Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 143

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч: Э.Дашдэмбэрэл, Э.Дашзэвэг, тэдний өмгөөлөгч Л.Ганчимэг /1215/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжгэн овогт Эрдэнэбатын Дашдэмбэрэл,

Илжгэн овогт Эрдэнэбатын Дашзэвэг нарт холбогдох эрүүгийн 2015 2602 1510 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17 дугаар гудамжны 350 тоотод оршин суух, авто засварын газарт хувиараа ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдрах, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЙ 85111471, Илжгэн овогт Эрдэнэбатын Дашдэмбэрэл,

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17 дугаар гудамжны 350 тоотод оршин суух, авто засварын газарт хувиараа ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт амьдрах, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УУ 87101156, Илжгэн овогт Эрдэнэбатын Дашзэвэг.

 

             Шүүгдэгч Э.Дашзэвэг нь Э.Дашдэмбэрэлтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17-350 тоотод байрлах өөрийн дугуй засварын газрын гадна “2000 төгрөг төлсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн Б.Буман-Учралыг зодож, биед нь 2 шүдний сулрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан,

             шүүгдэгч Э.Дашдэмбэрэл нь Э.Дашзэвэгтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17-350 тоотод байрлах өөрийн дугуй засварын газрын гадна “2000 төгрөг төлсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн У.Батхуягийг алгадаж, Ө.Ганпүрэвийг боох зэргээр хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Дашдэмбэрэл мэдүүлэхдээ:

Энэ хэрэг гарахын урьд орой нь гагнуурчинд дугуйгаа өгөөд явсан байсан. Би дугуйг анх хүлээж аваагүй. Харин гагнуурчин надад “энэ дугуйг задлаад өгөөч, дугуй задлуулсан мөнгөө өөрсдөө төлөх байх” гэж хэлсэн тул  дугуйг нь би задалж өгсөн. Гагнуурчин дугуйг гагнасны дараа буцаагаад дугуйг нь угсраад, бэлэн болгосон. Хүмүүс нь дугуйгаа авахдаа гагнуурын мөнгөө өгчихөөд, миний дугуй задалж, угсарсан ажлын хөлс 2000 төгрөгийг өгөхгүй гэснээс болж бид маргалдсан. Аав маань “ажил хийсэн юм чинь ажлын хөлсөө авалгүй яадаг юм бэ” гээд мөнгө нэхэхэд аавыг доромжлоод байсан. У.Батхуяг аавыг маань дайрч, доромжлоод байхаар би түүнийг алгадсан нь үнэн. Би Ө.Ганпүрэвийг боогоогүй. Ялихгүй зүйлээс болж том хэрэг гарсанд харамсаж байна. Би гэм буруугаа ойлгож байна. Ө.Ганпүрэвийн үйлдлийн улмаас миний хамар хугарсан боловч мөрдөн байцаалтын шатанд надад эмчилгээний 125 000 төгрөг өгсөн тул бид эвлэрсэн. Одоо гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Дашзэвэг мэдүүлэхдээ:

Би өдрийн цайгаа уугаад, гэрээс гарч ирэхэд маргаан болсон. У.Батхуяг аавыг маань хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би хохирогчийг гагнуур хийлгэсэн нэлээд их хэмжээний мөнгөө төлөхгүй, явах гэж байна гэж бодоод машины түлхүүрийг нь булааж авсан. Тухайн үед маргаан гарах болсон шалтгааныг би мэдээгүй. Дугуй задлуулсны 2000 төгрөг төлөөгүйгээс маргаан гарсныг нь сүүлд мэдсэн. Хэрвээ үүнийг мэдсэн бол ийм байдалд хүргэхгүй байсан. Би хохирогч нарыг хөөгөөгүй. Надад тэдэнтэй зодолдох санаа байгаагүй. Тэднийг машин зам дээр гүйгээд байхаар нь харин ч “наашаа бай, битгий зам дээр гар” гэж дуудаж байсан. Ах Э.Дашдэмбэрэл Ө.Ганпүрэвтэй хөөцөлдөөд байсан. Хохирогч Б.Буман-Учралын ээж нь шүд нь гэмтсэн гээд 7 000 000 төгрөг нэхэмжилж, “шүдний мөнгөний тал мөнгийг өгчихвөл гомдолгүй” гэж хэлсэн учраас би группын зээл авч, 3 500 000 төгрөг төлсөн. Би хохирогч Б.Буман-Учралын шүдэнд гэмтэл учруулаагүй. Харин хөлийн гэмтлийг нь түүнийг газар унагаахдаа учруулсан байх. Би сахарын өвчтэй, бас зүүн талын нүд маань муу, хараагүй тул хэрэгт холбогдож, удаан хугацаагаар шалгуулахыг хүсээгүй тул хохирлын мөнгийг нь төлсөн. Тухайн үед Б.Буман-Учралын шүд нь гэмтсэн байхыг ч хараагүй. Цагдаа ирэхэд би тавчиктай байсан болохоор гутлаа өмсөх гээд гэр рүүгээ орсон байхад Б.Буман-Учрал намайг цохьсон гэж ярьсан байсан. 6 жилийн өмнө нэг нүд рүү маань төмөр орсны улмаас 1 нүд сохорсон учраас хөдөлмөрийн чадвар алдалт 50-55 хувиар тогтоогдож, тахир дутуугийн группт орсон. Би буруугаа ойлгож, гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Буман-Учрал мэдүүлэхдээ:

...2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хамаатны ах Эрдэнэбат нь намайг “Гандангийн хойно байдаг засварын газраас машины гагнуулсан дугуйтай обуд аваад, 40 000 төгрөг өгчихөөд ирээч” гэхээр нь би Баянхошуунд байдаг ажлаасаа гарсан. Зүс таних Хуягааг машинаараа хүргээд өгөөч гэж гуйгаад, машинаар нь хүргүүлсэн. Хуягаагийн машинд 2 найз нь цуг явж таараад бид 4 Гандангийн хойно байрлах засварын газар очиж,  гагнуурчинтай уулзаад 40 000 төгрөгөө өгөөд, обудаа аваад бүгдээрээ машиндаа сууцгаагаад хөдлөх гэж байтал цаанаас нэг ах “та нар зогс, мөнгөө өг” гээд орилоод байсан. Тэгээд тэр ах хүрч ирээд машин барьж явсан Хуягаатай дугуй задалсны мөнгөө өг гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь Хуягаа тэр талаар юу ч мэдэхгүй юм болохоор би хажуунаас нь “40 000 төгрөг өгөөд, дугуйгаа авна гэсэн шүү дээ, мөнгөө өгсөн” гэтэл Хуягаа машинаасаа буугаад тэр ахтай маргалдсан. Гэтэл цаанаас хүүхэд нь гэх халзан толгойтой залуу хүрч ирээд “яагаад мөнгөө өгөхгүй явах гээд байгаа юм” гээд машины түлхүүрийг шууд сугалж аваад, машины урд гараад зогссон. Тэгээд Хуягааг заамдаж аваад “мөнгөө өг, чи манай аав руу яах гэж чангаар орилоод байгаа юм” гэж маргалдаж байхад би машинаас бууж очоод хажууд нь зогсож байтал цаанаас бас нэг хүү нь бололтой өндөр туранхай залуу ирээд Хуягааг алгадаад авсан. Би дундуур нь ороод “болиоч” гэтэл хажуунаас нөгөө халзан толгойтой залуу намайг толгойгоороо тулж, түлхэж машины хамар копут дээр унагаад дээрээс нэг удаа цохисон. Тэгтэл ээж нь ирж, халзан толгойтой хүүгээ араас нь татаж салгахад би босоод ирсэн чинь ээж нь намайг цээж рүү алгадсан. Тэгээд цамцны араас татаад байж байтал нөгөө хүү нь ахиж намайг цохиод, ахынхаа хойноос надтай цуг явж байсан хүмүүсийг зам гаргаж хөөсөн. Би тэр үед ээжтэй нь маргалдаад байж байтал тэр буцаж ирээд миний хоёр мөрнөөс бариад, доошоо дарсан. Би тонгойж байгаад сөхрөөд унасан чинь миний зүүн хөлийн тавхайн хэсэг дээр халзан толгойтой залуу гишгэсэн. Тэр үед хөл маш их өвдөөд ёолоод орилсон чинь ээж нь “чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд хажуунаас цохисон. Тэгтэл надтай цуг явж байсан Түвшинзул “цагдаа дуудлаа, боль” гэсэн. Тэр өндөр залуу нь Түвшинзул, Ө.Ганпүрэв нарыг араас нь хөөгөөд байсан. Зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт гэмтлийг халзан толгойтой хүү нь миний хоёр мөрөн дээрээс бариад доош нь угзарч дарсан. Тэгэхэд би газар өвдөглөж унахад миний зүүн хөлөн дээр гишгэж учруулсан. Харин 2 шүдний сулрал гэмтлийг ээж нь учруулсан байх гэжээ. (хэргийн 15-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Ганпүрэв мэдүүлэхдээ:

...2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Буман-Учрал, У.Батхуяг, Б.Түвшинзул нартай хамт Гандангийн хойд талд байдаг дугуй засвар орж, Б.Буман-Учрал машины дугуйны обуд гагнуулчихаад аваад явах гэж байтал ах нь буюу Э.Дашдэмбэрэл ирээд бид нараас 2000 төгрөг нэхээд байсан. Б.Буман-Учрал машинаас буугаад халзан толгойтой залуутай маргалдаж, барьцалдаж байхаар нь би бас машинаас буугаад салгах гэж байтал Э.Дашдэмбэрэл хүрч ирээд намайг заамдаж, доош нь дараад толгой руу нэг удаа цохисон. Би гарыг нь тавиулаад босож ирэхдээ зөрүүлээд нэг удаа цохьсон. Тэгтэл цаанаас бараг гэр бүлээрээ бид нарыг зодох гээд хөөгөөд байсан. Тэгж байтал цагдаа ирсэн. Намайг тэд нарын хажууд нь зүгээр зогсож байхад заамдаж цохисонд гомдолтой байна гэжээ. (хэргийн 88 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Чогдов мэдүүлэхдээ:

...Тэр өдрийн өмнөх өдрийн орой намайг ажлаасаа бууж байхад 2 залуу дугуйтай обуд авч ирээд, обудыг нь гагнаад өгөөч гэхэд нь би дугуйнаас салгаж авч ирэхгүй бол би дугуйг нь салгаж чадахгүй гэж хэлсэн. Тэр хүүхдүүд надаас обудаа авахдаа гагнуулсан хэсгийг өнгөлөөд өгөөч гэхээр нь би обудыг точилд барьж өнгөлж өгчихөөд, мөнгийг цааш нь өгөөрэй гэж хэлэхэд миний нүдэн дээр тооцоогоо хийгээд мөнгөө өгч байгаа харагдсан. Тэгээд би дараагийн гагнуурын ажлаа хийгээд байж байтал гэнэт хүмүүс бужигналдаад маргалдаад эхэлсэн гэжээ. (хэргийн 18, 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-У.Батхуяг мэдүүлэхдээ:

...2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед би Б.Буман-Учралын сэлбэг зардаг дэлгүүр дээр очоод амартизатор үзээд зогсож байтал тэр намайг
машинаараа Гандангийн тэнд хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Дэлгүүрт  нь цуг байж байсан танил Б.Түвшинзул, Ө.Ганпүрэв нартай хамт 4-үүлээ Гандангийн хойно байдаг засвар дээр очсон. Б.Буман-Учрал машинаас буугаад засварын газрын өндөр залуугаас “обудаа авъя” гэхэд дотор байгаа ороод үзээд авчих гэж хэлэхээр нь Б.Түвшинзул машиндаа үлдээд, Ө.Ганпүрэв, Б.Буман-Учрал бид 3 орж
үзэхэд обудыг муухай гагнасан байхаар нь гагнасан хүнээр гадуур нь унагасан гагнуурын баасаа арилгаад янзлаад өг гэж хэлж, янзлуулаад Б.Буман-Учрал мөнгөө өгсөн. Би обудыг өнхрүүлээд машины багажинд хийх гээд явж байтал араас өндөр залуу “дугуй салгаж өгсний мөнгөө өгөөрэй” гэж хэлэхэд нь
Б.Буман-Учрал 40 000 төгрөгөөс авдаггүй юм уу, гэтэл нөгөө залуу үгүй гээд
ярилцаж байх хооронд би дугуйг нь багажинд хийчихээд хөдлөх гэж байтал нэг настай аав нь гэх хүн гарч ирээд “мөнгөө өгч чадахгүй, арчаагүй новш” гээд над дээр хүрээд ирэхээр нь би “надад ямар хамаатай юм бэ, та нар өөрсдөө цаанаа учраа олооч” гэж аавд нь хэлсэн. Гэтэл цаанаас халзан толгойтой хүү нь гарч ирээд шууд машины цонхоор орж, түлхүүр сугалж авчихаад “мөнгөө өгч байж явна” гээд байсан. Тэр үед Б.Буман-Учрал машинаас буугаад чангаар “яагаад байгаа юм бэ, та нар чинь” гээд яваад очтол урдаас нь нөгөө халзан толгойтой залуу ирээд Б.Буман-Учралтай барьцалдаж, зууралдаад байхаар би хажууд нь очоод “түлхүүрээ авъя” гээд зуураад байж байтал цаанаас хамгийн эхний өндөр залуу хүрч ирээд намайг алгадсан. Тэгээд би нүүрээ дараад доошоо хараад, буцаад өндийгөөд хартал Ө.Ганпүрэвтэй зууралдсан зогсож байсан. Тэгтэл аав нь намайг “нусан чавхнууд” гээд хөөгөөд байхаар нь би зугтаагаад замын нөгөө талд гараад зогсож байтал араас Ө.Ганпүрэв бас зугтаагаад хүрээд ирсэн. Хэрүүл маргаан болж байхад Б.Түвшинзул огт оролцоогүй, цаана зогсоод утсаараа оролдоод байсан. Тэгээд замын нөгөө талд Ө.Ганпүрэв бид хоёр зогсож байтал тэр хүмүүс Б.Буман-Учралтай маргалдаад байх шиг байсан. 2000 төгрөгөөс болж маргалдаж эхэлсэн. Намайг замын нөгөө талд гараад зогсож байхад халзан толгойтой залуу Б.Буман-Учралыг газар унагаасан, дээр нь байж байсан. Өндөр залуу нь аавтайгаа Ө.Ганпүрэв бид хоёрыг хөөж элдээд байсан. Харин өндөр залууг нь Ө.Ганпүрэв яаж, хаана нь, юугаар цохисоныг хараагүй гэжээ. (хэргийн 20, 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Түвшинзул мэдүүлэхдээ:

...Би утсаараа ярьж байсан. “Мөнгө нь байвал өгчихөөч дээ гээд хэлэхэд Б.Буман-Учрал “байхгүй юм чинь яах юм, угаасаа 40 000 төгрөг гэж тохирсон” гээд сууж байтал нэг настай хөгшин ах “мөнгөө өг” гээд маргалдаад байсан. Тэгтэл У.Батхуяг “надад хамаагүй” гээд тэр хүний урдаас хэрүүл хийгээд зогсож байтал цаанаас нь халзан толгойтой залуу ирээд машины түлхүүрийг нь сугалаад авсан. Тэгтэл У.Батхуяг машинаас буугаад “яагаад байгаа юм бэ” гээд хэрэлдээд байж байтал түүнийг нэг нь алгадаад авах шиг болсон чинь Б.Буман-Учрал “ямар дээрэлхүү юм бэ, болиоч” гээд машинаас буугаад очсон чинь халзан толгойтой залуу Б.Буман-Учралтай зууралдаад бие биенийгээ цохиж, ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь машины ард сууж байсан Ө.Ганпүрэв бид хоёр машины хоёр талаар буугаад иртэл өндөр залуу хүрч ирээд Ө.Ганпүрэв бид хоёрыг цохих гээд байхаар би тэндээс зугтааж, хол очоод эргээд харсан чинь өндөр залуу нь Ө.Ганпүрэвийг заамдаад, доош дараад, заамдсан гараараа цохиж, түлхээд байсан чинь тэр цамцаа сунгуулан байж босож ирээд нөгөө залууг 1, 2 удаа цохисон чинь түүнийг заамдсан гараа тавьсан. Ө.Ганпүрэв, У.Батхуяг хоёр тэндээс зугтаагаад замын наана цаана ороод гүйлдээд, араас нь өндөр залуу аавтайгаа хөөгөөд байсан. Тэгтэл Б.Буман-Учрал замын хажуугийн зүлгэн дээр суугаад хөлөө барьсан байсан. Намайг цагдаа дуудчих гэсэн гэжээ. (хэргийн 22, 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Д.Мөнхбат мэдүүлэхдээ:

“...Б.Буман-Учралын дээрх гэмтлүүд нь тус тусдаа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, 2 өвдөг зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин 2 шүдний сулрал тусдаа хөнгөн зэрэгт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэв шүд унасан тохиолдолд гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, харин хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлж болно” гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13576 тоот дүгнэлтэд:

            1. Б.Буман-Учралын биед 2 шүдний сулрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсанд:

Э.Дашзэвэг нь ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсанд:

Э.Дашдэмбэрэл нь ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 72 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

           Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Дашзэвэгийг Э.Дашдэмбэрэлтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17 дугаар гудамжны 350 тоотод байрлах өөрийн дугуй засварын газрын гадна дугуй задлуулж, угсруулсны “2000 төгрөг төлсөнгүй” гэж  үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн Б.Буман-Учралыг зодож биед 2 шүдний сулрал зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэж,

шүүгдэгч Э.Дашдэмбэрэлийг Э.Дашзэвэгтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 17 дугаар гудамжны 350 тоотод байрлах өөрийн дугуй засварын газрын гадна “2000 төгрөг төлсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн У.Батхуягийг алгадаж, Ө.Ганпүрэвийг боох зэргээр хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          “Өөрийг нь заамдаж, доош дарсан гэж Э.Дашдэмбэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж, бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэж Ө.Ганпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгон, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулсан түүнд холбогдох эрүүгийн хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 сарын хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлага хүлээх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

  Э.Дашдэмбэрэлийн аав Б.Эрдэнэбат нь дугуй задлуулж, угсруулсны  “мөнгөө төл” гэж нэхэхэд Ө.Ганпүрэв, У.Батхуяг, Б.Буман-Учрал нар “мөнгө нэхлээ” гэж түүнтэй маргалдсанаас Э.Дашдэмбэрэл нь аавыгаа өмөөрөх сэдлээр Ө.Ганпүрэвтэй маргалдаж, улмаар түүнийг цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

  мөн  Ө.Ганпүрэв нь Э.Дашдэмбэрэлийг зодож, бие махбодид нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Э.Дашдэмбэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             Э.Дашдэмбэрэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” буюу 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 13 сар өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Э.Дашзэвэг нь хүмүүс хоорондоо ямар үндэслэлээр маргалдаж байгааг мэдээгүй атлаа “мөнгө төлсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан У.Батхуягийн асаалттай байсан машинаас түлхүүрийг нь сугалан, булаан авч, улмаар хохирогч Б.Буман-Учралтай маргалдан, түүнийг цохиж, бие махбодид нь 2 шүдний сулрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь

 хохирогч Б.Буман-Учралын

...гагнуурчин хөгшинтэй уулзаад 40 000 төгрөгөө өгөөд, обудаа аваад бүгдээрээ машиндаа сууцгаагаад хөдлөх гэж байтал цаанаас нэг ах “та нар зогс, мөнгөө өг” гээд орилоод байсан. Тэгээд тэр ах хүрч ирээд машин барьж явсан Хуягаатай дугуй задалсны мөнгөө өг гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь Хуягаа тэр талаар юу ч мэдэхгүй юм болохоор би хажуунаас нь “40 000 төгрөг өгөөд, дугуйгаа авна гэсэн шүү дээ, мөнгөө өгсөн” гэтэл Хуягаа машинаасаа буугаад тэр ахтай маргалдсан. Гэтэл цаанаас хүүхэд нь гэх халзан толгойтой залуу хүрч ирээд “яагаад мөнгөө өгөхгүй явах гээд байгаа юм” гээд машины түлхүүрийг шууд сугалж аваад, машины урд гараад зогссон. Тэгээд Хуягааг заамдаж аваад “мөнгөө өг, чи манай аав руу яах гэж чангаар орилоод байгаа юм” гэж маргалдаж байхад нь би машинаас бууж очоод хажууд нь зогсож байтал цаанаас бас нэг хүү нь бололтой өндөр туранхай залуу ирээд Хуягааг алгадаад авсан. Би дундуур нь ороод “болиоч” гэтэл хажуунаас нөгөө халзан толгойтой залуу намайг толгойгоороо тулж, түлхэж машины хамар копут дээр унагаад дээрээс нэг удаа цохисон. Тэгтэл ээж нь ирж, халзан толгойтой хүүгээ араас нь татаж салгахад нь би босоод ирсэн чинь ээж нь намайг цээж рүү алгадсан. Би тэр үед ээжтэй нь маргалдаад байж байтал тэр буцаж ирээд миний хоёр мөрнөөс бариад, доошоо дарсан. Би тонгойж байгаад сөхрөөд унасан чинь миний зүүн хөлийн тавхайн хэсэг дээр халзан толгойтой залуу гишгэсэн. Тэр үед хөл маш их өвдөөд ёолоод орилсон чинь ээж нь “чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд хажуунаас цохисон,

гэрч У.Батхуягийн ...замын нөгөө талд Ө.Ганпүрэв бид хоёр зогсож байтал тэр хүмүүс Б.Буман-Учралтай маргалдаад байх шиг байсан. 2000 төгрөгөөс болж маргалдаж эхэлсэн. Намайг замын нөгөө талд гараад зогсож байхад халзан толгойтой залуу Б.Буман-Учралыг газар унагаасан, дээр нь байж байсан,

гэрч Б.Түвшинзулын ...нэг настай хөгшин ах “мөнгөө өг” гээд маргалдаад байсан. Тэгтэл У.Батхуяг “надад хамаагүй” гээд тэр хүний урдаас хэрүүл хийгээд зогсож байтал цаанаас нь халзан толгойтой залуу ирээд машины
түлхүүрийг нь сугалаад авсан. Тэгтэл У.Батхуяг машинаас буугаад “яагаад байгаа юм бэ” гээд хэрэлдээд байж байтал түүнийг нэг нь алгадаад авах шиг болсон чинь Б.Буман-Учрал “ямар дээрэлхүү юм бэ, болиоч” гээд машинаас буугаад очсон
чинь халзан толгойтой залуу Б.Буман-Учралтай зууралдаад бие биенийгээ цохиж, ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь машины ард сууж байсан Ө.Ганпүрэв бид хоёр машины хоёр талаар буугаад иртэл өндөр залуу хүрч ирээд Ө.Ганпүрэв бид хоёрыг цохих гээд байхаар би тэндээс зугтааж, хол очоод эргээд харсан чинь өндөр залуу нь Ө.Ганпүрэвийг заамдаад, доош дараад, заамдсан гараараа цохиж, түлхээд байсан чинь тэр цамцаа сунгуулан байж босож ирээд нөгөө залууг 1, 2 удаа цохисон чинь түүнийг заамдсан гараа тавьсан. Ө.Ганпүрэв, У.Батхуяг хоёр тэндээс зугтаагаад замын наана цаана ороод гүйлдээд, араас нь өндөр залуу аавтайгаа хөөгөөд байсан. Тэгтэл Б.Буман-Учрал замын хажуугийн зүлгэн дээр суугаад хөлөө барьсан байсан,

шинжээч Д.Мөнхбатын ...Б.Буман-Учралын гэмтлүүд нь тус тусдаа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, 2 өвдөг зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин 2 шүдний сулрал тусдаа хөнгөн зэрэгт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарна гэсэн мэдүүлгүүд,        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13576 тоот дүгнэлтээр нотлогдон, тогтоогдож байна.

Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Э.Дашзэвэг нь “би хохирогч Б.Буман-Учралын шүдийг цохиж, гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж байгаа хэдий ч хохирогч хэрэг болсон 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хөлийн савхан яс хугарч,шүд хугарч, толгойдоо гэмтэл авсан гэж цагдаад гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлж өөрт учирсан гэмтлийг тогтоолгосон нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13576 тоот дүгнэлтээр тогтоогдож байх мөн түүнийг доош дарж унагах үед шүдэнд сулрал бүхий гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн гэмтлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Дашзэвэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар “бүлэглэж” үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Буман-Учрал нь 2 шүдэнд имплант, бүрээс, яс нөхөлт хийлгэх 7 048 000 төгрөг төлүүлнэ гэж байсан боловч мөрдөн байцаалтын шатанд Э.Дашзэвэгээс 3 500 000 төгрөг авч, нэмж мөнгө төлүүлэх шаардлагагүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Э.Дашзэвэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлаар төлөв, Н54 сохор ба хараа муудах өвчтэй эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу шүүх хэргийг хянан хэлэлцсэн болно.