Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0073

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр           Дугаар 128/ШШ2021/0073            Улаанбаатар хот

                            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол /дүгнэлт/ гаргагч: “ТХБ” ХХК

Хариуцагч: Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З

Гомдлын шаардлага: “Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Н.З хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “ТХБ” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Ц.Гантулга шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоогийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

ТХБ” ХХК нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч бөгөөд Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч бидэнд хариу ирүүлээгүй бөгөөд хариу өгөх хугацаа сунгасан талаар мэдэгдээгүй болно.

Уг №0050216 дугаар шийтгэлийн хуудсанд “ТХБ” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гүйлгээний талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

ТХБ” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу заасан хугацаанд багтаан холбогдох гүйлгээний мэдээллийн тухай бүр Монголбанкид хүргүүлж ажилладаг.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд дараах 3 гүйлгээний тайланг 7 хоног бүр илгээдэг. Үүнд:

  • Бэлэн мөнгөний гүйлгээ
  • Гадаад төлбөр тооцооны гүйлгээ
  •  Сэжигтэй гүйлгээ /сэжигтэй гэж үзсэн тохиолдолд/

Монголбанкнаас тайлан мэдээ хүлээн авсан талаар хариу ирүүлдэггүй бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гүйлгээнд ямар төрлийн гүйлгээ хамаарах эсэх талаар заавар зөвлөмж өгч байгаагүй болно. Тухай бүр илгээж байсан тайлан мэдээний дагуу аливаа эргэх холбоо байдаггүй тул  шалгалтын үеэр дутуу илгээгдсэн тайлангуудыг ийнхүү дутуу илгээгдэж байгаа бид бид мэдээгүй. 2018 оны газар дээрх шалгалтын материалтай танилцахад гүйлгээтэй холбоотой зөрчил байгаа талаар огт тусгагдаагүй.

Монголбанк ийнхүү явуулсны дараа тухай бүр явуулдаг тайлангаас мэдээлэх үүрэгт хамаарах нийт гүйлгээний төрлийн анзаарч харж банкинд заавар зөвлөмж өгч, алдааг засаж залруулах боломжтой байсан гэж үзэж байна.

Нөгөө талаар төрийн хяналт шалгалтын үеэр ирүүлсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, зохицуулагч байгууллагын хувьд заавар зөвлөмж өгөх байдлаар шийдвэрлэх боломж байхад шийтгэх, торгохыг урьтал болгож байгаа нь төрийн хяналт шалгалтын шат дараалсан арга хэмжээ авах зарчмыг зөрчиж байна.

Иймд Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Зоригоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “ТХБ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хамрах хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх шалгалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 21-ний өдөр хүртэлх хугацаанд хийж ажилласан.

Тус шалгалтаар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан банкны мэдээлэх үүргийн хэрэгжилтийг шалгасан болно.

ТХБ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хамрах хугацаанд дор дурдсан гүйлгээг мэдээлсэн, мөн мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа болно.

Шалгалт хамрах хугацаанд гүйлгээ мэдээлсэн болон мэдээлээгүй гүйлгээ:

 

 

Тайлангийн нэр

ТХБ” хийгдсэн 20.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт гүйлгээний тоо

 

Үүнээс СМА-д мэдээлсэн гүйлгээний тоо

 

СМА-д мэдээлээгүй гүйлгээний тоо

Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан

 

3301

 

2509

 

792

Гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлан

 

760

 

719

 

41

 

Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн гүйлгээг кассын дэлгэрэнгүй жагсаалт болон дотоодын дансны хуулгатай тулган шалгахад 792 бэлэн мөнгөний гүйлгээ, 41 гадаад төлбөр тооцооны гүйлгээг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлээгүй нь газар дээрх илэрсэн зөрчлийн жагсаалтаар тогтоогдсон.

Шалгалтаар илэрсэн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу 2001000038 дугаартай зөрчлийн хэргийг нээж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10,000 нэгжээр буюу 10,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №0050216 дугаартай торгох шийтгэл ногдуулсан байна.

Монголбанк нь Төв банкны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд тус тус заасны дагуу банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, түүний үйл ажиллагаанд хяналт тавьдаг төрөөс байгуулагдсан эрх бүхий хуулийн этгээд юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэдэг нь Монголбанкны хяналт шалгалтын үйл ажиллагаатай хамааралгүй асуудал болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “ТХБ” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2-901 тоот нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ТХБ” ХХК-иас Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоод холбогдуулан гаргасан “Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоогийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсээс “ТХБ” хийх газар дээрх хяналт шалгалтын удирдамжийн дагуу хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоо “ТХБ” 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг шалгах явцад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гүйлгээний талаар мэдээлэх үүргээгүй биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10.000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Нэхэмжлэгч  “...“ТХБ” нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол банкны “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлсэн журам”-ын дагуу заасан хугацаанд холбогдох гүйлгээний мэдээллийг тухай бүр Монголбанкинд хүргүүлж байсан. … Монгол банкнаас тайлан мэдээ хүлээн авсан талаар хариу ирүүлдэггүй … дутуу илгээгдсэн тайлангуудыг ийнхүү дутуу илгээгдэж байгааг мэдээгүй. ...тухай бүр явуулдаг тайлангаас мэдээлэх үүрэгт хамаарах нийт гүйлгээний төрлийг анзаарч харж банкинд заавар зөвлөмж өгч, алдааг засаж залруулах боломжтой байсан …” гэсэн үндэслэлээр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй: 4.1.1.банк;...”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.”, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21-д “Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл банк нь 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргээтэй бөгөөд энэхүү үүргээ  биелүүлээгүй болох нь зөрчлийн 2001000038 дугаар хэрэгт авагдсан зөрчлийн жагсаалт, гэрч Б.Шинэцэцэгийн мэдүүлэг, холбогдогч О.Номуун, Б.Буянзаяа нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл, энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага байна.” гэж заажээ. 

Санхүүгийн мэдээллийн алба нь бие даасан байгууллага тул “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.8 дахь хэсэгт заасан мэдэгдэл хүргүүлэх үүргээ Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлээгүйн төлөө улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр ТХБ” ХХК-иас Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоод холбогдуулан гаргасан “Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоогийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ТХБ” ХХК-иас Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоод холбогдуулан гаргасан “Монгол банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.Зоригоогийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ТХБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


 

                                    ШҮҮГЧ                                                 Н.ДАМДИНСҮРЭН