Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0803/Э |
Дугаар | 2022/ШЦТ/814 |
Огноо | 2022-06-27 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/814
2022 6 27 2022/ШЦТ/814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01113 1055 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-4 тоотод оршин суух хохирогч А.Бы гэрт хоноглож байх хугацаандаа хохирогчийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-7 эдж” маркийн гар утас, “Хаан банк”-ны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар “Хаан банк”-ны картаас 200.000 төгрөг уншуулан хохирогч А.Бд нийт 380.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 762 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Н.С:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.С нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-4 тоотод оршин суух хохирогч А.Бы гэрт хоноглож байх хугацаандаа хохирогчийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-7 эдж” маркийн гар утас, “Хаан банк”-ны картыг нууцаар авч яван, улмаар “Хаан банк”-ны картаас 200.000 төгрөг уншуулан хохирогч А.Бд нийт 380.000 төгрөгийн хохирол учруулж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч А.Бы “...Би 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Драгон” дээр явж байгаад нутгийн найз Стой таарсан юм. С очих газар байхгүй хэцүү байна туслаач гэхээр нь би өрөвдөөд гэртээ авчирсан юм. Тэгээд С манай гэрт 2 хоносон ба 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би гэрийн гадна хадам ах, эгч хоёртой уулзаад зогсож байхад С дэлгүүр ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гэртээ ороод орон дээр үлдээсэн гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд эхнэрээсээ асуухад С барьж байсан гэж хэлсэн. Тэгээд би юм бодоогүй байж байхад 30-40 минутын дараа эхнэрийн гар утсанд миний “Хаан” банкны 5057571381 тоот данснаас 100.000 төгрөгийн гүйлгээ гарсан мессеж ирсэн. Удалгүй дахиад 100.000 төгрөгийн гүйлгээ гарсан нийт 200.000 төгрөгийн гүйлгээ гарсан. Би Стой дэлгүүр гарч юм авсан юм тэр үед миний картын дугаарыг мэдсэн байх. Надад Н.Сод ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8, 11/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.
3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утас, банкны картыг нууцаар, эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан, мөн банкны картыг ашиглан зөвшөөрөлгүй, хууль бусаар мөнгө авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 380.000 төгрөгийн хохирол учирчээ.
4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
6. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
8. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Н.С нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
13. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
14. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Найдандоржийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР