Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

 

 

 

 

      2022          4               29                                                2022/ШЦТ/190

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Норжинпил,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

  Шүүгдэгч Б.Г  , түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б-н Гхолбогдох эрүүгийн 2234000000132 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Г   нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Г   нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг "Дальт" гэх газарт 2022 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим хохирогч Ч.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь зүүн 9, 10-р хавирганы хугарал, баруун, зүүн дээд 1-р шүднүүдийн булгарал, дээд, доод уруулын дотор салст, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000132 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Ч.Түмэн-Өлзийн өгсөн: "2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Булган бид хоёр ажлаар Багануур дүүрэг орчхоод 19 цагийн үед хөдөө гэртээ харихад саахалт айлын Б.Г   залуу нь манай гэрт баруун орны урд суусан хөгжлийн бэрхшээлтэй иргэн 80%-ийн групптэй хүү болох Батцэнгэлийг дарамтлан айлган сүрдүүлж гэрийн хоймрын авдар байсан 2 шил Flex нэртэй архийг уучихсан манай хүү Батцэнгэлийг чи муу уу тамхи тат уухгүй Батцэнгэл нь маш их айчихсан, чичирчихсэн шоконд орсон байдалтай байсан. Би гэртээ ороод чи юу хийж байна энэ эмээр амьдардаг хүнийг ингэж зодож дээрэлхэж дарамтлаад байдаг юм гэхэд Гансүх нь хариу хэлэлгүй инээгээд суугаад байсан. Би чи ингэж байхаар намайг зод гэсэн чинь тэгвэл чамайг ална гэж босож ирээд шууд цохиод авсан. Би газар сууж байсан намайг арагшаа унахад бакалтай хөлөөрөө миний толгой нүүр лүү өшиглөж дэвссэн. Энэ үед болиоч гээд эхнэр Булган гуйж байна гэх зэргээр аргадаад түр холдуулах хооронд би орон дээрээ гарч суусан. Эхнэр Булган суурин утсаа дээшээ авч тавихад чи цагдаа дуудах гэж байвал газар унасан чамайг гүйцээгээд алчихья гээд дахиж орон дээр дарж аваад намайг зодсон. Намайг зодоход миний үүдний 4 шүд хөдөлж зүүн нүд харах орчингүй болж хөхөрсөн, маш их цус гарч толгой хэсгээр маш их өвдөж байсан. Энэ үед миний 6-н настай зээ охин, хөгжлийн бэрхшээлтэй хүү Батцэнгэл нар нь гэрийн гадаа уйлаад зогсож байсан. Эхнэр Булган минь зөндөө гуйгаад боль явчих бид нар цагдаа сэргийлэх гэхгүй гэхэд Гансүх нь бүгдийг чинь ална та нарыг алаад Багануурт байгаа 4-н хүүхдийг чинь нэг хүн рүү яриад алуулна битгий харамсаарай гэж сүрдүүлж орилж чарласаар байсан. Бид хоёр харанхуйд гэрээс зугтаж гараад гадаа байсан 2 хүүхдээ аваад автомашиндаа сууж хөдлөхдөө айж сандраад машинаараа гэрийн хашаа мөргөж гарч зугтахдаа машинаа маш их эвдэлсэн. Зугтаж яваад доод айлын гадаа очиж Төмөрхуяг гэдэг залууг дуудаж уулзаад яах талаар зөвлөгөө авахад цагдаа дуудаж өгсөн биднийг гэрээс гарахад араас Гансүх нь гэртээ ирвэл та нарыг ална гээд манайд гэрт үлдсэн. Бид айгаад гэртээ харьж чадалгүй хөдөө хээр 6-н настай зээ охин, хөгжлийн бэрхшээлтэй хүү Батцэнгэл, эхнэр Булган нарын хамт 2 цаг 30-40 минут суусан. Ер нь Гансүх гэгч залуу нь манайхыг их дээрэлхдэг хөгжлийн бэрхшээлтэй хүү Батцэнгэлийг удаа дараа зодож дээрэлхдэг, 2021 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт орж ирчхээд намайг архиа гаргаад ир гээд гутаан доромжилсон болохоор би Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би Багануур дүүрэгт айлын ажил явдалд оролцчихоод ирсэн ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед нүүрний хэсэгт зүүн нь харах боломжгүй болтлоо хөхөрч хавдсан, мөн үүдний дээд 4 шүд хөдөлж ганхсан байгаа, толгойн зүүн хэсгээр хавдаж хөндүүрлэсэн байдалтай. Гомдол саналтай байна.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

            Гэрч Б.Булганы өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг Баяндэлгэр сум Байдлаг 1 дүгээр багийн нутаг Дальт гэх газар нөхөр, хүүхдийн хамтаар байж байгаад Багануур дүүрэг нөхөр Түмэн-Өлзийг хамтаар айлын ажил явдалд оролцчихоод орой 19 цагийн хөдөө гэртээ ирэхэд манай гэрт саахалт айлын залуу Гансүх нь ирчихсэн баруун орны урд ширээн дээр архи тавьчихсан сууж байсан. Тэгээд гаднаас манай нөхөр Түмэн-Өлзий орж ирсэн ба манай хүү Батцэнгэл нь Гансүх нь надад архи өгөөд уучих, уухгүй бол гэрт чинь алаад булчихна шүү гээд тамхи тат гээд намайг татуулсан гэж хэлсэн тэгээхээр нөхөр Түмэн-Өлзий нь Гансүхэд хандаж чи бие муутай хүүхдийг дээрэлхэж байдаг юм бэ гэсэн чи ирээд зүгээр уулзчихгүй яасан юм бэ чи тэрний оронд намайг ирээд зодчих гэхэд: Гансүх нь босож ирээд тэгвэл би чамайг зодоод алчихъя л даа гээд нөхөр Түмэн-Өлзийг хөлөөрөө олон удаа өшиглөөд дэвсээд байсан энэ үед гэрийн гэрлийн утас нь тасраад гэрт харанхуй болчихсон би Гансүхийг салгах гээд хажууд нь очоод Гансүхээ миний дүү тайвшраа настай хүнийг зодож болдоггүй юм чиний гарын аяыг даахгүй шүү дээ гээд салгаж аваад гэрийн баруун орон дээр суулгасан би тэр хавиар газарт унасан суурин утсыг дээш нь тавьж янзлах гэтэл Гансүх нь чи муу яасан цагдаа дуудах гэж байна уу гээд нөхөр Түмэн-Өлзий рүү алчихъя шүү гээд дайраад байхаар мөн адил салгасан би нөхрийгөө гадаа гараад байж бай гэж хэлтэл нөхөр Түмэн-Өлзий нь гэрээс гарсан би Гансүхийг тайвшруултал над руу мөн дайрч танай хүүхдүүдийг чинь утсаар яриад хүнээр алуулна машинаар дайрч ална гэхээр нь би гэрээс гараад нөхөр Түмэн-Өлзийн хамтаар машинаа асаагаад доошоо саахалт айлын Төмөрхуягийнд нөхөр Түмэн-Өлзий, хүү Батцэнгэл, ач охин хамтаар бид 4-үүлээ очоод яах тухайгаа Төмөрхуягаас асуутал: Цагдаа дуудаж өгсөн дээр байлгүй дээ гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Гансүх нь манай гэрээ ирэх болгондоо архи нэхэж ямар нэгэн шалтгаангүйгээр үл тоосон харилцаад байдаг хүүхэд дээ. Харанхуйд сайн харагдахгүй байсан ямар ч байсан шууд санаатай ч нүүр лүү өшиглөсөн нүүр лүү нь хүчтэй олон удаа өшиглөж үүдний 4 шүдийг хөдөлгөж, зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Бид хоёрыг гэрт орж ирэхэд Гансүх нь урдаа архи тавьчихсан л байсан хэр зэрэг согтуу байсан мэдэхгүй. ...Тухайн өдөр бол ямар нэг байдлаар зодсон гэмтээсэн асуудал огт байгаагүй харина дарамталсан айлгасан байдалтай сууж байсан, миний хүү Батцэнгэл нь ямар ч мэдүүлэг өгөх чадвар байхгүй хүүхэд байгаа юм. Харина манайд 2 шил Flex нэртэй архи байсан бөгөөд намайг эхнэрийн хамт гэрт очиход авдар дээр нэг шил 0,75 граммын Flex нэртэй архи бүтнээрээ, нэг шил 0,75 граммын Flex нэртэй архинаас уугаад доор нь 3 хуруу хэрээтэй үлдээсэн байсан тэгээд бид нар маргалдаад Б.Г   намайг зодоод бид нар гэрээсээ зугтаагаад явсан. Тэгээд удалгүй 2-3 цагийн цагдаад дуудлага өгөөд цагдаа Ганзоригтой гэрт ирэхэд хагас шил архи нь гэрт байсан, бүтэн шил архи нь алга болсон байсан юм. Миний бодлоор Б.Г  ээс өөр хүн байгаагүй учир тэр л тэр архийг уусан гэж бодож байна, мөн манай хүү Батцэнгэлийн аманд цутгаж уулгах гээд дарамтлаад сууж байхад нь бид нар ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх 14-15, 72/,

            Шүүгдэгч Б.Г  ийн өгсөн: “Би Төв аймгийн Баяндэлгэр сум Байдлаг 1 дүгээр багийн нутаг Дальт гэх газар хөдөө аав Батцоож, ээж Цэндхорлоо 5 дүүгийн хамтаар мал маллаж амьдардаг. Би 2022 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед хурга хөхүүлэх гээд саахалт айлын Түмэн-өлзий ахын морьтойгоо очтол: Түмэн-өлзий ахын гэрт нь хүү Батцэнгэл нь ганцаараа байсан. Би тэдний хонинд манай ахын хонь байсан би тэгээд хургаа хөхүүлчхээд маргааш энэ хургыг аваад үлдчихээрэй гэж Батцэнгэлд хэлчхээд гэрээс нь гарах гэтэл гаднаас Түмэн-Өлзий ах, эхнэр Булган нар Багануур дүүрэг яваад ирлээ гээд гэртээ ирсэн би гэрээс нь гарах гэтэл намайг Түмэн-Өлзий ах намайг чи юу хулгайлах гэж ирсэн юм манай гэрийн босгоор алхах болчихсон юм уу манай өвчтэй хүү Батцэнгэлийг зодчихоод ингээд зүгээр яваад байх юм уу нэг ч удаа ирээд уулзсангүй гэхээр нь би тантай ярих хэрэг алга гэхэд бостол араас Түмэн-Өлзий ах намайг хамрын нүхэнд хуруугаа хийгээд татаад байхаар нь би түлхтэл босож ирээд намайг зодлоо гээд хэрүүл маргаан хийгээд байсан тэгэхээр би нүүр лүү гараараа цохисон хажуугаас эхнэр Булган ирээд миний дуу одоо боль гээд салгасан намайг ахиад л Түмэн-Өлзий ах хэл амаар доромжлоод байхаар нь би Түмэн-өлзий ахыг нүүр лүү 2-удаа хөлөөрөө хөшиглөчихсөн юм аа. Эхнэр Булган ахин ирээд: боль миний дүү настай хүн чиний гарыг яаж даах билээ гээд намайг гэрийн орон дээр суулгасан тэгээд нөхрөө гэрээс гаргасан удалгүй араас нь булган эгч өөрөө гарсан би гэрт нь суугаад үлдсэн Түмэн-Өлзий ах, эхнэр Булганы хамтаар гэрийн гадаа автомашинаа асаагаад тас няс хийх чимээ гараад байсан тэгээд автомашинтайгаа хөдлөхдөө Түмэн-өлзий ах гэрийнхээ модон хашааг автомашинаар мөргөөд урд куперээ унгаагаад давхиад явчихсан би тэр даруй гэр лүүгээ морьтойгоо харьсан.  Бид хоёрын хооронд ямар нэгэн ес хонзон ер авлага асуудал байхгүй урьд өмнө ч маргалдаж муудалцаж байгаагүй. Эхлээд Түмэн-Өлзий араас татаад байхаар нь би түлхсэн, дараа нь урдаас заамдаад байхаар нь нүүр лүү нэг удаа гараараа цохчихсон, дараа газарт сууж байхад нэг удаа нүүр луу нь хөшиглөсөн. Би огт хэрэглээгүй байсан. Түмэн-Өлзий ахыг архи уусан байсныг би мэдээгүй. ... Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.” гэх мэдүүлэг /хх 21-22, 31/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт: “1.Ч.Түмэн-Өлзийн биед зүүн 9,10-р хавирганы хугарал, баруун, зүүн дээд 1-р шүднүүдийн булгарал, дээд, доод уруулын дотор салст, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Ч.Түмэн-Өлзийн биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хохирогчийн ярьж буйгаар мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэх дүгнэлт /хх 17/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл, зургийн үзүүлэлт /хх 3-5/, яаралтай тусламжийн хуудас /хх6-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Г  ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Б.Г  ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г   нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 6 000 000 төгрөгийн хохирлыг /хх 77/ нотлох баримтгүйгээр сайн дураараа нөхөн төлсөн  хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Г  эд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Г  эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын сайн дураараа нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

 Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Г   нь хохирогч Ч.Түмэн-Өлзийд 6 000 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч Ч.Т нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул уг нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн 2234000000132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Х овгийн Б-н Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  эд оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5.Хохирогч Ч.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

         6.Эрүүгийн 2234000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г   нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г  эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ