| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0156/И |
| Дугаар | 304 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 304
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ү.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Г газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай, “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус газрын Зтөвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох.
2. Ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгөх.
3. Ажиллаж байх хугацаанд авч чадаагүй 2018 оны 1 дүгээр сарын цалин 603030 төгрөг, 2 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин 274104 төгрөг, бүгд 877134 төгрөг гаргуулахыг тус тус шаарджээ.
Нэхэмжлэгч Ү.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Х хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тушаалаар тус хэлтсийн дэргэдэх З хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар түр томилогдож ажиллаж байгаад мөн даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тушаалаар Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтны байнгын ажлын байранд үндсэн ажилтнаар томилогдсон.
Ажиллаж байх хугацаанд өөрийн хариуцсан ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан 5 удаагийн сургалтад хамрагдаж гэрчилгээ, сертификат авсан.
Миний ажиллаж байсан Зхөгжлийн төв нь 2013 оноос Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/72 дугаар тушаалын хавсралтаар тус төвийн үлгэрчилсэн дүрэм, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг баталсан байдаг.
2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Засуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Зхөгжлийн төвтэй байна” гэж зааж өгснөөр З хөгжлийн төв албан ёсоор хуульчлагдсан.
Хуулийн дээрх зохицуулалттай холбоотойгоор Г газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаартай тушаалын хавсралтаар З хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм, ажилтнуудын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтуудыг тус тус баталсан.
Шинэ дүрэмд зарчмын ямар нэгэн өөрчлөлт ороогүй, төвийн өмнө нь гүйцэтгэж байсан чиг үүргүүд нь хэвээр хадгалагдсан, өмнө нь мөрдөж байсан 3 орон тоо хэвээрээ батлагдсан.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Г газрын дарга Т.Н нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 02 дугаартай тушаалын 1 дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод 2 дахь заалтаар намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон. Ингэснээр миний бие ажилгүй болж хууль эрх ашиг маань ноцтой зөрчигдөж байна.
Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоо Төрийн үйлчилгээний албан тушаалын орон тоо байгаа бөгөөд түүнд холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Дарга Т.Н нь байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байтал надтай 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ ямар үндэслэлээр, ямар нөхцөл, шаардлагын үүднээс хугацаатай гэрээ байгуулж байгаагаа надад тайлбарлаагүй, энэ талаар надтай харилцан тохиролцоогүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд огт тусгаагүй. Дараа нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад түүнийг цуцлах талаар ямар нэгэн санал тавиагүй.
2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалтад орох талаар “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл” гэгчийг өгсөн. Би нэгэнт үндсэн орон тоонд ажиллаж байгаа, шинэ дүрмээр миний орон тоо хэвээр хадгалагдсан, төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулж томилох тухай хуулийн зохицуулалт байхгүй учир би сонгон шалгаруулалтад орохоос татгалзсан. Үүний дарга Т.Н нь дээрх тушаалыг гаргаж миний эрх ашгийг зөрчсөн.
Т.Н даргын тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “З хөгжил төсөл”-ийг 2013-2017 онд хэрэгжүүлэн дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Энэ хөтөлбөр өмнө нь төслийн хүрээнд хэрэгжиж байсан хэдий ч шинээр батлагдсан Зхөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу үргэлжлэн ажиллах болсон. Энэ тохиолдолд өмнө нь тухайн төвд ажиллаж байсан намайг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан. Мөн намайг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулсан мөртлөө энэ хугацаанд ямар ч цалин хөлс олгоогүй. Би өмнө нь сард 603030 төгрөгийн цалин хөлс авч байсан учир 1 дүгээр сард 603030 төгрөгийн, 2 дугаар сарын 10 хоногт 274104 төгрөгийн цалин хөлс авах ёстой.
Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 02 дугаартай тушаалын Ү.С надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын З хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, ажиллаж байх хугацаанд авч чадаагүй 2018 оны 01 дүгээр сарын цалин 603030 төгрөг, 2 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин 274104 төгрөг, бүгд 877134 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Би ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх 2 сарын хугацаагаар тооцсон болно гэжээ.
Нэхэмжлэгч Ү.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие Үсен овогтой Саттигүл нь Г хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар З хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар түр томилогдож ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар бүр томилогдсон. Гэтэл Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд, гэр бүл, З хөгжлийн дарга Т.Н нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 02 дугаартай тушаал гаргасан. Уг тушаалын 1 дэх заалтаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2 дахь заалтаар намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон. Ингэснээр миний бие ажилгүй болж хууль ёсны ашиг сонирхол, эрх маань ноцтой зөрчилдөж байна. Энэ талаар нэхэмжлэлд тодорхой бичсэн байгаа. Хариуцагчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус учраас эргүүлж ажилд томилж өгөхийг хүсэж байна. Би 1, 2 дугаар цалингаа авсан. Уг цалинг нэхэмжлэхээс татгалзаж байна. Ажлаас гарсны дараа миний цалинг олгосон байгаа. Тухайн үед цалингаа аваагүй учраас цалингаа нэхэмжилсэн байсан. 2 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Г газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Н би Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 02 дугаар тушаалын Ү.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” тус шүүхэд гаргасан Ү.С-ийн гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/72 дугаар тогтоолоор баталсан “З хөгжлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Х хэлтсийн (тухайн үеийн нэрээр) харьяа Зхөгжлийн төв нэртэй залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй нэгж байгуулагдсан юм.
Тус З хөгжлийн төв нь дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас батлагдсан “дүрмийн” заалтын хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд Зхөгжлийн төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6-д: “Төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг төвийн зохицуулагч хариуцах”, дүрмийн 6.7 дахь заалтад “Төвийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн ажилтан ажиллана” гэж заасан.
З хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрмийн (2014 оны) 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, Швейцарын хөгжлийн Агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Зхөгжлийн төсөл 2014 -2017”-ийн хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баян аймгийн Х хэлтсийн (тухайн үеийн нэрээр) харьяанд байгаа “З хөгжлийн төв” хамаарагдаж, 2014 оноос 2017 оны 12 дугаар сарын 31 -нийг дуустал олон улсын төслийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулсан юм. Тухайн З хөгжлийн төвийн зохицуулагчаар Р.Ж, нийгмийн ажилтнаар Ү.С, сургагч багшаар А.Т нар ажилласан болно,
Ү.С-ийг “нийгмийн ажилтан”-аар томилогдон ажиллаж байсан Засгийн газар, НҮБ -ын хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Зхөгжлийн төсөл 2014-2017” төсөл нь 2017 оны 12 дугаар сарын 31-нээс дуусгавар болж, цааш нь сунгагдаагүй тул Гэр бүл, хүүхэд Зхөгжлийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр Ү.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй болно.
Ү.С нь шүүхэд гаргасан гомдолд “Шинэ дүрэмд зарчмын ямар нэгэн өөрчлөлт ороогүй, тус төвийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, өмнө нь мөрдөж байсан 3 орон тоо хэвээр батлагдсан “ гэж гомдол гаргасан нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд: 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/72 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зхөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулагч удирдана” гэж, мөн “Зохицуулагчид дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн ажилтан ажиллана” гэж хоёр орон тоог дүрмээр хуульчлан баталгаажуулж өгсөн.
Тэгвэл 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдсөн “Зхөгжлийг дэмжих тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Зхөгжлийн дүрмийг Засуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална гэж заасны үндсэн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Г газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд, уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төв нь Ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна” гэж орон тооны бүтцийг хуульчлан баталсан байдаг.
Энэхүү шинэ дүрмээр Ү.С-ийн ажиллаж байсан “нийгмийн ажилтан” гэсэн орон тоо бүхэлдээ байхгүй болж, “оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан” хэмээх шинэ орон тоо буй болсон байдаг тул Саттигүлийн “орон тоо, бүтэц хэвээр батлагдсан” гэх гомдлыг зөвшөөрөх боломжгүй байна.
Ажил олгогчоос 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулах тухай зохицуулалтыг зөрчсөн, надтай харилцан тохиролцоогүй хэмээн гомдол гаргажээ.
Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот хөдөлмөрийн гэрээний 1.7 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, уг гэрээнд ажилтан Ү.С өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг зөвшөөрсөн, өөрөө танилцаж гарын үсэг зурснаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан учир 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулж болно” гэж заасан тул гэрээний хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан тул хууль зөрчөөгүй болно.
1.Баян-Өлгий аймгийн Г газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байсан З хөгжлийн төв нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ -ын хүн амын сантай хамтарсан “З хөгжлийн төсөл 2014-2017”-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан учир төслийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусах хугацаатай, дууссан хугацаа тодорхой байгаа тул “байнгын ажлын байр” гэж үзэх боломжгүй юм. Төслийн хугацааг сунгах асуудал Засгийн газар болон НҮБ-ийн хүн амын сангийн эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх тул төслийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээг ажилтан Ү.С-тэй байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 -д заасантай нийцэж байна.
2. З хөгжлийн төвийн Үлгэрчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д зааснаар Зхөгжлийн төв нь НҮБ-ын хүн амын сангийн хөрөнгөөр санхүүжиж байсан тул тухайн төслийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсноор Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтан, зохицуулагч, сурагч багш гэх 3 орон тоогоор үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Эдгээр 3 нь орон тоо Баян-Өлгий аймгийн Г газрын 2017 он, 2018 оны бүтэц, орон тоонд батлагдаагүй билээ.
3. Зхөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Баян-Өлгий аймгийн Хүүхэд, Зхөгжлийн газрын чиг үүргийг тодорхой заасан бөгөөд дүрмийн 9.1.2 -д зааснаар “мэргэжил, арга зүй, санхүүгийн удирдлагаар хангах”, 9.1.5-д зааснаар “төвийн ажлыг удирдан чиглүүлж, зохицуулагч, нийгмийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах, төвийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлүүлэх” гэж тодорхой заасан. Манай аймгийн З хөгжлийн төв нь НҮБ-ийн хүн амын сангийн төсөл арга хэмжээний олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж байсан тул улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт тусгагдаагүй болно.
4. З хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 -д “...З хөгжлийн дүрмийг Засуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална” гэж зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Г газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан билээ. Энэ: шинээр батлагдсан З хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрмийн 4.1-д “Төв нь Ажлын албаны нарийн бичиг, сургалт хариуцсан ажилтан, оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан гэсэн орон тоотой байна” гэж хуульчилсан.
Ү.С-ийн ажиллаж байсан “нийгмийн ажилтан” гэсэн орон тоо уг дүрмээр батлагдаагүй юм. З хөгжлийг дэмжих “З хөгжлийн төвийн дүрэм” шинээр батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Г газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “чиглэл хүргүүлэх тухай” 01/33 тоот албан бичгээр “З хөгжлийн төвийг шинээр байгуулах, ажилтнуудыг шинээр хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулж томилох”-ыг үүрэг болгосон.
Үүний дагуу З хөгжлийн төвийн шинээр батлагдсан 3 орон тоонд сонсох ажиллагаа явуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан хүмүүсийг шилж сонгож, болзол хангасан хүмүүсийг томилсон юм. Тухайн үед Ү.С-д сонсох ажиллагаанд оролцох, бичиг баримт бүрдүүлж өгөхийг мэдэгдэж, “Сонсох ажиллагааны мэдэгдэл” өгсөн боловч өөрөө татгалзсан тайлбар бичиж өгсөн юм.
5. “З хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 4.7 дахь заалтад “Төвийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, Үлгэрчилсэн загвар, албан тушаалын ангиллыг агентлагийн дарга батална” гэж, 4.8 -д “Төвийн ажилтнууд нь дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан.
Зхөгжлийн төвийн ажлын байрны тодорхойлолтыг Г газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бөгөөд Ү.С нь ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт заасан тавигдах шаардлагыг татгалзсан байх гэж үзэж байна.
Иймд Ү.С-ийн урьд ажиллаж байсан Олон улсын санхүүжилт бүхий төслийн хугацаа дууссан, уг төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг цааш нь сунгах боломжгүй болсон нь нотлогдсон учир гомдлыг ханган шийдвэрлэж, Зхөгжлийн төвд нийгмийн ажилтнаар томилох боломжгүй байна.
Баян-Өлгий аймгийн Г газрын З хөгжлийн төвд нийгмийн ажилтан гэсэн орон тоо батлагдаагүй болох нь Зхөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрмийн 4.1-д зааснаар баталсан бүтэц орон тоо, мөн Баян-Өлгий аймгийн Г газрын батлагдсан бүтэц орон тоогоор нотлогдоно. Эдгээр үндэслэлээр Ү. Саттигүлийн гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.С нь Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тушаалын Ү.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус газрын Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1206060 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, ажиллаж байх хугацаанд авч чадаагүй цалин 877134 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ү.С-ийн авч чадаагүй цалин 877134 төгрөгийг хариуцагчаас төлж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Х хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тушаалуудаар Ү.С-ийг З хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд томилсон байна.
Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Зхөгжил 2013-2017 төсөл, З хөгжлийн төвийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд Зхөгжлийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 01/33 тоот албан тоотыг үндэслэн Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн З хөгжил төслийг 2013-2017 онд хэрэгжүүлэн дуусаж цаашид сунгагдахгүй болсонтой холбогдуулан З хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Ү.С-тэй байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг дуусгавар болгосон байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай ба ажил олгогчийн Ү.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь дээрх шаардлагыг хангаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байх ба мөн хуулийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийг тусгасан байна. Хэрэгт авагдсан ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Г газрын дарга болон ажилтан Ү.С-тэй байгуулсан 02 дугаартай хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сар байхаар тохиролцжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байгаагаас үзэхэд ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Мөн хуулийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна.
Баян-Өлгий аймгийн Г газрын дарга болон ажилтан Ү.С-тэй байгуулсан 02 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.7-д хөдөлмөрийн гэрээний хугацааг 6 сар гэж тусгасан боловч тухайн хугацаагаар байгуулах ямар үндэслэл, шаардлага, шалтгаан байсныг хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй байх тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагчаас Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн Зхөгжил 2013-2017 төсөл дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй ба тухайн үндэслэлийн талаар хөдөлмөрийн гэрээндээ тодорхой тусгаж өгөөгүй тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.
Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/72 дугаартай Зхөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, ажлын байрны тодорхойлолтын загвар батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар З хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн долоо дугаар бүлгийн 11.1-д төвийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан байх ба 11.1.1-т улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, 11.1.2-т олон улсын төсөл хөтөлбөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэхээр тусгасан байна. Энэхүү байдлаас үзэхэд Зхөгжлийн төв нь зөвхөн Олон улсын төслийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх боломжгүй болно. Мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зхөгжлийн дэмжих тухай хууль батлагдаж энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Засуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх З хөгжлийн төвтэй байна гэж зааснаас үзэхэд ажил олгогчийн Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн З хөгжил төслийг 2013-2017 онд хэрэгжүүлэн дуусаж хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл нь няцаагдаж байна.
Хариуцагчаас тухайн албан тушаал буюу нийгмийн ажилтан гэдэг орон тоо байхгүй болсон, ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж гэж тайлбарласан байна. Ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна. Хариуцагчаас ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолт гэх баримтыг гаргаж ирүүлсэн боловч энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул тухайн баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ. Ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолт эрх бүхий албан тушаалтны 2018 оны хэдэн сарын хэдний өдрийн ямар дугаартай тушаалаар баталсан нь тодорхой бус бөгөөд Г газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан З хөгжлийн төвийн үйл ажиллагааны дүрмийн 4.7-д төвийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг, албан тушаалын ангиллыг агентлагийн дарга батална гэж зааснаас үзэхэд тухайн ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолт баримт нь хууль тогтоомжид нийцсэн нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тушаалын Ү.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ү.С-ийг урьд эрхэлж байсан тус газрын З хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч З хөгжлийн төвийн ажилтнаар ажиллах хугацаанд сард 603033 төгрөгийн цалин авч байсан нь Ү.С-ийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байгаа ба энэхүү баримтыг няцаах баримтаа хариуцагч талаас гаргаж өгөөгүй тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 1206060 төгрөгөөр тодорхойлж ирсэн байх тул 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 1206060 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Г газраас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажилтны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 12,7 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг ажил олгогчоос төлөхөөр тогтоосон тул Ү.С-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 1206060 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 153169 /1206060 төгрөг х 12,7 хувь =153169 төгрөг/ төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ү.С-ийн ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх авч чадаагүй цалин 877134 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас төлж өгсөн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тушаалын Ү.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ү.С-ийг урьд эрхэлж байсан тус газрын Зхөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 1206060 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Г газраас гаргуулан нэхэмжлэгч Ү.С-д олгосугай.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг баримтлан Ү.С-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 1206060 төгрөгт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 153169 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газарт даалгасугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Ү.С-ийн ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх авч чадаагүй цалин 877134 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг дурдсугай.
5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48282 төгрөгийг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд, Зхөгжлийн газраас 70200 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газраас 33495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Сд олгосугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М