Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/800

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         23                                          2022/ШЦТ/

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хандаарэгзэний Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1032 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд байрлах “Тэс” шатахуун түгээх станц орчмын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Г.Итой маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 718 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Х.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Х.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд байрлах “Тэс” шатахуун түгээх станц орчмын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Г.Итой маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Г.Иын “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд байрлах “Тэс” колонкын урд засмал замаар баруунаас Баянхошуу эргэх тал руу эргэх гээд машин хараад зогсож байхад автобусны жолооч гэнэт сигналдсан чинь тухайн үед манай эхнэр жолоо барьж байсан болохоор гэнэт цочоод буруу тийшээ үрүүлээ дарсан. Тэгэхээр нь би цонхоороо нөгөө автобусны жолоочийг “Хөөе зөөлөн яваач чи” гэж орилсон чинь тухайн автобусны жолооч миний өөдөөс нэг юм хэлсэн. Машинаас буугаад тухайн автобусны жолооч дээр очтол нөгөө автобусны жолооч бууж ирээд шууд нүүр лүү гараараа цохиж авсан. Автобус дотор зорчиж явсан хоёр хөгшин ах намайг барьж байсан чинь нөгөө жолооч дахиад зүүн талын нүд хэсэг рүү цохиж авсан. Тухайн үед бууж ирсэн хоёр хүн бид хоёрыг болиулсан. ...Би Х.Бтай тохиролцож, 300.000 төгрөгийг дансаар авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх7, 11/,

            - 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,

- шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанаас 10 дугаар хорооллын чиглэлд явж байсан ба Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин хотхоны урд талын “Тэс” петролиум колонкийн ертөнцийн зүгээр урд талаар баруун гар тийш эргэх санаатай тухайн зам нь нарийхан тул алсуур эргэх гэтэл миний өөдөөс ирж байсан нэг жижиг тэрэгний урд талын зорчигч талын цонхноос нэг хүн чаддаг юм бол дайраач ээ гээд согтуурхсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ингэж эргэхгүй яаж эргэх юм гээд би уурласандаа салаавч гаргатал тэр залуу буугаад араас гүйгээд ирэхээр нь би зогстол тэр залуу хажуу талд ирээд жолоочийн талын цонх нүдээд байсан. Би буугаад очтол тэр залуу намайг барьж аваад боохоор нь би тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохитол тэр залуу доошоо суухаар нь би автобус руугаа ортол тэр залуу ардаас ирээд нүд ийм болчихлоо чамайг явуулахгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх73/ зэргээр нотлогдож байна.            

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6157 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Г.Иын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх17/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Г.И нь гэмт хэргийн эрүүл мэндэд учирсан хохиролд 300.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

9. Шүүгдэгч Х.Б нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн, мөн хохирогч Г.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам дээр хэрүүл маргаан үүсгэн бууж очиж барьцалдаж авснаас шалтгаалан гэмт хэрэг гарсан байх тул хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч Х.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн байна. /хх89/.

12. Иймд шүүгдэгч Х.Быг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хандаарэгзэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР