Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/802

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         23                                          2022/ШЦТ/802

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Д.Ц,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Мөнххишигийн Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00287 0886 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 10-ны төрсөн, 28 настай, эмэгтэй

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү М.Жгийн нэр дээрх “Хас” банкны 5001992355 дугаартай дансанд 3.250.000 төгрөг хохирогч Д.Цээс андуурч шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж завшиж хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 679 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Т.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Ц нь өөрийн хүү болох М.Бын Хас банкны 5001992533 дугаар данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад 5001212235 дугаартай данс руу 3.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг “Хас” банкны 5001992355 дугаартай данс нь шүүгдэгч М.Тгийн хамтран эзэмшдэг түүний хүү М.Жгийн нэр дээрх данс байх бөгөөд шүүгдэгч нь 3.250.000 төгрөг шилжиж орсон даруйд бусад шилжүүлэн зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч Д.Цийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 19 цагийн орчим депогийн автобусны буудал дээр явж байтал миний төрсөн хүү Б над руу мөнгө шилжүүлээч гэхээр нь би М.Бын Хас банкны 5001992533 гэсэн данс руу нь 3.250.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5001212235 дугаарын данснаас мобиал банк ашиглаж шилжүүлэх гэж байгаад 5001992355 гэсэн М Ж гэх хүний данс руу андуураад 3.250.000 төгрөгийг шилжүүлчихсэн байсан. Тэгээд өнөөдөр Хас банкин дээр очоод буруу шилжүүлсэн талаараа мэдэгдэхэд тухайн данснаас удалгүй 3.250.000 төгрөг гарчихсан байна. Та цагдаагийн байгууллагад өргөдөл өг гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,

            - гэрч Л.Мягмардагвын “...Би М.Ттэй 2014 оноос 2019 он хүртэл хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Тэгээд 2019 онд Тгээс салаад 2 хүүхэддээ сар бүр 240.000 төгрөгийн тэтгэмж өгдөг болсон. Би уг тэтгэмжийг сар болгон өгч явж байгаад 2022 оны 01 дүгээр сараас хойш ажил хийгээгүй болохоор өгч чадаагүй байгаа. Би уг тэтгэмжийг М.Тгийн төрсөн дүү болох М.Бгийн Хаан банк дахь дансанд шилжүүлдэг...” гэсэн мэдүүлэг /хх21-22/,

            - Хохирогч Д.Цийн Хас банкны 50011212335 дугаар дансны хуулга /хх10/, М.Жгийн Хас банкин дахь 5001992355 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх11/,

- шүүгдэгч М.Тгийн “...Миний хүүгийн данс руу хүнээс мөнгө орж ирсэн байсан болохоор нь дансаа шалгатал 3.250.000 төгрөг орчихсон байхаар нь тухайн мөнгийг ашиглаад захиран зарцуулсан. Сас хүүхдийн тэтгэмж шүүхээр тогтоолгосноос хойш хүүхдийн тэтгэмжээ аваагүй байсан болохоор тухайн хугацааны хүүхдийн тэтгэмж орсон юм болов уу гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх52/ зэргээр нотлогдож байна.     

3. Гэрч Л.С мэдүүлэхдээ хүүхдийн тэтгэмжийг шүүгдэгчийн дүү М.Бгийн данс руу шилжүүлдэг, уг Хас банкны данс руу шилжүүлдэггүй байсан талаар мэдүүлсэн. Хас банкны 5001992355 дугаартай дансны хуулгаар тухайн дансанд төрөөс хүүхдэд олгодог тэтгэмж ордог, өөр мөнгөн шилжүүлэг ордоггүй нь тогтоогдож байна. Мөн хохирогч мөнгө андууран шилжүүлсэн даруйд банкны холбогдох ажилтнаар шүүгдэгч рүү залгуулахад утсаа авахгүй байсан, маргааш тухайн данс руу гүйлгээний утга дээр нь утасны дугаараа бичин “энэ дугаар руу залга” гэсэн агуулгаар дахин 1000 төгрөг шилжүүлэхэд мөн холбогдоогүй байна. Энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгч М.Тг мэдээгүй гэж үзэх боломжгүй буюу тухайн гүйлгээ андуурагдсан болохыг мэдсээр байж Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, холбогдох банканд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй тэр даруйдаа бусдын данс руу шилжүүлэн шунахайн сэдэлтээр хувьдаа завшсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

4. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 3.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирчээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Д.Цд нь энэ гэмт хэргийн улмаас 3.250.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь уг хохирлыг төлөхөө илэрхийлж байна.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Иймд шүүгдэгч М.Тгээс 3.250.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Цд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

10. Шүүгдэгч М.Тгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч М.Тг гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөнххишигийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Тгээс 3.250.000 /гурван сая, хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Цд олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР