Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/833

 

 

 

 

 

 

 

     2022           6           29                                           2022/ШЦТ/833

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бгийн Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01134 0744 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1024 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамруулсан,

Ихдогшин овогт Бгийн Д. /РД:ЗБ82061702/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн буудал” нэртэй буудалд хохирогч П.Иг унтсан хойгуур гар утсыг нь ашиглан Мобайл банкаар өөрийн “Хаан банк”-ны 5991011520 тоот дансанд нийт 1.970.000 төгрөгийг зохих зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 571 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.Д:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн буудал” нэртэй буудалд хохирогч П.Итэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогчийг унтсан хойгуур гар утсыг нь ашиглан Мобайл банкаар өөрийн “Хаан банк”-ны 5991011520 тоот дансанд нийт 1.970.000 төгрөгийг зохих зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч П.Игийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед найз Бын хамт үйлчлүүлж байгаад Боос салж, нэг үл таних эмэгтэйтэй танилцсан. Тухайн эмэгтэй өөрийгөө Д гэж танилцуулсан бөгөөд бид ярилцаж тохиролцоод караокены 2 давхарт байрлах дэн буудалд үйлчлүүлэхээр болж, 45.000 төгрөгөөр нэг ортой өрөө авч орсон. Тэгээд ороод тухайн эмэгтэй надаас 150.000 төгрөг зээлээч гэж нэхээд байсан. Тэгэхээр нь би тус эмэгтэйд надад тийм их мөнгө байхгүй гэж хэлээд 110.000 төгрөг түүний хэлсэн 5991011520 тоот Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Тэгээд би нэг мэдэхэд унтчихсан байсан бөгөөд өглөөний 07 цагийн үед сэрэхэд тухайн эмэгтэй байхгүй байсан. Тэгэхээр нь би нэг их зүйл санаанд оролгүй хариад амарсан. Тэгээд тухайн өдрөө гэртээ амраад маргааш буюу 07-ны өдөр дансаа шалгахад миний данснаас тухайн эмэгтэйн 5991011520 тоот Хаан банкны данс руу 110.000 төгрөгөөр 1 удаа 200.000 төгрөгөөр 1 удаа, 170.000 төгрөгөөр 1 удаа, 1.600.000 төгрөгөөр 1 удаа нийтдээ 2.080.000 төгрөгийг Мобайл банк ашиглан зарлагаар гарсан байсан. ...Буудлын тооцоо болох 45.000 төгрөгийг буудлын ажилтан руу шилжүүлж байхад Б.Д нь миний хажууд зогсож байсан болохоор миний нууц кодоо хийхийг харсан байж магадгүй гэж бодож байна. Миний зүгээс тухайн эмэгтэйд 110.000 төгрөг сайн дураараа шилжүүлсэн. Харин 1.970.000 төгрөгийг тухайн эмэгтэй өөрийнхөө данс руу шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

- П.Игийн Хаан банкны 5005278283 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх14/, Б.Дийн Хаан банкны 5991011520 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх18/, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Мөн шүүгдэгч Б.Д яллагдагчаар мэдүүлэхдээ “...би тухайн залуугаас надад 110.000 төгрөг зээлээч гэхэд чи өөрөө энэ утсаар шилжүүл гэж хэлээд надад утсаа өгөөд интернэт банкныхаа кодыг өгсөн. Тэгэхээр нь би нүдэн дээр нь данснаас нь 110.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан банк”-ны 5991011520 дугаарын данс руу шилжүүлээд утсыг нь ширээн дээр тавьсан. Тэгээд бид авсан пивоо уугаад сууж байхад тухайн залуу орон дээрээ тасраад унтчихсан. Унтсан хойгуур нь дахин утсыг нь аваад интернэт банкаар нь нэвтрээд 200.000, 170.000, 1.600.000 төгрөгийг мөн өөрийнхөө дансаар шилжүүлээд утсыг нь үлдээгээд гараад явчихсан юм...” гэсэн /хх48/ мөн шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ба түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд харилцан зөрүүгүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэж үзэхээр байна.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг ашиглан түүний данснаас 1.970.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.970.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч П.Ид учирсан 1.970.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч Б.Д хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дийг хохирогч П.Ид 2.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хохирогч П.И нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ 110.000 төгрөгийг өөрөө шилжүүлсэн гэж мэдүүлсэн тул дээрх 110.000 төгрөгийг хулгайлах гэмт хэргийн хохиролд тооцохооргүй байна.

7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дээс 1.970.000 төгрөг гаргуулж, хохирогч П.Ид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

9. Шүүгдэгч нь одоо Дорноговь аймагт ажиллаж байгаа, намраас хотод хүүхдүүдээ харж ажиллана, хохирол төлөхөө илэрхийлж гэжээ. 

10. Шүүгдэгч Б.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

12. Шүүгдэгч Б.Д нь урьд 2 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч дээрх хоёр удаагийн ял шийтгүүлсэн ялын хугацаа дуусгавар болсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, 3-14 насны 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

13. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэв.

15. Хэрэгт шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх лавлагаа авагдсан боловч прокуророос яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгчийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялын биелэлтийн талаар баримт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1024 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэлтрүүлсэн тухай холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй нь учир дутагдалтай болохыг дурдаж байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

16. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

17. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дээс 1.970.000 /нэг сая есөн зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Ид  олгуулсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР