Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0028

 

 

 

 

 

 

 

 

В.А-ийн нэхэмжлэлтэй

                                                     захиргааны хэргийн тухай                 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч В.А

Нэхэмжлэгч: В.А

Хариуцагч: БОАЖС

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 722 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Э.П, Д.Н  нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ш

Хэргийн индекс: 128/2022/0937

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.А-аас БОАЖСад холбогдуулан “БОАЖСын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай” А/358 дугаар тушаалын В.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 722 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан БОАЖСын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай” А/358 дугаар тушаалын В.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч В.Ааас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. В Алтанхуяг миний ашиглаж буй газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж тус тус заасны дагуу ашиглах эрхийг хүчингүй болгосон.

3.2. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн нь Налайх дүүргийн татварын албанаас ирсэн албан бичгээр нотлогдоно.

3.3. Гэтэл зөвхөн 2022 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөр төлөөгүй гэж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч 2022 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөрөө төлөөгүй боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан.

3.4. Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд "Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан.

Үүнээс үзвэл Газрын төлбөр төлөх үүргээ газар ашиглагч биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдлаас шалтгаалан холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх, сонгох зохицуулалттай байна.

3.5. Гэтэл захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар ашиглах эрх дуусгавар болгох хэмжээний зөрчил гаргасан эсэх, түүний шалтгаан, үр дагаврыг судлан тогтоолгүйгээр нэхэмжлэгч 2 улирал газрын төлбөр төлөөгүйг газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл болгосон нь буруу. Нэхэмжлэгч 2 улирал газрын төлбөр төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрх дуусгавар болгох үндэслүүдэдтэй тэнцэх хэмжээний зөрчил биш гэж маргасан байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

3.6. Газар эзэмших, ашиглах шийдвэр гарсан ч огт төлбөр төлж байгаагүй, удаан хугацаагаар буюу 1 жилээс дээш хугацаагаар төлбөрөө төлөөгүй этгээдийн эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид хэрэглэсэн нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчимд нийцэхгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хуулиудаас шууд Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй.

3.7. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлийн тухайд: Уг заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох талаар зохицуулсан.

3.8. Гэтэл нэхэмжлэгч компанийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад " гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй" гэх хуулийн заалтыг үндэслэл болгон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.

3.9. Учир нь гэрээг 2 жил тутам дүгнэж, шинэчлэн байгуулдаг бөгөөд энэ үед Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хамгийн сүүлд гэрээ байгуулснаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад уг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй.

3.10. Учир нь гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан нь өмнөх гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж сунгасан гэж үзэхээр байна. Мөн 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг хаанаас эхэлж, яаж тоолсон, уг хугацаанд газар ашиглахтай холбоотой ямар ажил хийгдсэн талаар хариуцагч нотлоогүй, уг үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлогдоогүй буюу захиргааны байгууллага актын үндэслэлээ нотолж чадаагүй явцад байхад зөвхөн нэхэмжлэгч 2 жил дараалан ашигласан талаар өөрөө нотлоогүй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.

3.11. Хугацааг хаанаас эхэлж тоолох талаар нэгэнт хуульд "гэрээнд заасан зориулалтын дагуу" гэсэн учраас гэрээ байгуулагдсанаас эхэлж тоолно гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актаар В.А миний газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. “Нэхэмжлэгч В.Ааас БОАЖСад холбогдуулан “БОАЖСын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай” А/358 дугаар тушаалын В.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Маргаан бүхий БОАЖСын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай” А/358 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасныг тус тус үндэслэн “...газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан бүхий газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид  Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Эрээний эх нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон 1,0 га талбайг бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 15 жил дараалан ашиглаагүй, ойн сан бүхий газартай давхцалтай, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ...2 жил дараалан ашиглаагүй талаарх холбогдох нотлох баримтуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй” гэж, нэхэмжлэгчээс “...эдийн засгийн хямралын улмаас тодорхой хугацаанд газрын төлбөрийг тасалдуулсан, ...яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04/268 тоот мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгасан байхад маргаан бүхий актаар газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж тайлбар гаргах боломжоор хангаагүй, ...ойн сан бүхий газартай давхцалтай талаар өмнө мэдэгдсэн бол давхцалгүй хэсэг рүү шилжүүлэх байдлаар холбогдох ажиллагааг хийх боломжтой байсан” гэж, гуравдагч этгээдээс “...тус газрыг аялал жуулчлалын болон амралтын зориулалттай ашиглаж байсан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, ...мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгаж тухайн газар дээрээ барилгын ажлыг эхлүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.  

6.   Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

7. Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцөл заасан. “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.

8. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч В.А, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга, Налайх дүүргийн Засаг дарга нар нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2020/33 тоот гурвалсан гэрээг шинээр байгуулсан, харин маргаан бүхий А/358 дугаар тушаал нь 2022 оны 09 дүгээр 01-ний өдөр гарсан байгаагаас үзэхэд гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа дуусгавар болсон гэж үзэхээргүй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг хэзээнээс эхлэн хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа дуусаагүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэх давж заалдах гомдлыг шүүхээс шууд үгүйсгэх боломжгүй байна.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04/268 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул ...газар ашиглах эрх дуусгавар болгох захиргааны акт гаргах болсныг мэдэгдье” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч  В.Ат хэзээ, хэрхэн хүргүүлсэн, нэхэмжлэгч уг мэдэгдлийг хэзээ гардаж авсан нь тодорхойгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул тус нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгчээс “...яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04/268 тоот мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгасан байхад маргаан бүхий актаар газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж тайлбар гаргах боломжоор хангаагүй” гэж, гуравдагч этгээдээс  “...тус газрыг аялал жуулчлалын болон амралтын зориулалттай ашиглаж байсан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, ...мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгаж тухайн газар дээрээ барилгын ажлыг эхлүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.

11. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэргээс үзэхэд “...маргаан бүхий газрыг төмөр хашаагаар хашаалсан, цементээр гэрийн буурь цутгасан, харуулын байшин барьсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнээс үзэхэд гуравдагч этгээдийн “...тус газрыг аялал жуулчлалын болон амралтын зориулалттай ашиглаж байсан” гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Түүнчлэн маргаан бүхий газар нь ойн сан бүхий газартай давхцалтай гэх үндэслэлийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/1683 дугаар албан бичиг болон газрын байршлын зургаар нэхэмжлэгчийн газар нь ойн сан бүхий газартай 160 м.кв хэсэгчлэн давхцалтай талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, “...энэ талаар өмнө нь  манайд мэдэгдсэн бол ойн сан бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах эсвэл газрыг шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан” гэх тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий газар нь ойн сан бүхий газартай давхцалтай талаар маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж байсан эсэх үйл баримт тодорхойгүй.

13. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2020/33 тоот гурвалсан гэрээний Хоёр дугаар зүйлийн 2.3-т “газрын төлбөрийн хэмжээ 1020,000 (нэг сая хорин мянган төгрөг) гэж газрын төлбөрийг тогтоосон хэрнээ 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд 2020 оны төлбөр 1122716 төгрөг төлсөн, 2021 оны төлбөр 1122714 төгрөг төлсөн, 2022 оны төлбөр 962769 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 23/129 тоот албан бичигт “В.А нь ...2022 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэжээ.

14. Үүнээс үзэхэд төлбөрийн хэмжээг 1 жилд 1020,000 төгрөг гэж тус гэрээнд тусгасан байхад 2020 оны төлбөр 1122716 төгрөг, 2021 оны төлбөр 1122714 төгрөг тус тус төлсөн, мөн 2022 оны 962769 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэснээс үзэхэд гэрээнд заасан төлбөрийн хэмжээ нэмэгдсэн эсхүл өмнөх оны төлбөрийн үлдэгдэлтэй байсан эсэх нөхцөл байдал тодорхойгүй, хэрвээ газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн бол ямар үндэслэлээр хэрхэн нэмэгдсэн, нэхэмжлэгчийг 2022 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзсэн атлаа 962769 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байх бөгөөд тус төлбөрийн үлдэгдлийг ямар хугацаанаас хэрхэн тооцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                      Э.ЛХАГВАСҮРЭН  

           ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

           ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН