Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0017/з |
Дугаар | 221/МА2016/0432 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0432
2016 оны 6 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2016/0432 | Улаанбаатар хот |
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******эн нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.*******, О.******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Д.******* 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 350017418 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.*******, Д.******* нар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа
“...“******* *******” ХХК-ийн 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хяналт шалгалтын тасгийн даргын 35150100005 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн хяналт шалгалт хийсэн.
Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 12670074 тоот падаанаар 23,509,0910.0 төгрөгийн хий бичилттэй хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого бууруулан хасалт хийсэн. Тус компанийн захирал Д.******* “...барилгын материалаа “Гурвалжин”-ийн 44-ийн захаас бэлэн мөнгөөр худалдан авсан тухайн падааныг бичиж өгсөн” гэх тайлбарыг өгсөн. “Алтан-ганьт” ХХК бараа борлуулсан мэтээр дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй хий бичилттэй падаан болохыг тогтоосон байна. Гэвч “******* *******” ХХК нь дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй татварын улсын байцаагчийн актыг үл зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус хандсан.
Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 31, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан” гэжээ.
Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 250 дугаар шийдвэрээр:
“Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.*******, О.******* нарын 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 350017418 тоот актын “705,272.00 төгрөгийн торгууль, 869,694.00 төгрөгийн алданги” ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, “2,350,909.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Д.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...“Алтан ганьт” ХХК-иас барилгын материал худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн анхан шатны бүх баримтаа бүрдүүлж аваад зохих журмын дагуу тайлагнасан. Гэтэл энд манай компани буруутай болж байгаад үнэхээр харамсаж байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.
Хуулийн дагуу үүргээ биелүүлсэн, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийг яагаад хохироогоод байгааг шүүх тунгаан нягталж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчийг “Алтан ганьт” ХХК-иас 23.509.091 төгрөгийн хий бичилттэй 12670074 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 2.350.909 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, энэ дүнгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулан тайлагнасан гэж үзэн 2.350.909 төгрөгийн нөхөн татвар, 705.272 төгрөгийн торгууль, 869.694 төгрөгийн алданги, нийт 3.925.875 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч талаас нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх ч боломжгүй гэж маргах боловч 12670074 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч бус гагцхүү уг падаанаар илэрхийлэгдэх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан худалдан авалт нь хуурамч, өөрөөр хэлбэл нийт 25.860.000 төгрөгийн худалдан авалтыг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийсэн гэх боловч үүнийг нотлох анхан шатны санхүүгийн баримтыг шүүхээс шаардсан боловч “Алтан ганьт” ХХК-ийн дугааргүй кассын зарлагын ордероос өөр ямар ч баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй, уг худалдан авалт бодитой хийгдсэн болох нь нотлогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” тус тус заасны дагуу албан татварын хасалт хийх шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газарт хандаж 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 10/2-1762 тоот албан бичгээр "Алтан ганьт" ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийхийг хүссэн байх бөгөөд уг шалгалтад хамрагдах компаниудын жагсаалтад нэхэмжлэгч “******* *******” ХХК оржээ.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 107/1014 дүгээр албан бичигт дурдсанаар “******* *******” ХХК-д холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээнд хүрээгүй тул татварын зөрчил гэж үзэн харьяа дүүргийн татварын хэлтсээс дотооддоо шалгаж шийдвэрлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрийн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Харин Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.*******, О.******* нараас 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 350017418 дугаартай акт нь хууль болон нэхэмжлэгч "******* Инвест" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй ч анхан шатны шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу актаар ногдуулсан 705.272 төгрөгийн торгууль, 869.694 төгрөгийн алдангийг захиргааны шийтгэлд хамааруулсан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт эдгээрийг өршөөн хэлтрүүлэх бус харин хүчингүй болгох байдлаар шийдвэрлэсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 250 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга, 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 350017418 тоот актаар ногдуулсан 705.272 төгрөгийн торгууль, 869.694 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 1.574.966 төгрөгөөр багасган 2.350.909 төгрөг болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН