Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 898

 

МАГАДЛАЛ

 

2017.04.10                                                Дугаар 898                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

О.Билэгсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/0131 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Билэгсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Даариймаад холбогдох,

520 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Билэгсайхан,

Хариуцагч: Н.Даариймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Эхнэр Н.Золжаргалын хамт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хажуу өрөө түрээслэх зорилгоор Зар мэдээ сонинооос зар үзэж байгаад 99885422 дугаар луу залгаж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт хотхоны В блок 4 давхарын 6 тоотод очиж үзээд хариуцагч Н.Даариймаатай тохиролцон хажуу өрөөг нь хөлслөхөөр тохиролцон амаар гэрээгээ хийж 1 сарын 300 000 төгрөгөөр тохиролцож, 2 сарын мөнгө болох 600 000 төгрөг өгсөн. Ингээд манайхаас мөнгө авсанаас хойш зан ааш нь хувирч элдэв янзаар эхнэр бид 2-ыг дарамталж эхэлсэн. Янз бүрээр доромжилж сүүлдээ бид хоёр 8 хоноод уг байрнаас гарахаас өөр аргагүй болсон. Хажуу өрөө түрээслэх гэрээг цуцалж мөнгөө буцааж авмаар байна гэхэд өгөхгүй шүүхээр яваад заргалдаад аваарай гэх мэтээр миний мөнгийг өгөхгүй байна. Түрээсийн мөнгөө өгөх зорилгоор "Есөн шижир" гэх ХХК-иас автомашинаа барьцаалж зээл авсан юм. Мөнгөө авсан даруйдаа эхнэр Н.Золжаргал нь Н.Даариймаад шууд бэлнээр өгсөн бөгөөд баримт аваагүй болно. Иймд өрөө түрээслэх хөлсөнд өгсөн 600 000 төгрөгнөөс 8 өдөр суусан төлбөр 80 000 төгрөгийг хасаж 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н.Золжаргал таны хажуу өрөөнд ганцаараа 1 cap байя гэж 2016 оны 10 дугаар сарын     15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 300 000 төгрөг, байрны түрээсийн төлбөр ашиглалтын зардлын хамт барьцаа 300 000 төгрөг тавьж миний гэрийн түлхүүр болон 1 cap амьдрах өрөөгөө эд хогшлын хамт хүлээж авсан. Би нарантуул зах дээр үс засдаг ажил хийдэг, гэхдээ цомхотголд ороод ажлаасаа халагдсан, одоо ажилгүй байгаа. Би аавгүй ээжтэйгээ хамт байдаг. Ээж маань Нарантуул зах дээр жижиг бараа зардаг гэсэн. Гэтэл 6 хоногийн дараа шөнө дунд О.Билэгсайхантай танилцлаа, нөхөр болгож хамт амьдарх санаатай байна гэсэн. Би О.Билэгсайханаас сохор зоос ч аваагүй, гэр орон ч байхгүй, ажил төрөлгүй залуу байсан. Энэ 2 хүн 13-нд миний гэрт хажуу өрөөг түрээслэн амьдарч байгаад 2016 оны 11 дүгээр сарын 13-нд О.Билэгсайханы хуучин эхнэр нь ирж хэл ам хийсэн учир энэ 2 зодолдоод саллаа гэж явахдаа гэрийн түлхүүр авч яваад алга болчихсон. Миний гэрт 28 хоног амьдрахдаа маш их зовоосон. Манай гэр зочид буудал биш, айл билээ. Гутлаа тайлалгүй, бүх насаараа хөдөлмөрлөж авсан хивсэн дээр минь цовхорч дэвхэцдэг, хоолоо асгаж бохирдуулан. О.Билэгсайхан эхтэйгээ гэр хороололд байдаг хүүхдүүдээ авчирч байнга усанд оруулдаг, маш их ус гоожуулдаг, ариун цэврийн өрөөний шүршүүр эвдэлсэн, шинээр солих шаардлагатай 140 000 төгрөг, өдөр нь унтаж шөнө нь зодолддог. Эхнэр Н.Золжаргал нь шөнө орой баар цэнгээний газраар зугаа цэнгэл хөөдөг, нөхөр нь байнга зоддог. Ингээд манай хувцасны шкафны цоож болон хаалгыг эвдэлсэн. Хоёулаа ажилгүй бөгөөд өөртэйгөө ижил ажилгүйчүүдийг цугуулан өдөр бүр төрсөн өдөр тэмдэглэж, архидан согтуурдаг үүнийгээ цэвэрлэж байгаагүй. Эд хөрөнгийн хохирлоо төлүүлсэний дараа барьцааны мөнгийг өгнө. Нэхэмжлэгч Н.Золжаргал хуралдаа өөрөө ирээгүй байна. Заавал Н.Золжаргалыг шүүх хуралд оролцуулна уу. О.Билэгсайханаас сохор зоосч аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Даариймаагаас 520 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Билэгсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Билэгсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Даариймаагаас 16250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Билэгсайханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Н.Золжаргал ам хэлцэл хийж 2016 оны 10 дугаар сарын 15-наас 2016 оны 11 дүгээр сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хотын төвийн 24 цагийн харуултай тансаг гоё тавилгатай хажуу өрөө 1 ам бүл гэж 300 000 төгрөг ашиглалтын зардал 50 000 төгрөгийн төлбөр өгч орсон гэрээг амаар хийсэн бичгээр хийх гэсэн боловч иргэний үнэмлэх байхгүй тул барьцаанд 250 000 төгрөг тавьж гэрийн хаалганы түлхүүр эд хогшлыг хүлээж авсан. Гэтэл 28 хоног амьдраад Н.Золжаргал 2015 оны 11 дүгээр сарын 13-нд хаалганы түлхүүр эд хогшлыг хүлээлгэж өгөлгүй алга болчихсон надад учруулсан хохирол, УБ хивсэн дээр шөлтэй хоол асгаж толбо болгосон хими цэвэрлэгээнд цэврлүүлж өгөх, угаалгын машины сэгсрэгчийг эвдэлсэн, усанд ордог шүршүүр крантыг эвдэлсэн хувцасны шкафны цоож болон хаалга эвдэлсэн өрөөний хаалганы цоож эвдэлсэн эдгээр хохирлыг барагдуулсаны дараа Н.Золжаргалд 250 000 буцааж өгөхөд бэлэн байна. Миний жолооч Г.Нямдорж Н.Золжаргалыг мөнгө өгч байхийг харж байсан гэрч юмаа. Гэрчийг асууж өгнө үү, гэрийн хаалганы түлхүүр авч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууц хөлслөх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнөөс 8 хоногийн хөлсийг хасч, үлдэх 520 000 төгрөгийг гаргуулах гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...О.Билэгсайханаас мөнгө аваагүй, Н.Золжаргалаас 600 000 төгрөгийг авсан, эдгээр хүмүүс орон сууцанд байх хугацаандаа эд зүйлийг эвдэж, хивсийг цэвэрлэгээнд өгөх шаардлагатай болсон, хаалганы түлхүүрийг авч явсан...” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч О.Билэгсайхан нь “Есөн шижир” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын  21-ний өдөр зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөгийг зээлсэн болон суудлын авто машин барьцаалсан барьцааны гэрээ хэрэгт авагдсан ба энэ зээлийн мөнгөнөөс орон сууцны хөлс 600 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эхнэр Н.Золжаргалаар дамжуулан орон сууцны хөлсийг төлсөн гэх боловч тэдний гэр бүл болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна гэрээгээр шилжүүлсэн мөнгийг шаардах эрхийг Н.Золжаргалаас нэхэмжлэгчид шилжүүлсэн, эсхүл өөрийг нь төлөөлөн нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгосон баримт ч хэрэгт авагдаагүй байв.

Шүүх дээрх байдлыг тодруулалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Н.Даариймаагаас 520 000 төгрөг гаргуулах тухай О.Билэгсайханы нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Н.Даариймаагаас шаардах эрх бүхий этгээд, түүний төлөөлөгч нь нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/0131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Н.Даариймаагаас 520 000 төгрөг гаргуулах тухай О.Билэгсайханы нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 16 250 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                          ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ