Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0052

 

 

 

 

2021 оны 01 сарын 21 өдөр           Дугаар 128/ШШ2021/0052            Улаанбаатар хот

                            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ДКМ” ХХК

Хариуцагч: АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын  XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг АМГТГКХ даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ДКМ” ХХК-ийн захирал Р.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ Манай компани 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Хашаатын хөндий нэртэй газарт байрлах 7178.3 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-018327 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн.

Энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон бусад эрх зүйн актуудад тусгасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг биелүүлж, нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллаж ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийн хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу “ДКМ” ХХК нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/09/06 тоот албан бичгээр хүргүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл хүлээлгэн өгөхөөр очих үед хүлээж аваагүй, харин 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 8/4222 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийн төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсарган ирүүлнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу “Мэдэгдэл” ирүүлсэн.

Энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 20/09/05 тоот албан бичгээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-018327 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан болно.

 Уг гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга бус харин Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8/4486 тоот мэдэгдлээр өргөдлийг хүлээн авахгүй болохыг дахин мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад хандаж, түүнд ... /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт/ хавсаргах”-аар заасан, “ДКМ” ХХК уг заалтаар тогтоосон хугацаандаа өргөдөл гаргахгүй 4 хоног хоцроосонд түүнийг буруутгаж, өргөдөл хүлээн авахгүй байх хуульд нийцсэн үндэслэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс заагаагүй гэж үзэж байна.

“ДКМ” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар хүргүүлсэн юм.

Тус сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар “Байгаль орчин, менежментийн төлөвлөгөө”-г баталж өгөх ёстой атал 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр батлан ирүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж“ДКМ” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулсан болно.

Гэхдээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 337 тоот албан бичгээр “ДКМ” ХХК-ийн тус сумын нутагт XV-018327 дугаартай Хашаат хөндийн нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2014 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, тус компани нь 2020 оны хайгуулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулсан “Байгаль орчин аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр манай суманд хүргүүлсэн. Тухайн үед Засаг дарга миний бие 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан тул 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр менежментийн төлөвлөгөөг баталгаажуулсан болно. “ДКМ” ХХК нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд тус хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд геологи хайгуулын ажлыг хуулийн хүрээнд гүйцэтгэж байгааг тодотгож байна” гэсэн тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд энэхүү нөхцөл байдал, Засаг даргын тайлбарын үндэслэлийг АМГТГКХ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хянаж, шалгаж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч  “ДКМ” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан байна.

“Байгаль орчин менежментийн төлөвлөгөө”-г батлуулах нь “ДКМ” ХХК-д болон Ашигт малтмал, газрын тосны газрын тосны Кадастрын хэлтэст хамааралгүй буюу гуравдагч этгээдийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, “ДКМ” ХХК-ийн буруутай буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байхад Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэн тус компанийн эзэмшлийн XV-018327 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаад гомдолтой байна.

“ДКМ” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа XV-018327 дугаартай Хашаат хөндий нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа ч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох нөхцөл байдал давхар үүсээд байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, төрийн холбогдох байгууллага буюу сумын Засаг дарга “Байгаль орчин менежментийн төлөвлөгөө”-г цаг хугацаанд батлан өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрэх нөхцөл байдал үүссэн тул “ДКМ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-018327 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг даалгах талаар гаргасан манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “Хашаатын хөндий” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018327 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “ДКМ” ХХК-д олгосон байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр заасан.

“ДКМ” нь ашигт малтмалын хайгуулын XV-018327 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 4 хоног хэтрүүлсэн гаргасан шалтгаанаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга ээлжийн амралттай байсан тул хуульд заасан хугацаанд баталж өгөөгүй гэж тайлбарладаг.

“ДКМ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг хүссэн албан бичгүүдэд тус газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8/4222, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8/4486 тоот албан бичгүүдээр хариуг хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“ДКМ” ХХК-иас АМГТГКХ холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын  XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг АМГТГКХ даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “ДКМ” ХХК ашигт малтмалын хайгуулын XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж заасны дагуу “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн боловч 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баталсан болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 337 дугаар албан бичгээр тогтоогдож байна. 

Ийнхүү нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаанд хүргүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж заасныг зөрчин баталсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/09/06 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар АМГТГКХ хандахад мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: ...” гэж зааснаар 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлээгүй үндэслэлээр хүлээн аваагүй байна. 

Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан 1 сарын өмнө гэсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах агуулгатай бөгөөд төрийн захиргааны байгууллага хугацаа хэтрүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй байх зохицуулалт хуульд тусгаагүй байна.

Нэхэмжлэгч хуульд заасан 1 сарын өмнө гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 4 хоногоор хэтрүүлж, ашигт малтмалын хайгуулын XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө өргөдөл гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын хайгуулын  XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг АМГТГКХ даалгаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.4, 106.3.12  дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ДКМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-018327 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг АМГТГКХ даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


 

 

                                    ШҮҮГЧ                                                 Н.ДАМДИНСҮРЭН