадаа Г, Мтэй маргалдаад бие биеэ заамдаж авсан ба М Гийн нүүр рүү нь гараараа цохих үед Г хойшоогоо дагзаараа уначихсан юм. Тэгэхээр нь С бид хоёр очоод сэргээрэй гэж хэлэх үед сэрсэн юм. Тэгээд би М хамт гэр рүүгээ орж амарсан.” гэсэн мэдүүлэг /хх13/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6357 дугаар дүгнэлтэд “...С.Гийн биед баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, баруун хоншоорын хөндийн гадна хана, арын ханын хугарал, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх16/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү нь гараараа цохисон, хоолойг боосон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч С.Г нь 1.218.446 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт гаргасан шүүгдэгчээс нэхэмжилжээ.
7. Үүнээс шүүгдэгч Г.М нь хохирогчид 700.000 төгрөгийн хохирол төлсөн нь талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас хоол хүнс, зогсоол, шатахуун зэрэг хэрэгт хамааралгүй баримтуудыг хасаж тооцоход хохирол төлөгдсөн гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.
8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Өмгөөлөгчийн хохирлын талаарх дүгнэлтээс зарим хэсгийг нь хүлээн авч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтуудаас /хх21-32/ эмчилгээ, эм тариа, төлбөртэй зогсоолын баримтуудыг зайлшгүй зардалд тооцон харин хоол, хүнс, шатахууны зардлын баримтуудыг зайлшгүй гарсан зардалд хамаарахгүй гэж дүгнэн 837.050 төгрөгийн хохирлын баримтыг эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд хамаарна гэж дүгнэв.
9. Иймд шүүгдэгч Г.Мэс 137.050 төгрөг гаргуулан хохирогчид олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний болон хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
11. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, 8 сартай нялх хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон хамгийн бага хэмжээгээр оногдуулах дүгнэлт гаргасан.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд халдсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
14. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, хохирол төлсөн байдал, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэс 137.050 /нэг зуун гучин долоон мянга, тавь/ төгрөг гаргуулан хохирогч С.Гт олгуулж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний болон бусад зайлшгүй зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР