Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/809

 

        

 

 

 

 

 

 

2022              6             24                                       2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,  

            хохирогч Б.Г,

шүүгдэгч Ш.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуурайгийн Уд холбогдох эрүүгийн 2208 00000 0656 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.У нь үргэлжилсэн үйлдлээр:

1. “Чацаргана зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Би Цэцэрлэгүүдэд нийлүүлдэг тендер авсан, найдвартай мөнгийг нь өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Ч.Үгээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1200 кг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1400 кг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4000 кг чацаргана жимс, нийт 6600 кг жимс авч, 49.500.000 төгрөгийн,

2. “Чацаргана зарна” гэсэн зарын дагуу холбогдон “би Элсэн тасархайд үйлдвэрт нийлүүлнэ, мөнгө нь удахгүй орно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Б.Ггаас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг чацаргана жимс, нийт 4312 кг жимс авч 19.924.000 төгрөгийн,

3. “Жимс зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Өсвөр Үе ХХК-нд нийлүүлнэ” гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлэнгэ зах дээрээс хохирогч Н.Гоос 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1060 кг нэрс жимсийг авч 20.140.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 89.564.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 507а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ш.У.

1. Шүүгдэгч Ш.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлэг, тайлбараас дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.У нь хохирогч нарын цахим сүлжээнд байршуулсан жимс зарна гэсэн зарын дагуу холбогдон өөрийгөө үйлдвэр, цэцэрлэг зэрэг аж ахуй нэгжүүдэд жимс нийлүүлдэг гэж зохиомол байдал бий болгон хохирогч нарыг хуурч эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.  

 

3. Шүүгдэгч Ш.У нь дараах байдлаар хохирогч нарыг залилан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авчээ. Үүнд:

3.1. Хохирогч Ч.Үг залилсан тухайд:

Шүүгдэгч нь “Цэцэрлэгт нийлүүлдэг тендер авсан, найдвартай мөнгийг нь өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Ч.Үгээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1200 кг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1400 кг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4000 кг чацаргана жимс, нийт 6600 кг жимс авч, 49.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.  

Энэ нь хохирогч Ч.Үгийн “...Би өөрийн фейсбүүк хаяг дээрээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Чацаргана зарна” гэсэн зар байршуулсан. Би өөрөө хөдөө гадаа явдаг ажилтай учраас дүү Лийн 99023843, эгч Мгийн 99078950, утасны дугааруудыг үлдээгээд эгч дүү хоёртоо намайг байхгүйд миний чацарганыг зарж байгаарай гэж хэлээд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөө ажлаар явсан юм. Ингээд зарын дагуу манай дүү Лтэй утсаар холбогдсон эмэгтэй У нь би танай нутгийн хүн байна. Чацаргана худалдаж авна, танай чацарганыг чинь очиж үзье гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх манай аж ахуйн хашаан дээр ирээд манай чацарганыг үзээд авахаар болсон. Тэгээд У нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1200 кг чацарганыг 1кг нь 7500 төгрөгөөр авахаар болоод нэг нутгийн хүмүүс юм чинь зээлээр чацарганаа өгчих 3 хоногийн дараа 9.000.000 төгрөгийг чинь Төрийн сан хаагдахаас өмнө өгнө. Би чацарганаа цэцэрлэгүүдэд нийлүүлдэг тендер авсан найдвартай өгнө гэж хэлээд манай эгч Мгээс аваад явсан байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр У нь төрийн сангийн мөнгө орсонгүй, төрийн сан хаагдсан. Дахиж чацаргана авах хэрэгтэй байна. Эхний мөнгөө бөөнөөр нь өгнө гэж хэлэхээр нь би итгэсэн ба 1400 кг чацарганыг цэнхэр өнгийн Портер машинтай ирж авсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4000 кг чацаргана хэрэг болоод байна удаахгүй мөнгийг чинь өгнө, мөнгийг чинь бөөнөөр нь өгнө. Одоо бэлнээр 5.000.000 төгрөгийг өгнө гэж хэлээд миний дансны дугаарыг авсан юм. Тэгээд надаас 4000 кг чацаргана авсан. У нь сүүлд 4000 кг чацаргана авах даа 8941 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй авч явсан юм. У надад чацарганаа цэцэрлэгүүдэд нийлүүлдэг тендер авсан, цэцэрлэгүүдэд нийлүүлж байгаа гэж хэлсэн. Нийт 6600 кг чацаргана авсан. У нь 49.500.000 төгрөг өгөх ёстойгоос 8.500.000 төгрөгийг хоёр хувааж өгсөн. Одоо 41.000.000 төгрөгийг өгнө...” гэсэн мэдүүлэг /хх10, 53/,

- Гэрч Ч.Мгийн “...Ш.У нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр чацаргана зарна гэсэн зарын дагуу утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх манай дүү Ч.Үгийн аж ахуйн хашаанаас 1200 кг чацаргана, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1400 кг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4000 кг чацаргана, нийт 6600 кг чацарганыг өөрийн авч ирсэн 89-41 УБЦ улсын дугаартай машинаар ачаад аваад явсан юм. Ш.У нь өөрийгөө Нийслэлийн дүүргүүдийн цэцэрлэгүүдэд чацаргана нийлүүлж байгаа, удахгүй төрийн сангаас мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлсэн юм. Ш.Угийн авсан чацаргана манай дүү Ч.Үгийн эзэмшлийн чацаргана байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх55/,

- Гэрч Ж.Гантулгын “...Манай хамтран амьдрагч Ш.У Нийслэлийн цэцэрлэгүүдэд чацаргана нийлүүлдэг тендерийн зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх14/,

- Гэрч Б.Оюундалайн “...Ш.У нь манай ээж бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд ямар нэгэн ажил хийгээгүй. Нийслэлийн хотын дүүргүүдийн цэцэрлэгүүдэд чацаргана нийлүүлж байгаагүй. Манай ээж Ш.У нь архины хамааралтай болсон. Гэрээсээ нэг гараад явахаар олон хоногоор гэртээ ирдэггүй...” гэсэн мэдүүлэг /хх57/,

-гэрч Т.Настогтохын “...8941 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийгөө У гэдэг гэж танилцуулсан хүн ачааны машинаар ачаа ачих уу гэж асуухаар нь би ачаа ачна гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын уулзвар дээр Ш.Утай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “5 толгой түлш” ХХК-ийн ойролцоо байдаг нэг хашаанаас чацаргана аваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Хүчит Шонхор” зах дээр чацаргана буулгана гэж хэлсэн. Би 4 тонн чацарганыг Угийн хэлснээр Дэнжийн мянгын ойролцоо айлд буулгасан. Ш.У нь Дэнжийн мянгад чацарганаа явуулын хүмүүст зараад тээврийн хөлсний мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх59/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-иийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 602 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “1кг чацаргана жимс 7500 төгрөг, нийт хохирлын дүнг 49.500.000 төгрөгөөр” тогтоожээ. /хх67/,

 

3.2. Хохирогч Б.Гг залилсан тухайд.

Шүүгдэгч нь “Чацаргана зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Элсэн тасархайд үйлдвэрт нийлүүлнэ, мөнгө нь удахгүй орно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Б.Ггаас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг чацаргана жимс, нийт 4312 кг жимс авч 19.924.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Ггийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажлын хажуугаараа чацаргана жимс тарьдаг юм. 2021 онд тариалсан чацаргана жимсээ фэйсбүүкийн “Үнэгүй.мн” зарын сайт дээр өөрийн 88877797 дугаараа “Чацаргана зарна” гэсэн зарыг 2021 оны 11 дүгээр сард байршуулсан юм. Ингээд надтай 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үл таних эмэгтэй холбогдоод “Чацаргана их хэмжээгээр авна, очиж үзнэ” гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зарын дагуу холбогдсон эмэгтэйд өөрийн хураасан чацарганаа үзүүлсэн чинь манай чацарганыг зарын дагуу ирж үзсэн үл таних эмэгтэй танай чацаргана ёстой гоё чацаргана байна. Элсэн тасархайд байгаа үйлдвэрт чацаргана нийлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд Элсэн тасархай руу явах ачааны машин дүүрэхээр арын хэсэгт нь чацарганаа ачаад явуулна гэж хэлээд чацаргана үзсэн эмэгтэй явсан юм. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр утсаар надтай холбогдоод өөрийгөө хэд хоногийн өмнө танайд чацаргана үзсэн У байна. Чацаргана авна, чамд 7 хоногийн дараа мөнгийг чинь өгнө. Байгууллагаар авч байгаа болохоор хугацаа шаардагдана гэж хэлэхээр нь би итгээд та хэдэн кг чацаргана авах юм бэ гэхэд 520 кг чацаргана авна гэхээр нь 520 кг чацарганыг Угийн авч ирсэн 52-66 УАВ улсын дугаартай машинд ачиж өгөөд явуулсан юм. Ингээд би Уг мөнгөө өгөхгүй байхаар нь 2022 оны 02 дугаар сарын 21- ний өдөр Утай утсаар холбогдоход би элсэн тасархай явж байна. Чацаргана өгсөн хүнээсээ мөнгөө авах гэж байна 2, 3 хонох байхаа эргээд залгая гэсэн. Тэгээд У нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр залгаад эгч нь дахиж танай чацарганыг авъя, чиний чацаргана гоё юм байна, 1 дэх өдөр буюу 02 дугаар сарын 28-ны өдөр уулзаад чацаргана авъя гэхээр нь би зөвшөөрсөн юм. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уулзаад 14 хоногийн дараа өмнө авсан чацарганы мөнгөө одоо авсан чацарганы мөнгөтэй нийлүүлээд өгнө гэж хэлж намайг итгүүлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт чацаргана тарьсан газраас 3792 кг чацарганыг 24-83 улсын дугаартай машинд ачиж өгөөд явуулсан юм. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 1кг чацарганаа 5500 төгрөгөөр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг, 1 кг 4500 төгрөгөөр бодож Ш.Уд өгсөн юм. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг чацаргана авахдаа Ш.У нь элсэн тасархайд үйлдвэрт нийлүүлэх гэж байгаа мөнгө нь удахгүй орно гэж хэлээд авсан...” гэсэн  мэдүүлэг /хх82/,

- гэрч Л.Нын “...24-83 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өөрийн машинаараа чацаргана тээвэрлэсэн. Тухайн үед над руу танихгүй дугаараас ачаа ачих нэрийдлээр залгаж намайг хөлсөлж байсан. Тэгээд өөрийн машинаараа уг чацарганыг Дэнжийн 1000 гэх газар хүргэн өгч 200.000 төгрөгийн хөлс авсан. Би уг хүнийг танихгүй. Тухайн үед хүнээс л чацаргана авч, миний машинд ачуулж байгаа юм шиг санагдсан. Надад ямар нэг хамаарал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх84/,

- гэрч С.Пүрэвдоржийн “...Би өөрийн 52-66 УАВ улсын дугаартай машинаараа 2022 оны 02 дугаар сард чацаргана ачсан. Миний гар утсаар эмэгтэй хүн холбогдож, чацаргана ачуулах санал тавьсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос 500 орчим кг чацаргана ачуулж, Дэнжийн мянгад хүргэж өгсөн. Тухай чацаргана ачуулсан эмэгтэй нь хүнээс чацаргана худалдаж авч байгаа бололтой байсан. Тэгээд чацарганаа хүргэж өгөөд 40.000 төгрөгийг ажлын хөлсөндөө авсан...” гэсэн мэдүүлэг /хх86/,

- хохирогч Б.Ггаас гаргаж өгсөн чацаргана жимс хүлээлгэн өгсөн тухай гар бичвэр, гэрэл зураг, шүүгдэгч Ш.Утай харилцсан мессежийг хэрэгт хавсаргуулжээ. /хх96-106/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-иийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 663 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “4312 кг чацаргана жимсний үнийн дүнг 19.924.000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хх91/,

 

3.3. Хохирогч Н.Гыг залилсан тухайд.

Шүүгдэгч нь “Жимс зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Өсвөр Үе ХХК-нд нийлүүлнэ” гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зах дээрээс хохирогч Н.Гоос 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1060 кг нэрс жимсийг авч 20.140.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.  

Энэ нь хохирогч Н.Гын “...Би фейсбүүк дээр жимс зарна гэсэн зар байнга тавьж жимсээ борлуулдаг юм. Тэгэхэд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр У гэх эмэгтэй 80609860 гэсэн дугаараас залгаад жимс авах гэсэн юм мөнгийг нь дараа долоо хоногт гаргаж өгнө нотариатаар батлуулаад авъя гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед У гэх эмэгтэйтэй утсаар ярьж байгаад Содон хорооллын нотариат дээр очиж "Худалдах, худалдан авах" гэрээ хийж надаас 1060 килограмм нэрс жимсийг нэг килограммыг нь 19.000 төгрөгөөр тооцож нийт 20.140.000 төгрөгөөр бодож худалдаж авахаар болсон. Гэрээгээ хийчхээд бид Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зах дээр ирээд У гэх эмэгтэй 1060 килограмм нэрс жимсийг хамт явсан портер дээр ачаад аваад явсан. Тэгээд мөнгийг нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлбөрөө хийхээр тохиролцоод явсан. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 02-ны орой би У руу залгахад согтуу утсаа аваад маргааш өглөө ярья гэж хэлээд тасалсан. Маргааш нь У руу залгахад холбогдох боломжгүй байсан. Орой нь залгахад бас нэлээд согтуу утсаа авсан. Тэгээд маргааш нь залгахад үдээс хойш мөнгө чинь болчих байх гэж хэлээд утас нь холбогдох боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх161/,

- гэрч Н.Мягмарсүрэнгийн “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1 тонн орчим жимс байна авах уу гэж ярьсан. Маргааш нь уулзахад Хайлаастын “Сод Монгол” шатахуун түгээх станц дээр уулзахад У портер дээр хайрцагтай нийт 1060 кг нэрс жимс ачсан байсан. Тэгээд нэг килограммыг нь 15.000 төгрөгөөр бодож 15.900.000 төгрөгийг 2 хувааж дансаар шилжүүлсэн. У энэ жимсийг Хөвсгөлөөс ирж байгаа жимс, миний өөрийн зарж байгаа жимс гэж хэлж байсан, уг жимсийг би борлуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг /хх171/,

- 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Н.Г, Ш.У нарын хооронд байгуулсан нэрс жимс худалдах, худалдан авах гэрээ /хх181/, 

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/35 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “1060 кг нэрс жимсийг нийт 20.140.000 төгрөг” үнэлжээ. /хх174/,

- шүүгдэгч Ш.Угийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нарынхаа хохирлыг боломжоор нь барагдуулна...тухайн мөнгөөр өрөө дараад, архи ууж үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх191/ зэргээр нотлогдож байна. 

 

4. Дээрх баримтуудаар шүүгдэгч Ш.У нь хохирогч нарын олон нийтийн сүлжээнд байршуулсан “жимс зарах” зарын дагуу холбогдож, өөрийгөө тендерт шалгарсан, үйлдвэр, цэцэрлэг зэрэг газруудад жимс нийлүүлдэг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг хуурч, мөн гэрээгээр халхавчлан залилж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, худалдааны захад хямд үнээр зарж борлуулан хувийн хэрэгцээндээ зарцуулсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ш.У нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдэн хохирогч Н.Гыг залилжээ.

 

5. Тиймээс шүүгдэгч нь залилан мэхлэх аргаар нийт 89.564.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хохирогч нараас шилжүүлэн авч их хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

6. Шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэхээр байх тул шүүгдэгч Ш.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

7. Хохирогч Ч.Ү нь 49.500.000 төгрөгийн хохирлоос 8.500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн талаар мэдүүлсэн бол хохирогч Б.Г, Н.Г нарт учирсан хохирлоос төлөгдөөгүй байна.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Угаас хохирогч нарт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх буюу 41.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Үд, 19.924.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гд, 20.140.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Гд тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

10. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг ажил хийж хохирогч нарт төлөх болно, хүүхдүүдийг минь харгалзан үзэж бага оногдуулах ялыг багасгаж өгөөч гэсэн болно.

11. Шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

13. Шүүгдэгч Ш.Угийн хувьд 3 удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, хохирогч нарын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар өөрт шилжүүлэн авсан, хохирол төлөөгүй, гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

14. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдлыг харгалзан нээлтэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Угийн цагдан хоригдсон 37 /2022.5.18-2022.6.24/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шуурайгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Уг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Угийн цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Угаас 41.000.000 /дөчин нэгэн сая/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Үд, 19.924.000 /арван есөн сая, есөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Гд, 20.140.000 /хорин сая, нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Гд тус тус олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР