Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/834

 

 

 

 

 

 

 

     2022            6           29                                          2022/ШЦТ/834

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0949 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч А.О 3.500.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-13 про макс” гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 729 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.Б:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд хохирогч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн спорт заалнаас хохирогч А.О “Ай фоне-13 про макс” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч А.О “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын үе үеийн төгсөгчдийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн спорт зааланд болж байсан. Тухайн тэмцээнийг манай нөхөр Аийн ангийнхан зохион байгуулж байсан болохоор би нөхөртэйгөө хамт очиж, уг тэмцээнд оролцсон. Тэмцээн дуусах дөхөөд медалийн тоглолтууд явж байх үед би заалны баруун хойд талын паарны хажууд зогсож байхдаа өөрийн “Ай фоне-13 про макс” загварын гар утсыг паар дээр тавьсан байж байгаад манай багийнхан тоглож байгаад завсарлахаар нь би ангийхандаа ус аваачиж өгөхөөр очиход намайг сэлгээгээр тогло гэхээр нь би ангийхантайгаа хамт тоглосон. Тэгээд тоглож дуусаад 10 орчим минутын дараа гар утсаа тавьсан паарны хажууд ирэхэд миний “Ай фоне-13 про макс” загварын гар утас алга болсон байсан. Тэгээд би уг сургуулийн удирдлагуудад хэлээд хяналтын камерыг шүүж үзэхэд манай сургуулийг төгссөн Оцогтын машиныг барьж ирсэн залуу миний гар утсыг аваад хүмүүсээс хамгийн түрүүнд заалнаас гараад явж байсан. Тэгээд би Оцогтод чиний машиныг барьж ирсэн залуу миний утсыг аваад явсан байна гэж хэлээд, тэр залуу нь миний гар утсыг авчирч өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

- гэрч Х.Огийн “...би энэ талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн. Тэгээд нөхрөөсөө уг гар утсыг яасан талаар асуухад замдаа ирж байхдаа шидээд хаясан гэсэн. Уг нь бол хулгай хийхээр хүн биш, зориг муутай хүн юм. Иймд үйлдэл хийснийг нь гайхаад байна. Ямар ч байсан хүний гар утсыг аваад хаясан болохоор гар утасны хохирлыг хуваагаад төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх21/

- гэрч Б.Оцогтын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бг дагуулаад сургуулийнхаа төгсөлтийн тэмцээнд өөрийнхөө машиныг бариулж явсан юм. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар сургуулийн төгсөгчдийн тэмцээн болсон юм. Би 10-н жилийнхээ ангийн хүүхдүүдтэй уулзаад архи уусан ба машиныг Б барьж явж байсан. Би архи уугаад согтоод гэртээ очсон. Тухайн үед Бг заалнаас гар утас авсныг мэдээгүй байсан юм. Надаас О гар утас харсан уу гээд асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлд Б гар утас авсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх23/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд  /хх6-7/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 876 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Ай фоне-13 про” загварын гар утсыг 3.500.000 төгрөгөөр үнийн дүнг тогтоожээ.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 3.500.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч А.О нь гар утасны төлбөр болох 3.500.000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гараар бичиж ирүүлжээ. Иймд хохирол төлөгдсөн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

8. Шүүгдэгчийн хувьд нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Харин шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч Б.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байх тул хорихоос бусад төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүдхүүгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР