Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0038

 

 

 

 

 

 

Г.Бын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Гуравдагч этгээд: А.Д

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 794 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч Т.Тайван

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0456/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Боос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12.099.969,00 хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүүг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч  байна. Үүнд: “...

3.1. ...Үндэслэх хэсгийн 11.1-д "... Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь нэхэмжлэгч Г.Быг өөрийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах талаарх саналыг түүний ажиллаж буй Эрүүл мэндийн яам, түүний эрх бүхий албан тушаалтанд бичгээр хүргүүлсэн байх, хариуцагчаас Г.Быг шилжүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн байхаас гадна, хариуцагч албан тушаалтнаас шилжүүлэх талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байх шаардлагыг тус тус урьдчилан хангасан байхаар ойлгоно" гэж үзжээ.

3.2. Тус яамнаас шилжүүлэн ажиллуулах тухай тушаал болон албан бичгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хүргүүлсний дагуу тус газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч Г.Б мэргэжилтний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулахаар түүнтэй утсаар удаа дараа холбогдсон байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд заасны дагуу албан хаагчийг албан тушаалд томилох тохиолдолд ийнхүү мэдүүлэг гаргуулдаг тул энэ нь нэхэмжлэгчийг холбогдох албан тушаалд томилох талаар байгууллагуудын удирдлагууд хоорондоо хэдийн харилцан тохиролцсон байсныг илэрхийлнэ.

3.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шаардлагатай байгаа Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоон дээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Г.Б мэргэжилтнийг шилжүүлэн ажиллах саналыг гаргаж, энэ асуудлаар 2 байгууллага хоорондоо удирдлагын түвшинд буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга нар шилжүүлэн ажиллуулах талаар мөн ийнхүү шилжүүлэн ажиллуулахдаа холбогдох хууль, журмыг баримтлан Г.Бын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй хэвээр хадгалах тухай харилцан тохиролцсон үйл баримт байдаг.

3.4. Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.5-д "Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно" гэж заасан ба нэхэмжлэгч Г.Б нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт томилогдон ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бичгээр гаргасан байдаг.

3.5. Үндэслэх хэсгийн 11.2-т "нэхэмжлэгчээс удирдлагын удаа дараагийн дарамтын улмаас шилжих тухай хүсэлт бичсэн гэх агуулга бүхий тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ" гэжээ. Дарамтлах гэдэгт өөрт ашигтай ямар нэгэн үйлдлийг хийлгэх зорилгоор бусдыг гутаасан, гол төлөв зохиомол мэдээ сэлтийг тараах, задруулахаар айлган сүрдүүлсэн үйлдэл хийхийг ойлгодог. Гэтэл удирдлагаас энэ хэлбэрийн үйлдлийг гаргасан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн гар утасны зурваст явуулсан үзлэгээр ч мөн удаа дараа дарамталсан үйл баримт байхгүй байхад шүүхээс "дарамталсан гэж үзэх үндэслэлтэй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэх хэсгийн 11.4-т ".. төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж заасныг зөрчсөн болох нь", "... Т3-7-оос Т3-6, үндсэн цалинг 1,392,567 төгрөгөөс 1,002,648 төгрөг болгон тус тус бууруулсан тогтоогдож байна" гэж үзсэн байна. Гэтэл бодит байдал дээр тус яам нь нэхэмжлэгч Г.Бын эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл, цалин хөлсийг бууруулж томилсон үг, үсэг, утга найруулга бүхий ямар ч тушаал, шийдвэр, баримт бичиг гаргаагүй бөгөөд болоогүй үйл явдлыг болсон мэтээр тооцож тайлбарласан байна.

3.6. Үндэслэх хэсгийн 11.6-д "... Г.Быг төрийн албаны өөр байгууллагад хууль бусаар шилжүүлэн нэхэмжлэгчийн төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаap хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул..." гэжээ. Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг үндэслэсэн, энэ тухайгаа тушаалд заасан тул хууль бусаар шилжүүлсэн гэж үзэхгүй байна. Мөн түүний төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бодит үйл баримт буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарласан томьёололтой батлагдсан хүчин төгөлдөр тушаал байхгүй болно.

3.7. Үндэслэх хэсгийн 12.1-д "... 127.2 Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно..." гэж үзэн шүүх нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг, цалингийн нэмэгдлийн зөрүү болон хоол, унааны зардлын хамт тооцож нийт 12,099,069 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсний улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан ямар ч бодит үйл баримт, тушаал, баримт бичиг, нотлох баримт байхгүй бөгөөд дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн заалт нь нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгох тухай заалт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь эрхэлж байсан албан тушаалын цалин хөлс болох 1,392,567 төгрөгийг олгох тухай юм.

3.8. Гэтэл шүүх хуулийн заалтад заагаагүй цалингийн нэмэгдлийн зөрүү болон хоол, унааны зардлыг олгохоор, нэмж тооцсон нь хууль бус байна. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох", 106.3.2 "захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох" заалтуудыг удирдлага болгосон байна.

3.9. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б/113 дугаартай "Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаал нь Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1 дэх хэсэг болон нэхэмжлэгч Г.Бын бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэж гаргасан захиргааны акт бөгөөд тус актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бодит үйл баримт байхгүй болно. Хэрэв шилжүүлэн ажиллуулж буй байгууллагын тушаалд урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл, цалин хөлсийг бууруулж тогтоосон бол зөрчил үүсэх байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус байх 7 нөхцөлийг заасан байдаг.

3.10. Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах Б/113 дугаар тушаал нь утга агуулгын илэрхий алдаагүй, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхой, Эрүүл мэндийн яам өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тус тушаалыг гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон нэхэмжлэгч, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй буюу хууль тогтоох байгууллагаac баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дээрх агентлагт шилжүүлсэн тусгай зөвшөөрлийг хариуцсан албан тушаалтнаар шилжүүлсэн, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой.

3.11. Түүнчлэн дээрх захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл бүрдсэн байсан бөгөөд тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтын дагуу "ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийг өмнө нь Эрүүл мэндийн яам хариуцдаг байсан ч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.13.15 дахь заалтаар тус чиг үүргийг Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харьяалуулсан. Үүнтэй холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт дээрх чиглэлийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг хариуцаж ажиллах албан хаагчийн албан тушаалыг шинээр бий болгож, газрын бүтэц, орон тоонд томилох зайлшгүй шаардлага үүссэн байсан болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хэргийг үндэслэлгүй өргөжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бодит шийдвэр бүхий тушаал гаргаагүй байхад гарсан мэтээр тооцож, шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь агуулгын хүрээнд дахин хянаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0794 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

                                                          

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Г.Боос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12.099.969,00 хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “ Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ганболдын Буянтогтохыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулах”-аар шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс “...удирдлагаас ажлын  байрны дарамт үзүүлж, шилжиж ажиллая гэсэн бичиг хийж өг, тэгэхгүй бол төрд эргэн орох эрхгүйгээр халагдана шүү гэж хуулийн хэлтсийн мэргэжилтнээр удаа дараа хэлүүлээд байсан тул аргагүйн эрхэнд дарамтанд орж 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ажлын бус цагаар 18 цаг 53 минутад “шилжүүлэн ажиллуулж өгнө үү” гэх хүсэлтийг бичиж өгсөн. ...миний бие сонсох ажиллагааны танилцуулгыг огт зөвшөөрөөгүй, харин төрийн захиргааны байгууллагад дүйцүүлэх ажилд томилуулах саналаа өгсөн, ...тушаалд томилогдон очих албан тушаалыг заагаагүй, цалин хөлсний асуудлыг тодорхой заагаагүй” гэж, хариуцагчаас “...эрхэлсэн албан тушаалын чиг үүргийн дагуу ...журмыг тус тус батлуулах ажлыг удаа дараа шаардуулсан ч хийж гүйцэтгээгүй. ...иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн шийдвэрлээгүй хүсэлт, өргөдөл гомдлын тоо ихсэж тэдний эрх ашиг хөндөгдөж, хохирол учрах бодитой нөхцөл байдал үүссэн, сонсох ажиллагаа ажлаас халах тухай байхад дүйцүүлэх албан тушаалд ажиллах хүсэлтийг гаргасан, хууль журмын дагуу шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гаргасан” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Оролцогчоос санал авах хуудас”-аас үзэхэд “...дээрх 2 журмыг батлуулах тухай Төрийн захиргааны удирдлагын газрын даргаас 2022-2023 онд удаа дараа шаардаж байсан нь Төрийн захиргааны удирдлагын газрын хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. ...хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар Төрийн албанаас халах тухай” гэж тушаалын товч утгыг танилцуулсны дагуу нэхэмжлэгчээс “...төрийн захиргааны төв байгууллагад дүйцүүлэх албан тушаалд ажиллах саналтай байна” гэх саналыг гаргасан байх бөгөөд хариуцагчаас сонсох ажиллагааг “төрийн албанаас халах” шийдвэрийн хүрээнд танилцуулсан хэдий ч маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн атал анхан шатны шүүхээс төрийн албанаас халах үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж, “...тус яаманд ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдол, албан бичиг, хүсэлтүүд тэдгээртэй холбогдох бусад баримтуудыг шүүх маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, ...хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, ... “зурвас”-ыг хариуцагчаас нэхэмжлэгчид илгээгээгүй гэж үгүйсгэн маргаагүй болохыг дурдаж, “удирдлагын удаа дараагийн дарамтын улмаас шилжих тухай хүсэлт бичсэн” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Учир нь нэхэмжлэгч нь “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулж, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа доголдоход хүрсэн, сонсох ажиллагаа ажлаас халах тухай байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шуурхай хурлын ирц, ажлын тэмдэглэлүүд, тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтүүд, оролцогчоос санал авах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Мөн удирдлагын удаа дараагийн дарамтын улмаас шилжих тухай хүсэлт өгсөн гэх тайлбарыг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. Учир нь дарамталсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, зөвхөн нэхэмжлэгчийн гар утсанд ирсэн "...аятайхан өнөөдөр ирээд ажлаа хүлээлцээд дараагийн асуудлаа нааштай шийдүүлэхээ бодсон нь дээр шүү. Эс бөгөөс халах тушаал гаргалаа шүү, Сн уу, ирж ажлаа хүлээлгэж өгнө үү, улсын ажил хэцүүдлээ" гэх зурвасыг үндэслэн “удирдлагын удаа дараагийн дарамтын улмаас шилжих тухай хүсэлт бичсэн” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй  байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-т “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зааж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар зохицуулсан.

9. Хэдийгээр хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан үндэслэлээр “төрийн албанаас халах”-аар сонсох ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгчийн бичгээр гаргасан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах” хүсэлтийг хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

10. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтын талаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд тус хуулийн тайлбар хэсэгт “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж тайлбарласан.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.

11. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж, 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албаны зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж, 2.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно” гэж тус тус заажээ.

12. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл албан ажлын зайлшгүй шаардлагад үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас төрийн өөр байгууллагад шилжүүлж болох бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ албан хаагч өөрөө зөвшөөрсөн буюу шилжин ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн, байгууллагын удирдлага хоорондоо харилцан зөвшөөрсөн зэрэг нөхцөл хангагдсан байхаар тусгагдсан байна.

13. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх хүсэлтийг бичгээр гаргасан болох нь тогтоогдож байх тул төрийн жинхэнэ албан хаагч өөрөө зөвшөөрсөн буюу шилжин ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

14. Түүнчлэн хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 03-н өдрийн 2/1401 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгчид маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүргүүлсэн байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 05-ны   өдрийн 01/1657 тоот “Тайлбар хүргүүлэх тухай”албан бичигт “...манай газарт дээрх чиглэлийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг хариуцаж ажиллах албан тушаалыг шинээр бий болгож, газрын бүтэц, орон тоонд томилох зайлшгүй шаардлага үүссэн, ...Эрүүл мэндийн яамнаас шилжүүлэн ажиллуулах тухай тушаал болон албан бичгийг ирүүлсний дагуу Г.Б мэргэжилтэнтэй удаа дараа холбогдоход тайлбар шалтгаануудыг хэлж, утсаа авахаа больсон” гэх үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба үүнээс үзэхэд байгууллагын удирдлагууд хоорондоо харилцан тохиролцсон байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй.

15. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/01 дүгээр тушаал хавсралтын 3 дугаар хэсгийн 5 дахь заалтаар “Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоог шинээр баталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтын дагуу "ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийг өмнө нь Эрүүл мэндийн яам хариуцдаг байсан ч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.13.15 дахь заалтаар тус чиг үүргийг Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харьяалуулсан. Үүнтэй холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт дээрх чиглэлийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг хариуцаж ажиллах албан хаагчийн албан тушаалыг шинээр бий болгож, газрын бүтэц, орон тоонд томилох зайлшгүй шаардлага үүссэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

16. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд “...гуравдагч этгээд А.Дыг нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн дээрх тушаалууд хэрэгжсэн байх тул Б/115 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна” гэж  анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

17. Харин нэхэмжлэгч Г.Б нь ямар албан тушаалд, ямар зэрэг дэвтэй, ямар цалингийн шатлалаар цалинжих нь тодорхойгүй, шилжүүлэн ажиллуулж буй албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, тухайн албан тушаалд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх талаар маргаан бүхий тушаалд тодорхой тусгаагүй зэрэг нь тухайн акт хэрхэн, яаж хэрэгжих нь ойлгомжгүй, актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүүг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН