Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 247

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, шүүгч А.Ж, Ерөнхий шүүгч Х.М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, С.Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын дарга захирал Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, иргэдийн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хуурамч диплом ашиглаж гэмт хэрэг үйлдэх замаар улсын төсвөөс ашиглан завшсан 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар цалин хөлсөнд авсан 52443839 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Е нь 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ц сумын бүрэн дунд сургуульд “Биеийн тамир, эрүүл мэнд”-ийн мэргэжлийн багшаар томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан тухай захирлын 64 тоот тушаал гарган Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2002 онд “Биеийн тамир, эрүүл мэндийн багш” мэргэжлээр төгссөн гэх 0200212301 дугаартай хуурамч “диплом” ашиглаж ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол”, “Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675” албан бичиг, “Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 7/811 тоот лавлагаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Диплом хүчингүй болгох тухай 04-05-046/74 тоот акт” зэргээр батлагдсан байна.

     Хариуцагч С.Е нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2002 онд төгссөн гэх D200212301 дугаартай, 02053 тоот улсын бүртгэлтэй хуурамч дипломыг ашиглаж 2004 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл Ц сумын бүрэн дунд сургуульд багшаар ажилласан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “үргэлжилсэн” үйлдэлтэй үйлдсэн болох нь батлагдаж байна. Иймд С.Е-ын 2004 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл “хуурамч” диплом ашиглаж улсын төсвөөс завшсан мөнгийг “гэмт хэргийн хохирол”-д төлбөрт нэхэмжилж байна.

     Иймд шүүхээс хүсэхэд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Е-ын хуурамч диплом ашиглаж авсан 2004 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд улсын төсвөөс цалин хөлсөнд авсан 52443839 төгрөгийг төлүүлж өгч, сургуулийн төсөвт оруулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

     Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: С.Е нь 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ц сумын бүрэн дунд боловсролын сургуульд Биеийн тамир Эрүүл мэндийн багшаар томилогдож, 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан тухай захирлын А/64 тоот тушаал гаргасан. Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийг 2002 онд биеийн тамир, эрүүл мэндийн багшаар төгссөн гэх D200212301 дугаартай 02053 тоо улсын бүртгэлтэй хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах 5/55 тоот тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 05 дугаар сарын 01-ний өдрийн албан тоот, Боловсрол Соёл Спортын Яамны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны 7/811 өдрийн лавлагаа, Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүчингүй болгох тухай 0405046/74 тоот акт зэргээр батлагдсан байна. Хариуцагч С.Е нь Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийг 2002 онд биеийн тамир, эрүүл мэндийн багшаар төгссөн гэх  D200212301 дугаартай 02053 тоо улсын бүртгэлтэй хуурамч диплом ашиглаж 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл багшаар ажилласан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар  зүйлийн 233.2-д заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй үйлдсэн болох нь батлагдаж байна. Иймд С.Е-ийн 2004 оноос 2016 он хүртэл хуурамч диплом ашиглаж Улсын төсвөөс  завшсан мөнийг гэмт хэргийн хохирол төлбөрт нэхэмжилж байна. Иймд шүүхээс хүсэх нь Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн  229.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Е-ын хуурамч диплом ашиглаж  2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл авсан цалин буюу 52.443.839  төгрөгийг төлүүлж  өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

     Хариуцагч С.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, хариуцагч би Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А-гаас тус шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

     С.Е би тус сургуулийн захирлын 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Биеийн тамир, эрүүл мэндийн” багшаар 02 тоот тушаалаар томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан 13 дахь жилдээ ажиллаж байна. Би анх биеийн тамирын багшийн ажилд томилогдох үед хуурамч диплом ашиглаагүй ба “Ш” биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар дамжаанд суралцаж байсан оюутны үнэмлэхийг тэр үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.М-д үзүүлж уг ажилд хууль ёсоор томилогдсон юм. Өнгөрсөн 13 жилдээ хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж хөдөөгийн хүүхдэд биеийн тамирын хичээлийг чанартай зааж, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн юм.: Гэтэл тус сургуулийн захирлаар шинээр томилогдсон Ж.А нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн намайг янз бүрийн байдлаар хавчин гадуурхан, элдэв шалтаг шалтгаан зааж хоёр ч удаа хууль бусаар ажлаас халсан тушаал гарган ажлаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 тоот, 2018 оны 130/ШШ2018/00058 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. Түүнчлэн захирал Ж.А нь намайг хуурамч диплом ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/55 тоот тогтоол гарсан юм. Хяналтын прокурорын тогтоолыг захирал Ж.А эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн прокурор Т.Б болон Улсын Ерөнхий прокурорын газарт удаа дараа гомдол гаргасан боловч хяналтын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, түүний гомдлыг хангахгүй орхисон юм. Одоо хяналтын прокурорын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байна.

     С.Е би 2004 оны 1 дүгээр сараас хойш өнгөрсөн 13 дахь жилдээ Ц сумын 10 жилийн дунд сургуульд ажлын өдрүүдэд өглөө 08 цагт ажилд очиж, орой 17 цагт ажлаас таарч улсад биеийн хүчээ үнэлүүлэн хөдөлмөр хийсэн юм. Би улсад ажилласны төлөө, сурагч нарт хичээл заасны төлөө төрөөс цалин хөлс авч байсан юм. Энэхүү цалин хөлсийг тус сургуулийн санхүүгээс тухай бүрд цагийн бүртгэлийг үндэслэн олгож байсан юм. Өнөөдөр хүртэл С.Е намайг хуурамч диплом ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхээс шийдвэр гараагүй юм. Захирал Ж.А намайг удаа дараа урьд эрхэлж байсан ажилд шүүхээс эгүүлэн тогтоосон шийдвэрт өширхөн, урьд хувийн өш хонзонтой байсныг далимдуулан удаа дараа хууль бус асуудал гаргаж байгаа явдалд гомдолтой байна. Тэгж яривал Ж.А тус сургуулийн захирлаар томилогдсон үеэс хойш гэм зэмгүй олон багш, ажилтан нарыг ажлаас хууль бусаар халж тэд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсоны улмаас улсын төсөвт учруулсан бодит хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байна.

     Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хуурамч диплом ашиглаж гэмт хэрэг үйлдэх замаар улсын төсвөөс ашиглан завшсан 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар цалин хөлсөнд авсан 52443893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал нь С.Е-аас хуурамч диплом ашиглах замаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар цалин хөлсөнд авсан 52443839 төгрөгийг төлүүлж өгөхийг хүссэн байна.

     Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийг С.Е нь 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ц сумын бүрэн дунд сургуульд Биеийн тамир, эрүүл мэндийн мэргэжлийн багшаар томилогдсон ба ажиллах явцдаа Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2002 онд Биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн нь хуурамч байсан болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай албан бичиг, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн  7/811 дугаартай лавлагаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр батлагдсан бөгөөд С.Е нь хуурамч диплом ашиглаж 2004 оноос 2016 оныг 9 дүгээр сар хүртэл цалин хөлс авч мөнгө завшсан гэж тайлбарлажээ.

     Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Е-ыг Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай тушаалаар биеийн тамирын цагийн багшаар томилсон байх ба мөн сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гэх диплом нь хуурамч болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

     Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор С.Е нь анх ажилд орж хөдөлмөрийн харилцаа эхлүүлэхдээ хуурамч диплом ашигласан нь нотлогдоогүй тул түүний хөдөлмөр эрхэлж авсан цалин хөлсийг хуурамч бичиг баримт ашигласны улмаас учирсан хохиролд тооцож үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж дүгнэсэн байх ба  С.Е нь 2009 онд багшлах эрх авсан, 2011 онд сургуулийн тусгай зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлсэн материалд хуурамч дипломын хуулбар авагдсан, 2013-2014 оны хичээлийн жилийн  Боловсролын удирдлагын системийн мэдээлэлд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг D200212301 дугаартай дипломоор төгссөн талаар мэдээлэл оруулсан зэргээс үзэхэд хуурамч дипломыг ажиллах явцдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр С.Е-д холбогдох мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

     Хариуцагч С.Е-ыг ажилд орох үед Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Манкейг асуусан тэмдэглэлд “Ц сумын бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшийн сул орон тоо гарсан ба тухайн үед тус сургуульд дадлага хийж байсан С.Еын хүсэлтээр түүний биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байгаа болон сурагч байх үеийн чадвар, чадавхыг харгалзан сул орон тоонд биеийн тамирын багшийн орон тоонд томилсон. Тухайн үед С.Е нь Шонхор биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байгаа талаарх тодорхойлолтыг авч ирж үзүүлсэн ба ямар нэгэн их дээд сургууль төгссөн диплом үзүүлж харуулж байгаагүй” гэжээ.

     Дээрх баримтуудаас үзэхэд С.Е нь анх ажилд ороход хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд орсон болох нь үгүйсгэгдэж байгаа байх ба ажил олгогчийн ажилд авах шийдвэрийн дагуу ажилтан С.Е нь ажил хөдөлмөр эрхэлж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, ажил олгогчоос ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох хуульд заасан үүргээ биелүүлсэн байдлыг хууль бус гэж үзэх боломжгүй болно.

     Прокурорын тогтоолоор С.Е-д холбогдох гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын “олсон нь” гэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь хуурамч дипломыг ажиллах явцдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа  гэж дурдсан байгаа боловч Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчмыг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн нэхэмжилсэн 52443839 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй болно.

     Нэхэмжлэгчээс С.Е нь хуурамч диплом ашиглаж улсын төсвөөс 52443239 төгрөгийг завшсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь анхнаасаа мэргэжлийн дипломгүй ажилд орсон, түүнээс хойш тодорхой ажил үүргийг гүйцэтгэж, тухайн гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг авч байсныг төсвийн мөнгийг завшсан гэж үзэх боломжгүй, мөн 2004 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл С.Е-д цалин хөлс олгосноор тухайн сургуульд ямар хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

     Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын С.Е-аас хуурамч диплом ашиглах замаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 2004 оноос 2016 оны хооронд хууль бус аргаар цалин хөлсөнд авсан 52443839 төгрөгийг төлүүлж өгөхийг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан С.Е-аас 52443839 төгрөг гаргуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        К.Б

 

                                        ШҮҮГЧИД                                        А.Ж

                                                                                                 Х.М