Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 033/2016/0032/З/ |
Дугаар | 147 |
Огноо | 2017-04-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 147
Х.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 121 дүгээр магадлалтай, Х.А-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, 26.3, 26.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-гийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Албанаас халж, цагдаагийн цол хураах” тухай Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн ахлах ахлагч цолоор саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 121 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар гомдолд дурдаагүй ч гэсэн хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийг согтуурлын зэргийг шалгах үүрэггүй байж тэмдэглэл үйлдсэн, мөн хууль сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон учир гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй болох нь харагдаж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг авч үзээгүй байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлээр хязгаарлан дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд ажлаас халах тушаалд дурдсан дээрх 26.1.3 дахь заалт нь уг хэргийн улмаас хохирол учирсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.
Миний хувьд Цагдаагийн газарт ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байгаа юм. Зөрчил гаргагч А.А-гийн хувьд мөргөсөн шонгоо өөрөө засварлан хохирлоо барагдуулсан ба гаргасан зөрчилдөө захиргааны хариуцлага хүлээж, жолоодох эрхээ хасуулан хариуцлага хүлээсэн байхад надад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Миний хувьд Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн захиргааны хариуцлага хүлээж байгаа нь хүндрүүлэн шийтгэл хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” Б/36 дугаар тушаалаар саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.А-г “2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хяналтын камер мөргөж, зам тээврийн осол гаргасан иргэн А.А-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгалгүй хуурамч материал бүрдүүлж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 13.1.5 дахь заалтуудыг зөрчсөн” гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын 6-ын 6.1.2-т заасныг үндэслэн төрийн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураажээ.
Нэхэмжлэгч Х.А нь зам тээврийн осол гаргасан иргэн А.А-гийн согтуурлыг шалгаагүй атлаа драйгер үлээлгэн шалгаж, согтуурлын хэмжээ нь 0.18 промиль гарсан мэтээр “Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл” үйлдэж, 2 гэрчээр гарын үсэг зуруулсан нь албаны шалгалтаар тогтоогдсон, тэрээр уг үйл баримттай маргаагүй боловч “хуурамч баримт бүрдүүлсэн” гэх зөрчлийг тогтоолгүй, “сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргажээ.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дотоод хяналт хариуцсан эрх бүхий албан тушаалтнаас Х.А-гийн гаргасан зөрчлийг илрүүлж, гэм бурууг нь тогтоож, дүгнэлт гаргаж, хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлүүлсэн үйл ажиллагаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 351 дүгээр тушаалаар батлагдсан албаны шалгалт явуулах журамд нийцсэн, зөрчилд холбогдогчийн эрхийг зөрчөөгүй байна.
Цагдаагийн албаны тухай /2013 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны а/53 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны журмаар албадан саатуулах журам” /код.623/-д зааснаас үзэхэд, албадан саатуулах байрны цагдаа нь “саатуулагдах”-аар хүргэгдэн ирсэн хүний согтуурлын зэргийг шалган тогтоох эрх хэмжээгүй, тэр тусмаа тухайн үед “саатуулагдаагүй” этгээд болох А.А-гийн согтуурлын зэргийг шалган тогтоох үүрэггүй юм.
Гэтэл А.А-г саатуулах байранд хүргэж ирсэн, цагдаагийн алба хаагч Ж.А-гийн “ослын газарт ажилласан замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Т нь А.А-гийн согтуурлыг шалгаж, 0.18 промиль байсныг тогтоосон, дахин шалгах шаардлагагүй, ийм хэмжээгээр тэмдэглээрэй” гэж хэлсний дагуу “согтуурлын хэмжээг шалгасан тухай” тэмдэглэл үйлдсэн нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн “хуулийг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, цагдаагийн алба үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах” гэсэн нийтлэг үүрэгтэй нийцээгүй, Цагдаагийн албаны ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл мөн байна.
Иймд, Цагдаагийн албаны тухай /2013 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалын цолыг хураах хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгч Х.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
Түүнчлэн Х.А-гийн гаргасан зөрчилд хамааралтай цагдаагийн албан хаагч тус бүрт хариуцлагыг ялгамжтай байдлаар ногдуулсан, Х.А-д ногдуулсан сахилгын шийтгэл нь “тэмдэглэл”-ийг хуурамчаар үйлдсэн зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй гэж хариуцагчийн буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан “Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан шийтгэлийг ногдуулсан нь хүндэдсэн” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй.
Дээрх байдалд үндэслэн Х.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 121 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ