Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 337

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалч, шүүгч А.Ж, Ерөнхий шүүгч Х.М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Б дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороололд оршин суух, Ц.Н, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн нэхэмжлэлтэй, 

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, М.А-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, иргэдийн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Засварын хөлс, бусад зардал болох 3521311 төгрөгийг  гаргуулахыг шаарджээ. 

     Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Н нь нөхөр Д.Б-ын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 8 байрны 45 тоотод байнга оршин сууж байгаа юм. Ц.Н уг орон сууцыг 1998 оны үед төрөөс үнэгүй хувьчилж авч эдүгээ 19 дэх жилдээ амьдарч байгаа юм. Тус 8 байр нь 5 давхар ба тэдний орон сууц 45 тоот номертой 4 давхарт байрлалтай ба дээд талын орон сууц нь 48 тоот номертой 5 давхарт байрлалтай юм.

     Ц.Н-гийн орон сууцны эгц дээд талаас буюу 48 байрнаас 2012 оноо хойш байнга халуун, хүйтэн ус алдсанаас болж тус орон сууцанд үлэмж хэмжээний хохирол учирсан юм. 48 тоот байрыг эзэн нь байнга оюутан нарт түрээслүүлдэг учраас жинхэнэ эзэмшигч, өмчлөгч хэн вэ гэдгийг анхны үед мэдэхгүй байсан юм. Харин сүүлд уг байрны хууль ёсны өмчлөгч нь Баян-Өлгий аймгийн ХААН Банкны ажилтан М.А гэдэг казах эмэгтэй байгааг мэдсэн юм.

     Ц.Н М.А рүү утсаар ярихад тэрээр манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаа, тэрээр танайд очиж байрыг үзнэ гэсэн юм. Ингээд М.А-ын нөхөр нь гэх Х гэдэг хүн тэдний орон сууцанд ирж орон сууцны бодит байдлыг нүдээр харж орон сууцанд учруулсан гэм хорыг буюу хохирлыг төлж өгнө гэж хэлж амлаж байсан юм. Харин сүүлд тэрээр утсаа ч авахгүй сураггүй алга болсон юм. Ц.Н нарын амьдардаг орон сууцанд халуун, хүйтэн ус байнга дээд давхрын орон сууцнаас алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон юм. Үүнээс болж орцны хана ч мөөгөнцөртөж, будаг, шохой нь ховхорч унасан юм.

     Ингээд дээд давхрын орон сууцны өмчлөгч М.А нь тус орон сууцанд учруулсан хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй "Азын хос шагай" ХХК-иар орон сууцанд засварын ажлын төсвийг хийлгэж, улмаар орон сууцны барилгын засал чимэглэлийг "НULD" ХХК-иар засвар хийлгэсэн юм. Дээр дурдсан зардалд нийт 3521311 төгрөгийн бодит зардал гарсан юм. Ийнхүү гарсан бодит зардлыг гэм хор учруулагч этгээд М.А-аас нэхэмжилж шүүхэд хандаж байна. Иймд Ц.Н-гийн хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс болох 3421711 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 төгрөгийг М.А-аас гаргуулан Ц.Н-д олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар тэр 48 тоот айлыг оюутнуудад түрээслүүлдэг нь үнэн. Ус алдаж байсан талаар бид мэдэхгүй. Учир нь доод талын айлаас хүн ирж та нараас ус алдаж байна, үүнийг засаж өг, хурдан арга хэмжээ ав, завсарла гэсэн шаардлага тавьж байгаагүй. Гэнэт нэг мэдэхэд 3521311 төгрөг нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг сонсоод гайхсан. 19 жил амьдарсан хуучин байрны засварыг хийлгэж аваад тэрний мөнгийг биднээс гаргуулахыг эрмэлзэж байгаа юм байна. Өмнө нь хоёр шүүх хуралдаан дээр хэлж байсан. Эд нар бичгээр шаардлага тавьж байгаагүй. Мөн бидэнд холбогдож ийм хохирол гарлаа, засварлаж өмнөх байдалд сэргээж өг гэсэн хүсэлтийг амаар болон бичгээр тавьж байгаагүй. Иймд бид нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин тайлбарламаар байна гэв.

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч М.А-аас хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засвар үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

     Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууцны эгц дээд талаас буюу 48 тоот байрнаас 2012 оноос хойш орон сууцанд халуун, хүйтэн ус байнга дээд давхрын орон сууцнаас алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон ба энэ талаар 48 тоотын өмчлөгчид хэлж байсан боловч дээд давхрын орон сууцны өмчлөгч М.А нь тус орон сууцанд учруулсан хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй “Азын хос шагай” ХХК-иар орон сууцанд засварын ажлын төсвийг, улмаар орон сууцны барилгын засал чимэглэлийг “НULD” ХХК-иар засвар хийлгэж 3521311 төгрөгийн бодит зардал гарсан гэж тайлбарлажээ.

     Нэхэмжлэгч Ц.Н, түүний нөхөр Д.Б нар нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хороо, 12-р хороолол, 8 байр, 45 тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  000538435 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, М.А нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 48 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 42 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 000151565 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байна.

     Хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар:

     - Санчир сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолтод Манай Санчир СӨХ-ны 8-р байрны 45 тоотод Д.Б оршин суудаг ба тус байрны 48 тоотын айл 2012 оноос эхлэн 45 тоотын дээд талаас нь байнга ус алдаж удаа дараа уулзаж шаардлага тавьж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй одоог хүрээд байгаа болон засвар хийхэд нилээд их төгрөгийн засвар хийх шаардлагатай байгааг тодорхойлов гэжээ.

     - 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлтэд гэмтлийн шалтгааныг  ашиглалтын буруугаас  хэрэгцээний хүйтэн усны тройник холболт суларч ус алдсан, гарсан гэмтлийн хохирол хэсэгт ванны өрөөний замаска, эмульс хууларсан, тааз мөөгөнцөр үүсч хууларсан, шарласан, гал тогоо, коридорын замаск эмульс хууларсан гэж тусгажээ.

     - HULD ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтад Ц.Н-гаас Баянзрх дүүргийн 3-р хороо 12 дугаар хороолол, 8-ын 45 тоот орон сууцны дотоод заслын ажлын материалын үнэ, ажлын хөлж 3421711 төгрөг авсан талаар бичигдсэн байна.

     - Азын хос шагай ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад Д.Б-аас төсвийн ажлын хөлс 99600 төгрөг тушаасан талаар бичигджээ.

     - 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13/016 дугаартай Төсөв боловсруулах гэрээгээр захиалагч Д.Б гүйцэтгэгч Азын хос шагай ХХК-ийн захирал Д.М нар Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хорооллын 8-р багийн 45 тоот орон сууцны дотор хэсэгчилсэн засварын ажлыг хийхээр байгуулж төсөв боловсруулсан ажлын хөлсийг 99600 төгрөгөөр тохиролцсон байна.

     - Захиалагч Ц.Н гүйцэтгэгч HULD ХХК-ийн захирал Э.Г нар нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр захиалагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 8-45 тоотод орших орон сууцны засварын ажлыг гүйцэтгэхээр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13/016 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

     - Мэргэшсэн төсөвчин Д.М нь иргэн Д.Б-ын Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 8-р байрны 45 тоот орон сууцны хэсэгчилсэн засварын төсвийг зохиосон бөгөөд төсөвт өртгийг 3421711 төгрөгөөр тооцсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Н, Д.Б нарын  нь хувийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 8-р байрны 45 тоот орон сууцанд гэм хор учирч, уг гэм хорыг арилгахад нийт 3521311 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

     Хариуцагчаас Ц.Н нь өөрийнхөө эзэмшлийн байранд дээд талын айлаас байнгын ус алдсан хэмээн бичсэн боловч уг ус нь манай байрнаас алдсан нь эсхүл байрны завсарт байгаа усны хоолой хагарснаас ус алдсан болох нь тогтоогдохгүй байхад шууд тулган шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний эзэмшлийн байрны дотор байгаа бүх сантехник, усны хоолойнууд нь бүрэн бүтэн байсан тул гэм буруугүй гэж тайлбарлаж байгаа боловч Ц.Н, Д.Б нарын нь хувийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 8-р байрны 45 тоот орон сууцанд гэм хор учирсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Иймд  хариуцагч М.А-аас хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засвар үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгох нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан М.А-аас 3521311 төгрөгийг гаргуулан Ц. Н-д олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.А-аас 72550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         К.Б

 

                                       ШҮҮГЧИД                                         А.Ж

                                                                                                 Х.М