Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

  2019          4             30                                             2019/ДШМ/392                                              

Т.У- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.У- , түүний өмгөөлөгч У.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.У- , түүний өмгөөлөгч У.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.У- холбогдох 1806097600186 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Т-ийн У, ............... сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

Т.У-  нь:

2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 19 дүгээр гудамжны 9 тоот хашаанд байх Ц.Өлзийжаргалын эзэмшлийн гаражид хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хурган дотортой дээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны салбар доторх хувцас солих өрөөнд нэвтэрч, иргэн П.Сувд-Эрдэнийн цаа бугын арьсаар хийсэн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 472,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.У- ийн үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.У- ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.У- ийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У- оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн У.Ган-Эрдэнийг асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга /Н.Мөнхжаргал/-д үүрэг болгон даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.У-  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.У-  миний бие 32 настай, ам бүл 2, хүү У.Ган-Эрдэнийн /1 нас 1 сартай/ хамтаар миний бие өрх толгойлон амьдардаг. Миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татагдан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасанд миний бие гомдолтой байна.

Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй байж, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдан, анхны байцаалтаас гэм буруутай зүйл хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлсэн бөгөөд миний бие өрх толгойлсон эх, хүүгээ өөрөө харж хандан өсгөх чин хүсэлтэй байгаа билээ.

2015 оны Эрүүгийн хууль нь ял шийтгэлийн бодлогын хувьд, өмнөх хуулиас ялын бодлогыг илүү зөөлрүүлэх уян хатан болгох, ялтнуудын эрх зүйн байдлыг дээрдүүлэх бодлого баримталсан.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг гэр бүл, хамт олны дунд нийгэмшүүлэх энэрэнгүй ёсны зарчмыг шингээж, олон төрлийн ял шийтгэлийн хэлбэрүүдээс сонгох боломжийг олгосон. Албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгож, шийтгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.У- ийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.У-  нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Т.У- ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинжтэй нийцэхгүй байна.

Т.У-  нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Голомт” банкны салбар дотроос иргэн П.Сувд-Эрдэнийн цаа бугын арьсаар хийсэн гутлыг авч 472,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийг үйлдэхдээ Т.У-  нь хүүхдийн мөнгөө авахаар тус “Голомт” банкны салбараар үйлчлүүлээд гарахдаа өрөөний хагас онгорхой хаалгаар цаа бугын гутал байхыг хараад аваад гарсан байдаг. Энэ нь хэдийгээр үйл ажиллагаа явуулах зориулалттай байр хэдий ч тухайн үед хулгай хийх зорилгоор нэвтэрсэн болох нь тогтоогдоогүй.

2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн Ц.Өлзийжаргалын эзэмшлийн гаражаас 2 ширхэг хурган дотортой дээлийг хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Тус гаражийн хаалга нь дэлгээстэй ямар нэг цоож, хамгаалалтгүй онгорхой байсан, эзэд нь ч мөн гаражийн хаалгаа цоожлоогүй, ер нь цоожилдоггүй гэж мэдүүлсэн нь хавтас хэргийн материалаар тогтоогдсон байна.

Тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэх шинжийг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх заалтад нэвтэрсэн гараж, агуулах нь тусгайлан хамгаалсан байхыг шаардсан байна.

Иймд Т.У- ийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгэл байхгүй учраас шүүгдэгч Т.У- ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

Шүүгдэгч Т.У- ийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлын хувьд “гараж онгорхой байсан” гэж байна. Тус гараж заавал онгорхой байсан, түүнийг эвдэж орох албагүй. Гаражид нэвтэрсэн үйлдэл гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус хэргийг зүйлчилсэн.

Т.У-  “Голомт” банк руу үйлчилгээ авах гэж орсон хэдий ч тус банкны ажилчдын хувцас солих өрөөнд нэвтрэх эрхгүй гэж үзэж зүйлчилсэн.

Иймд шүүгдэгч Т.У- , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Т.У-  нь 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 19 дүгээр гудамжны 9 тоот хашаанд байх Ц.Өлзийжаргалын эзэмшлийн гаражид хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хурган дотортой дээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны салбар доторх хувцас солих өрөөнд нэвтэрч, иргэн П.Сувд-Эрдэнийн цаа бугын арьсаар хийсэн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 472,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Өлзийжаргалын “...Манай нөхөр О.Ганзориг 17 цагийн үед над руу утсаар залгаж, “хашаанд байх гараж онгорхой байна, гаражаас юм алдагдаагүй юм шиг байна” гэж хэлсэн. Би тэгээд захын лангуугаа хаачихаад 17 цаг өнгөрөөгөөд очсон. Гаражид ороод эд зүйлээ бүртгэхэд тавиур дээр байсан хоёр хурган дээл байгаагүй. ...” /хх 45-46/,

гэрч О.Ганзоригийн “...Бие засах гээд дэлгүүрээсээ гарсан чинь хашаанд байрлах гаражын хаалга онгорхой байхаар нь үүдээр нь шагайчихаад хаалгыг нь хаачихсан. Буцаж ороод эхнэр рүү гээ утсаар залгаж “манай гаражийн хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр “захаас 17 цагийн үед ирээд гараж руу орж үзсэн чинь тавиур дээр байсан хоёр хурган дээл байхгүй байна” гэж надад хэлсэн. Би гаражийн хаалга хаахдаа анзаараагүй шууд хаачихсан юм. Тэгтэл эхнэр ирээд үзсэн чинь хурган дээл байхгүй болчихсон байсан. ...” /хх 49-50/,

хохирогч П.Сувд-Эрдэнийн “...Манай ажил тарах гээд би хувцас солих өрөөнд хувцсаа солиод байж байсан чинь миний цааны арьсан гутал алга болчихсон юм. Тэгээд би ажлын газрын хүмүүсийг тоглоод байна гэж бодоод тэр хэд рүү уурлаж байгаад бөөндөө цуг миний гутлыг хайсан боловч олдоогүй. Би захирал руу залгаад болсон явдлын талаар хэлээд, захирал ирээд хяналтын камер шүүж үзсэн чинь 17 цаг 30 минутын үед гаднаас 40 орчим настай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн орж ирээд миний гутлыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. ...” /хх 14-15/,

шүүгдэгч Т.У- ийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүүхдийн мөнгө авах гэж “Голомт” банк орсон юм. Ингээд “Голомт” банкнаас мөнгөө авчихаад гарах гэж байсан чинь гарах хаалганы наад талд онгорхой өрөө байсан. Өрөөний хаалга нь онгорхой байхаар нь шагайгаад харсан чинь годон гутал байхаар нь бариад гарчихсан. Хулгай хийсэн нь үнэн. ...Тэр дээл нь гараж дотор нь ил байсан. Би гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Надад бага ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” /хх 34, 73/ гэх мэдүүлгүүд,

“Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 292 дугаартай “...2013 онд хийсэн торгон гадартай хурган дээл 2 ширхэг нь 800,000 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх 57-58/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б31-19-37 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 472,000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-20/,

эд зүйл хураан авах тухай болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 7-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Т.У- ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйслдэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.У- ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар банкны ажилчдын хувцасны өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, гутал хулгайлсан, бусдын өмчлөлийн хашаанд байрлах гаражид нь нэвтрэн орж 2 хурган дотортой дээл хулгайлсан үйлдлүүдийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасанд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн ” гэсэн гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Т.У- ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ, хохирол, хор уршгаа барагдуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Т.У- ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хүнд хэрэг бөгөөд хүнд хэрэгт уг зүйл, хэсэгт заасан ялыг дээрх байдлаар хөнгөрүүлэхээс өөрөөр хөнгөрүүлэх боломж болон тусгай ангид зааснаас өөр ялыг шүүхээс оногдуулах зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй тул  шүүгдэгч Т.У- ийн “...торгох болон хөнгөн төрлийн ялыг надад оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Шүүгдэгч Т.У-  нь бага насны буюу 1 нас 1 сартай хүүхдээ өөрийн дүүгийн асрамжинд байгаа гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба анхан шатны шүүх тус хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. Энэ нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргад уг шүүхийн шийдвэр хүрч, асрамжийн асуудлыг нь засаг дарга шийдвэрлэтэл хүүхдийн асрамжийн асуудал тодорхойгүй үлдэх нөхцөлийг үүсгэж байх тул мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагчийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих журмаар шийдвэрлэж байхыг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт анхааруулан тэмдэглэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Т.У-  бусдын эд зүйлийг авахдаа орон байр, агуулахад нэвтэрч үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Т.У- ийн гадны хүмүүс нэвтрэн ордоггүй, зөвхөн тус банкны ажилчид л нэвтрэн ордог хувцасны өрөөнд хууль бусаар нэвтрэн орж гутал хулгайлсан, бусдын өмчлөлийн хашаанд байрлах гаражид нь нэвтрэн орж, 2 хурган дотортой дээл хулгайлсан үйлдлүүдийг хууль бусаар “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.У- , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.У- , түүний  өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ